Төр, хувийн хэвшлийн өрсөлдөөнд ялагч гэж байхгүй

Хуучирсан мэдээ: 2023.05.15-нд нийтлэгдсэн

Төр, хувийн хэвшлийн өрсөлдөөнд ялагч гэж байхгүй

Төр, хувийн хэвшлийн өрсөлдөөнд ялагч гэж байхгүй

Эргэн сануулахад, 1991 онд их хувьчлалыг цэнхэр, ягаан өнгөтэй хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эхлүүлсэн төр өнөөдөр хувийн хэвшилтэй өрсөлдөж, чөлөөт зах зээлийн боломжийг хамгийн ихээр чөдөрлөж байна. Улсын өмч дангаараа ноёрхох үйл явц сүүлийн жилүүдэд улам эрчимжлээ. Төртэй өрсөлдөж бизнес хийх, тогтвортой үйл ажиллагаа явуулна гэдэг туйлын амаргүй болсныг бизнес эрхлэгчид учирлан ярьж, өгүүлж байна. Баялаг бүтээгчдийн тэвчээр алдарч, тамир тэнхээ барагдаж эхэллээ. Цар тахлаас ч илүү дарамт, шахалтыг төр өөрөө үлгэрлэн үзүүлж, 30 жилийн ололт, амжилт тэр хэрээр бүдгэрч байна.

Татвар, нийгмийн даатгал, бусад төрлийн хураамж, шимтгэл, торгуул хэрээс хэтэрлээ. Хувийн хэвшлийн орон зай хумигдаж, харин төрийн талбар цар хүрээгээ улам тэллээ. Төр данхайсаар, төрийн өмч зузаарсаар байна. Хураадаг, төвлөрүүлдэг мөнгө нь нэмэгдлээ. 30 жилийн тэртээх ололтоо засаг төр өөрсдөө үгүйсгэн баллуурдаж, аж ахуйн үйл ажиллагаа руу давшин оров. Компани байгуулж, өөрөө өөртөө ажил олгогч нь боллоо. Ашигтай, хамгийн их мөнгө эргэлдэх салбарт төр БЭТ томилж, эрх дархаа үзүүлж байна. Төр хэмээх ганцхан тоглогч зах зээлд дураараа ийнхүү авирлан үлдэж, бусад нь буланд шахагдаж байна. Ийм орчин нөхцөл, уур амьсгал нийгэмд гүн гүнзгий бүрдсэн байхад гадаад дотоодын хөрөнгө оруулалт гэж яриад тусыг эс олно.

Хөрөнгө оруулалт их хол сонсогдож байгаа биз. Хөрөнгө оруулагчид энэ байдлаас дайжиж, Монгол Улстай түншлэх харилцаагаа хүртэл эргэн харж эхэлж байна. Хөрөнгө оруулалтын орчин ердөө сайжирсангүй. Төр хөрөнгө оруулалт татах ажлаа нэр төдий хийж, үргээх ажиллагааг санаатай, санаандгүй гарамгай зохион байгууллаа. Үр дүнд нь ам.долларын ханш 3500 хүрсэн. Хүний эрхэнд төр хамгийн ихээр халдаж зүрхэллээ. Хүмүүсийн ахуй амьжиргаа ч энэ хооронд дээшилсэнгүй, харин уруудлаа. Төрийн бизнес дэх оролцоогоо өргөжүүлж, олон салбарт охин компани байгуулж амжжээ. Бизнест төр л хөгжмөө захиалж, орлогын үүдийг ганцаараа эзэгнэж байна. Хувийн хэвшил энэ байдлаар устах нь. Чөлөөт зах зээл боомилогдож, төр бүхнийг нийгэмчилж байсан тэр үе дахин амилж, сэрж байна.

Хуульчлагдсан дарангуйлал бизнесийг мохоож, баялаг бүтээгчдийг өнөөдрийн буруутан, дайсан болгон харагдуулах ойлголтыг төр нийгэм рүү тасдан чулуудаж, олон нийтийн оюун санааг сэвтээн бохирдуулж байна. Реформ авчирсан бүхэн хэлмэгдэж, мөрөөрөө бизнес эрхэлж, ажлын байр бий болгосон, татвар хураамжаа үнэнч шударга төлж ирсэн хэсэг нь төрийн PR ажиллагааны ачаар олон нийтдээ ад үзэгдэж байна. Хөгжлийн банк, ЖДҮ-ийн сангаас зээл авч чадаагүй нь хохь болж байна. Хувийн хэвшил үгүй бол татвар үгүй. Татвар үгүй бол төр үгүй. Ажлын байр үгүй. Харамсалтай нь үүнийг төр огоорч ухаарсангүй бололтой. Өмчөө олон нийтэд хувьчлах бус өөртөө хуримтлуулан хурааж, эрх мэдлийн дарангуйллын нөлөөгөө үүгээр бэхжүүлж байна. Биржээр арилжаалах нь тунхаг төдий байсаар.

Улсын хэмжээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчийн үйлдвэрийн газрын тоо 100 хол давсан. Тэд төсөвт алдагдал нэмж, улсад өр үүсгэж байгаа. Ашиг бус авлага нь өнөөдрийн төртэй холбогдсон компани, аж ахуйн нэгжийн нийтлэг дүр төрхийг илтгэнэ. Төрийн өмчит хувьцаат компаниудын нийт хөрөнгө 53 их наяд атлаа ашиг нь 300 тэрбумаар хэмжигдэнэ. Уул уурхайн гарын таван хуруунд багтах компаниуд энэ ашгийг бараг л дангаар бий болгож, үлдсэн 90 гаруй хувь нь алдагдал үйлдвэрлэнэ. Нийт төрийн мэдлийн 90 гаруй хувьцаат компанийн 45 хувь нь энэ байдлаараа дампуурах магадлал өндөр, 25 хувь нь санхүүгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Ийм судалгааг СЭЗИС-ийн Эдийн засаг, санхүү хариуцсан проректор хэлжээ.

Төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, ашигтай ажилладаг болгох гарц, шийдэл бол хөрөнгийн зах зээл. Нээлттэй, ил тод, сайн засаглалыг бэхжүүлэх, бизнесийн  зарчмаар орших орон зайг хөрөнгийн зах зээл бүрдүүлдэг гэдгийг “Монгол Шуудан”-гийн жишээ тод харуулдаг. Тус компанийн 34 хувийг биржээр дамжуулан 2016 онд олон нийт, ард иргэдэд хувьчилж байсан. Үр дүнд нь компанийн цэвэр ашгийн хэмжээ 10 дахин, хувьцааны үнэ нь тав дахин өссөн. Энэ жишгээр хөрөнгийн зах зээлд төрийн өмчид компаниудаа олон нийтийн компани болгож, баялгийн хуваарилалтыг оновчтой зохион байгуулах боломжийг бүрдүүлээсэй. Хувийн хэвшилтэй өрсөлдөж байгаа бүх төрийн өмчит компанийг олон нийтийн болгож өөрчлөх цаг ирсэн. Ингэснээр төрийн өмчит компаниудад салхи орж, хувийн хэвшилд орон зай гарна. Бизнес зах зээлийн жамаараа хөгжих, урагшлах үүд хаалга цэлийн нээгдэнэ. Хөрөнгийн зах зээл хөгжиж, төр ганцаараа баяжих бус улсаараа урагшлах боломж нэмэгдэнэ.

Р.Шинэгэрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж