Сурвалжлага: Багачууд энтеровируст дарлуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.05.15-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Багачууд энтеровируст дарлуулжээ

Сурвалжлага: Багачууд энтеровируст дарлуулжээ

Дулааны улирал эхэлж халдварт өвчний тархалт сургууль, цэцэрлэгт өндөр байгааг мэргэжлийн байгууллагаас сануулж буй. Энэ удаагийн сурвалжилгаа гар, хөл, амны өвчин буюу энтеровирусийн талаар бэлтгэлээ. 


14.00 цаг. Сүхбаатар дүүрэгт байрлах “Батцэцэг” өрхийн эмнэлэгт цэцэрлэгийн насны хоёр хүүхдээ дагуулсан ээж үзлэгийн өрөөний гадаа дугаарлан сууна. Гурав орчим насны хүү нь сандал дээр суухгүй уйлагнан ээжээсээ утас нэхнэ. Харин том охин нь томоотой гэгч нь ээлж дугаараа хүлээнэ. Түүнтэй хэсэг хором ярилцахад бага хүү нь цэцэрлэгээсээ өвчин “чирээд” ирсэн гэх. Учрыг тодруулбал, хүү нь хэд хоног уйламтгай, хоолондоо дургүй болж байсан гэлээ. Хэд хоногийн дараагаас амаар нь жижиг цэврүү туурч, маргааш нь гар, хөл гуяны орчимд улаан өнгөтэй жижиг тууралтууд нэмэгдсэн байна. Иймээс хүүхдээ өрхийн эмнэлэгт дагуулан ирсэн байлаа. Мөн тэрбээр өвөл хүүхдүүд нь ханиаднаас арай хийж “өндийж” байхад дахиад л өвчинд дарлуулж буй талаар хэллээ. Тэдний араас ханиад, томуу, гэдэс нь гүйлгэсэн зэрэг зовуурьтай багачууд мөн л эмнэлгийн нарийнхан коридорыг дүүргэжээ. Энэ бол ердөө нэг өрхийн эмнэлгийн жишээ. Цаашилбал, сургууль, цэцэрлэгт тус өвчний тархалт өндөр байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулав. Өрхийн эмчийн хэлснээр дээрх өвчнөөр өвдсөн багачуудын хөл хөдөлгөөн тасрахгүй байгаа аж. Тус өвчнөөр ихэвчлэн 10-аас доош насны хүүхдүүд өвчилдөг аж.

Ингэхдээ, бохир гар, вирусээр бохирлогдсон ус, хүнс, эд зүйлс, амьсгалын замаар халдварладаг. Мөн ойр орчимд байгаа халдвартай хүн ханиах, найтаах, нус цэрээ хаях үед халдвар тархдаг аж. Түүнчлэн гар, хөл, амны өвчнөөр өвдсөн бол ядрах, хоолны дуршил буурах, бага насны хүүхэд хөхөө хөхөхгүй болох, хоолой өвдөх, халуурах, амны салст, завж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гарах шинж тэмдэг илэрдэг байна. Дэгдэлтийн хувьд энтеровирус үүсгэгч нь дөрвөөс доош температурт амьдрах чадвартай.

Энэхүү вирус нь хүйтэнд тэсвэргүй учраас зун болон намрын эхэн сард тархах хандлагатай байдаг. Улирал солигдох дулаарах үед улаан бурхан, менингит, томуу, томуу төст өвчин, гар, хөл, амны өвчин зэрэг амьсгалын замаар халддаг өвчнүүдийн өвчлөл нэмэгддэг болохыг эмч нар хэллээ.

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ХАЛДВАР ИДЭВХТЭЙ БАЙНА

Сүхбаатар дүүрэгт байрлах дугаар цэцэрлэгт хүүхдээ авахаар ирсэн иргэн Т.Энхбаяр “Цэцэрлэгт гар, хөл, амны өвчин их байгааг багш нар хэлж сануулсан. Манай хүүхдийн цэцэрлэгт өглөө ороход нь багш нар нь гар, хөл, амыг нь шалгаж байж оруулдаг. Нэг хэсэг цэцэрлэгт нь өвчин гарсан уу яасан хүүхэд цөөнтэй байсан. Хүүхдийнхээ дархлааг аль болох дэмжихийг л бодож байна. Ер нь хүүхдүүд өвөлжин ханиаданд нэрвэгдээд дархлаагүй болчихсон байна. Эмэнд наад зах нь 100 мянган төгрөг зарцуулдаг” гэлээ.

Тус цэцэрлэгийн багшаас тодруулахад нэрээ нууцлахыг хүсэн “Дөрвөн сараас эхлээд хүүхдүүд мэр сэр тууралттай ирж байсан.  Одоо бол байнга л нэг нэгээрээ өвдөж байна. Бид дотоод халдвар хамгааллаа сайн сахисан ч ээж аавууд, хүүхдийнхээ гарыг угаалгах, хумсыг авах, шаардлагатай тохиолдолд маск зүүлгэх хэрэгтэй байна. Бүх зүйлийг багшид даатгаж болохгүй шүү дээ. Бидний зүгээс хүүхдүүдээ өглөө гарыг нь шалгаад авдаг. Зарим тохиолдолд нууц үедээ байдаг юм уу, бүү мэд. Долоо хоног өвдөөд ирлээ гэж ээж, аав нь хэлдэг. Тиймээс аль болох дархлааг нь дэмжиж, гэр оронд нь эрхтэн унтуулж, ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй” гэлээ. Мөн улсын цэцэрлэг гэлтгүй хувийн цэцэрлэг ялгаагүй өвчлөл их байгааг эцэг эхчүүд хэлж байлаа.

ЖИЛ БҮРИЙН ХАВАР НАМАР ЭНТЕРОВИРУС ИДЭВХЖДЭГ

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзулаас тодрууллаа.

-Гар хөл, амны өвчлөлийн тархалт нэмэгдэж байгааг эцэг, эхчүүд хэлж байна. Юунаас болж халдварлаж байна вэ?

-Гар хөл, амны өвчин вирусээр үүсгэгддэг. Халдвар ахуйн, амьсгалын замаар дамждаг. Гар, хөл, амны өвчин цар тахлын өмнө дулааны улиралд идэвхждэг байсан. Манай Монгол Улсад хаврын улиралд тархалт өндөр болоод хүүхдүүдийн дунд тархдаг. Намар мөн идэвхждэг өвчин л дөө. Цар тахлын үеэр бусад халдварт өвчин харьцангуй тархалт багатай байсан. Цар тахал буурч буй үед эргээд бусад бүртгэгддэг халдварт өвчин сэргээд ирж буй дүр зураг харагдаж байна. Өмнө нь гарч байсан өвчлөлөөс энэ жилийн гар хөл, амны өвчлөл, салхин цэцэгийн өвчлөлөөс өмнөх улирлаас нэмэгдсэн зүйл байхгүй байна. Бага насны хүүхдийн дунд тархалт өндөр байдаг учраас цэцэрлэгт явдаг хүүхдүүд халдвар, хяналтын дэглэмийг сайн сахиж, гаднаас орж ирэхэд нь гар хөлийг нь угаалгах, цэцэрлэг, хүүхдийн байгууллагад халдварын дэглэмийг сайтар сахих хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ дархлааг нь дэмжих, гадаргуу хүрэлцэж буй зүйлсийг угааж, цэвэрлэх ёстой.

ХӨСҮТ-т тус өвчнөөр хэдэн хүүхэд эмчлүүлж байна вэ. Хүндэрвэл ямар арга хэмжээ авч байна вэ?

-Одоогоор манай клиникт сүрьеэ, салхин цэцэг, гар хөл амны өвчин гэх зэргээр хэвтэн эмчлүүлж байна. Гэхдээ харьцангуй их ор эзэлж буй зүйл байхгүй байна.

-Эцэг эхчүүдэд анхааруулж юуг хэлэх вэ?

-Хаврын улиралд ахуйн замаар дамждаг халдварт өвчин жилийн жилд гарч байдаг. Монголчууд цар тахлын үеэр халдварт өвчин, урьдчилан сэргийлэлт талаар нэлээд сайн ойлголттой болсон. Тэгэхээр амны хаалтыг гадуур явахдаа зүүж, гараа тогтмол угааж хэвшүүлье. Хүүхдүүдийг мөн адил. Тухайн хүүхдийн цэцэрлэгт өвчлөл гарсан тохиолдолд тодорхой хугацаанд гэртээ байлгаж, тусгаарлан шинж тэмдэг илрэх эсэхийг ажиглах хэрэгтэй. Хэрвээ шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандах хэрэгтэй.

ХАЛДВАР АВСАН ҮЕД АНТИБИОТЕК ӨГӨХ БУС ДАРХЛААГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

НЭМҮТ-ийн эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаагаас тодрууллаа.

-Хүүхэд нь өвчилсөн бол эцэг, эхчүүд ямар эмчилгээ хийж, юуг анхаарах ёстой вэ?

-Гар хөл, амны өвчний үед эцэг эхчүүд дур мэдэн антибиотик уулгах тохиолдол байдаг. Энэ өвчин энтеровирусээр үүсгэгддэгээс гадна тухайн вирус нь биед өвчин үүсгэгч нянгаас гадна, биед хамгаалалт өгч байдаг ашигтай нянгуудыг маш их хэмжээгээр устган, сүйтгэдэг онцлогтой өвчин үүсгэгч учир антибиотик нөлөөлдөггүй. Үүнээс болж хүний биеийн дотоод орчныг хамгаалж байдаг нянгын тэнцвэр алдагдахад дархлаа суларч өвчлөх нь бий. Эхний 4-5 хоногт илчлэг сайтай хоол хүнс өгөх, сайн унтуулж амраах, дулаан хувцаслах, асаргаа сувилгаа сайн хийсэн тохиолдолд ямар нэг эмчилгээ шаардахгүй аяндаа эдгэх боломжтой. Хүүхэд дархлаа сул, жин бага, асаргаа сувилгаа сул бол бусад халдваруудтай хавсарч хүндрэх эрсдэл өндөр байдаг. Хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.

Хэвтэн эмчлүүлж буй тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээ, шинж тэмдгийн эмчилгээг хийнэ. 7-14 хоногийн хугацаанд эдгэх боломжтой байдаг.

-Сүүлийн үед хүүхдүүдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдсэн учраас эмч нар анхааруулж байгаа. Өвчлөгсдийг насны байдлаар авч үзвэл?

-Хүн амзүйн бүтцээр авч үзвэл бага насны хүүхэд өвчлөх нь зонхилж байна. 0-5 насны хүүхдүүд зонхилон өвдөж байна гэсэн статистик үзүүлэлт байдаг. Одоогийн байдлаар нийт өвчлөгсдийн 94.6 хувь 0-14  насныхан. Үүний дотор 86.7 хувь нь 0-4 насныхан байгаа. Өнгөрсөн долоо хоногт яаралтай тусламжийн тасагт үзүүлэн хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 20 орчим байна.

Өрхийн эмнэлэг болон ХӨСҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар ирж үйлчлүүлж байгаа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн дийлэнх нь:

  • салхин цэцэг
  • гар, хөл, амны өвчин
  • энтеровирусийн халдвар зонхилж байна. Мөн сүүлийн үед covid-19-ийн  халдварын тохиолдол ч нэмэгдэх хандлагатай байна.

Энэ оны эхний гурван сард гар, хөл, амны өвчний нийт 507 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэнийг дараах мэдээллээс харах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж