Дайны II үе: Украины сөрөг довтолгоо

Хуучирсан мэдээ: 2023.05.15-нд нийтлэгдсэн

Дайны II үе: Украины сөрөг довтолгоо

Дайны II үе: Украины сөрөг довтолгоо

Украин улс Оросын нутаг дэвсгэрт довтлохын тулд бус, оросуудын эзэлсэн бүс нутгийг чөлөөлөх зорилготой сөрөг довтолгоонд бэлтгэж байгааг Киевийн ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр мэдэгдлээ. Берлин хотноо Германы канцлер Олаф Шольцтой хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Зеленский хэлэхдээ, Украины зорилго бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд газар нутгаа чөлөөлөх явдал гэж хэлэв.

Харин "Вашингтон Пост" сонин АНУ-ын тагнуулын нууц задруулсан баримтуудаас иш татан мэдээлэхдээ,  Зеленский Оросын нутаг дэвсгэрээс тохиромжтой бүс нутгийг эзлэх гэж оролдох тухай мэдээлсэн.

Ингэснээр 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн дайныг зогсоох энх тайвны хэлэлцээнд Зеленскийд Москватай хэлэлцэх барьцаа бий болох гэнэ. Гэхдээ энэ нь түүнийг Орос  руу довтлоход зэвсгээ ашиглаж болохгүй гэж шаарддаг барууны засгийн газруудтай зөрчилдөхөд хүргэнэ.

Энэ мэдээллийн талаар асуухад  Зеленский, "Бид Оросын нутаг дэвсгэрт халддахгүй.  Бид өөрсдийн хууль ёсны газар нутгаа чөлөөлнө" гэж хариулжээ.  “Бидэнд (Орос руу довтлох) цаг хугацаа ч, хүч чадал ч байхгүй. Мөн бидэнд үүнийг хийж чадах зэвсэг байхгүй” гэж хэлснийг албан ёсны орчуулагч хэлэв.

“Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн хуулиар тогтоосон хууль ёсны хилээ үндэслэн хууль бусаар эзлэгдсэн газар нутгуудын эсрэг довтолгоонд бид бэлтгэж байна" гэж Зеленский хэлснийг хэвлэлүүд онцолж байна.

Зеленский өнгөрсөн долоо хоногт Итали, Герман зэрэг барууны холбоотон орнуудад айлчилсан. Тэрбээр Оросуудын түрэмгийллийг сааруулахын тулд улс орондоо нэмэлт зэвсэг авах, мөн жил гаруйн хугацаанд үргэлжилж буй дайны улмаас сүйрсэн хотуудыг сэргээн босгоход хөрөнгө олох зорилгоор холбоотнуудад айлчилжээ. Тэрбээр Луфтваффын онгоцоор Ром хотоос Берлин рүү нисч очсон байна.

Өмнө нь түүний Германд хийх айлчлалын талаарх мэдээлэл задарснаар цуцлагдаж магадгүй гэж байсан ч Зеленскийд аюулгүй байдлаас нь илүү улс орондоо дэмжлэг авчрах нь чухал байсан бололтой.

Энэ нь түүний дайн эхэлснээс хойш Берлинд хийсэн анхны айлчлал бөгөөд Германы засгийн газар Украинд танк, агаарын довтолгооноос хамгаалах систем, сум зэрэг 2.7 тэрбум евро буюу 3 тэрбум ам.доллар давсан үнэ бүхий цэргийн тусламжийн шинэ багцыг илгээхээ зарласан.

Зеленский Германы улс төр, санхүү, цэргийн дэмжлэгт талархал илэрхийлж, Берлин нь Украинд үзүүлж буй тусламжийн хэмжээгээрээ АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгааг онцолжээ.

Мөн Германы канцлер Олаф Шольцоп хандан хамгийн том хандивлагч болох ч боломжтой гэж хошигносон байна.

Уулзалтын дараа Зеленский “Германы агаарын довтолгооноос хамгаалах систем, их буу, танк, явган цэргийн байлдааны машинууд Украины иргэдийн амийг аварч, биднийг ялалтад ойртуулж байна. Герман бол найдвартай холбоотон! Бид хамтдаа энх тайвныг ойртуулж байна!" гэж  твиттерт жиргэжээ. Харин Шольц мэдэгдэлдээ, “Берлин одоогийн байдлаар Киевт 17 тэрбум еврогийн хоёр талын тусламж үзүүлээд байгаа бөгөөд цаашид ч илүү ихийг өгч чадна” хэмээгээд “Цэргээ татах замаар дайныг зогсоох нь Оросоос хамаарна” гэж мэдэгджээ. Анхандаа Герман улс Украинд цэргийн тусламж үзүүлэхдээ цааргалсан байр суурьтай байсан бол өдгөө зэвсэг нийлүүлэгч хамгийн том хандивлагчдын нэг боллоо. Тухайлбал, “Leopard 1, 2” байлдааны танк, “IRIS-T SLM” агаарын довтолгооноос хамгаалах нарийн систем зэрэг зэвсгийг Украинд өгөхөөр болов.

Оросын цэргүүдийн эсрэг хийх төлөвлөгөөтэй сөрөг довтолгоогоо амжилттай явуулахад Украинд барууны орчин үеийн техник хэрэгсэл чухал гэж үздэг.

Зеленский айлчлалын өөр нэг чухал шалтгаан нь Оросын агаарын ноёрхлыг эсэргүүцэхэд шаардлагатай байлдааны онгоцоор Украиныг хангах "сөнөөгч онгоцны эвсэл" байгуулах явдал гэж мэдэгдэв.

Герман өмнө нь Украинд хэрэгтэй “F-16” сөнөөгч онгоц байхгүй гэж мэдэгдэж байсан. Харин Шольц Украинд өгсөн агаарын довтолгооноос хамгаалах системийнхээ талаар лавласан асуултад “сөнөөгч онгоц нийлүүлэх боломжтой” гэж хариулсан юм.

Шольц, Зеленский нар уулзалтынхаа дараа хийсэн хамтарсан мэдэгдэлдээ, Украинд харгислал үйлдсэн этгээдүүдийг шүүх хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах тушаал гаргасныг дурджээ. Тэд мөн Оросын эсрэг хориг арга хэмжээг аливаа орон тойрч гарахгүй байх талаар болон Украинд учруулсан хохирлыг барагдуулахын тулд Оросын битүүмжилсэн хөрөнгийг ашиглах боломжийг судлахаа амлав.

Герман улс нь  Киевийн Европын холбоонд элсэх хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлж, 2008 онд НАТО-гийн гишүүд Украиныг цэргийн эвсэлд нэгдэх замыг засна гэсэн амлалтаа биелүүлэхийг уриалсан байна.

Шольц болон бусад өндөр албан тушаалтнуудтай канцлерийн байранд уулзсаны дараа Зеленскийд болон Украины ард түмэнд олгосон Карлын нэрэмжит олон улсын шагналыг авахаар баруун нутгийн Аахен хотод очжээ.

Уг шагнал нь Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины эсэргүүцэл, тэмцэл нь "эх орныхоо бүрэн эрх, иргэдийн амь насыг хамгаалах төдийгүй Европ, Европын үнэт зүйлсийг хамгаалсан" гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж мэдэгджээ.

Энэ хооронд Украины өмнөд хэсгийн Херсон мужид Оросын их бууны сум дэлбэрч, таван энгийн иргэн амиа алдсан гэж Зеленскийн ахлах туслах Андрей Ермак Ням гаригт мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж