Сурвалжлага: НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн 1000 мод тарилаа

Хуучирсан мэдээ: 2023.05.14-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн 1000 мод тарилаа

Сурвалжлага: НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн 1000 мод тарилаа

Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэдэг. Жил бүрийн тав, аравдугаар сард "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу балчир хүүхдүүдээс эхлээд настан буурлууд ч байгалиа хамгаалан мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэхэд нэгдэж байна. Нийслэлчүүд хотынхоо өнгө төрхийг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаардаг болсон. Тэр ч утгаар хаврын мод тарилтад гэр бүл, хамт олон, ангиараа нэгдэх хүмүүсийн тоо өсчээ. Тиймээс бид үндэсний мод тарих өдрийг угтаж энэ сарын 13-22-ныг дуустал "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д зохион байгуулах мод тарих ажлын нэг өдрийг сурвалжиллаа.

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлж эхлээд 14 жилийн нүүрийг үзжээ. 2009-2020 он хүртэлх 11 жилд нийт 110 мянган мод тарьсан аж. Харин 2021 оноос хойшхи сүүлийн хоёр жилд 50 мянган мод цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарьжээ. Мод тариад орхидог моод ард хоцорч, тарьсан бол арчилж, хамгаалж, дахин нэмж тарьдаг шинэ үеийн жишиг хэдийнэ тогтсон болохыг мэргэжлийн инженерүүд хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны тавдугаар сарын 14-ний өдрийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан байдаг. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг билээ. Мод тарихад иргэдийн идэвх санаачилгаас гадна мэргэжлийн инженер, техникч, цэцэрлэгчдийн гар, сэтгэл, зүтгэл нийлж хамтын үр дүн гаргадаг. Одоогоор цэцэрлэгт хүрээлэнгийнхэн 2020 оноос өмнө тарьсан 110 мянга, 2021 оноос хойш тарьсан 50 мянга, нийт 160 мянган моддыг 98,5 хувийн амьдралтай ургуулж байгааг хэллээ. Мөн сүүлийн хоёр жилд 150 мянган харандаан мөчир бэлдэн ойжуулалтын хэлбэрээр Туул голын эргийн хамгаалалтад "Ногоон хэрэм" зурвас үүсгэн мод тарилт хийж байгаа бөгөөд  60 га газрыг нөхөн сэргээн зүлэгжүүлж, 50-80 мянган нэг наст цэцэг арчлан ургуулж байгааг онцолсон юм.

Мод тарих хүсэл сонирхолтой иргэд нэмэгдэж, хэрэгцээ шаардлага ч их байгаа учир Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нэг га талбайтай мод үржүүлгийн газраа 2022 оноос дөрвөн га газар болгон өргөтгөсөн байна.

НИЙСЛЭЛ БОЛОН ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ 5000 ДАХЬ МОДОО ТАРИЛАА

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан 1000 мод тарих ажлыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ хүрээнд НИТХ-ын төлөөлөгчдөөс гадна дүүргүүдийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид ирж мод тарих ажилд нэгдсэн юм. Хаврын бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан Нийслэл болон дүүргийн Иргэдийн хурлын эмэгтэй төлөөлөгчид жил бүр уламжлал болгон мод тарьдаг. Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр /2023.05.14/ иргэд, аж ахуй нэгж байгууллагууд, Монголын оюутны холбоо болон төгсөгчдийн холбоо хамтран мод тарилаа. Мөн мод тарих өдөрт УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа оролцож, энэхүү байгальд ээлтэй үйл ажиллагааг боломжит бүхий л түвшинд дэмжиж, хамтарч ажиллахаа онцолсон юм.

Нийслэлийн ИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.МЯГМАР:

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөл 2021 оноос хавар, намартаа 1000, 1000 мод буюу жилд 2000 мод тарьж байна. Энэ хавар бид 5000 дахь модоо тарьж байна гэсэн үг. Хүн бүр мод тарьж байж байгаль экологи маань зөв зүй тогтлоо олно. Нөгөө талаасаа хүн бүрийн үүрэг оролцоо чухал учраас НИТХ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөл маань дүүргүүдийн эмэгтэй төлөөлөгчдөө урьж 1000 мод тарих ажлаа эхлүүлээд байна.

Дүүргүүдийн ИТХ-ын дэргэд эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдаж байгаа нь олон давуу талтай. Нийгмийн олон талт үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо, манлайлал чухал байгаагаас гадна мод тарих ажилд давлагаа үүсгэж, манлайлж байгаа нь чухал үүрэгтэй гэж харж байна.

Мөн тарьсан моддыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн 100 хувь арчилж, ургуулж байгаа учир мод тарихад бид бүхэн ач холбогдол өгөхөөс гадна ургуулахдаа ч давхар анхаарал хандуулдаг жишигтэй болсон. Тиймээс 5000 дахь модоо төлөөлөгчдийн хамт тарьж байгаадаа баяртай байна.

 

ЭЭЖҮҮД, ГЭР БҮЛИЙН ТӨГЛИЙН МОДОД 98,5 ХУВИЙН АМЬДРАЛТАЙ УРГАЖ БАЙНА

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.ОЮУНЗУЛ:

-Өнөөдөр гэр бүлийн өдөр тохиож байна. Тиймээс эмэгтэйчүүд манлайлж гэр бүлийн өдрийн хүрээнд 5000 дахь модоо тарилаа. Бид ээжүүдийн төгөл, гэр бүлийн төгөл гэдэг нэртэйгээр моддыг 1000, 1000-аар  тарьж, ургуулаад гурав дахь жилдээ энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн хугацаанд бидний тарьсан моднууд 98,5 хувийн амьдралтай ургаж байгаа.

Модыг тарьснаас хойш гурав ба түүнээс дээш жилийн хугацаанд манай мэргэжилтнүүд жилийн дөрвөн улиралд арчилж ургуулдаг. Энэ хаврын тариалалтаар 10 төрлийн 10 мянган мод тарьж байна. Мөн энэ намар 10 мянган тарихаар төлөвлөсөн.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд 973 га газарт мод тарилтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Өнгөрсөн хугацаанд нэгдүгээр ээлжийн 183 га талбайн 85 хувьд нь 160 модыг тарьж арчилж, ургуулаад байна. Харин үлдсэн 15 хувьд нь тохижилтын ажил хийх ерөнхий төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар нийт шаардлагатай талбайн таван хувьд л тохижилтын ажил хийсэн. Манай талбай дээр өнөөдрийн байдлаар 31 төрөл зүйлийн модод ургаж байна. Бид цэцэрлэгт хүрээлэнгийнхээ өөрийн талбай дээрээс үрээ түүгээд тухайн модны үрийг мод үржүүлгийн газарт 3-5 жилийн хугацаанд өгч бойжуулдаг. Ингээд суулгац бэлэн болж тухайн суулгацыг тарилтад гаргадаг. Тэрхүү суулгацуудыг төлөвлөлтийн дагуу бэлдэж, нүхийг нь ухсан талбайд иргэд болон байгууллагууд модоо тарьдаг гэсэн үг. Энэ үйл явц хийгдсэний дараа гурав болон түүнээс дээш жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэшсэн албан хаагчид жилийн дөрвөн улирал арчилгааг хийж өгдөг. Хугацааны хувьд авч үзвэл найман жилийн турш модыг нас бие гүйцэх хүртэл арчлах шаардлагатай.

Мод яг хүүхэдтэй адил. Гурван жилийн турш жилийн дөрвөн улирал арчилсны дараа мод үндсээрээ газрын гүнээс ус буюу чийгээ авах хэмжээнд хүрдэг.

Тэгэхээр хүмүүсийг мод тариад орхих бус арчилж, хамгаалахыг бид ихээр уриалж байгаа. Сүүлийн жилүүдийн хувьд иргэд, байгууллагууд мод тарих соёлд их суралцаж байгаа санагдсан. Тарьсан модоо тогтмол ирж шалгаж, усалж, тогоог нь цэвэрлэдэг уламжлал тогтоод байна. Тиймээс өнөөдөр гэр бүлээрээ тарьсан модоо тогтмол арчилж, ургахыг нь харж урам авахыг хүсч байна. Энэ нь нэг талаар байгальд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна нөгөө талдаа үр хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа нэг хэлбэр юм.

ТАРИАД ОРХИХ БИШ АРЧЛАХ ЦОГЦ ЗӨВЛӨГӨӨГ МЭРГЭЖИЛТНҮҮД ӨГДӨГ УЧИР МОД ТАРИХ ӨДӨР УРАМТАЙ 

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Л.АРИУНТУЯА: 

-Өнөөдөр Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар дүүргүүдийн эмэгтэй иргэдийн төлөөлөгчдийн урьж ээлжит мод тарих ажлаа зохион байгууллаа. Эмэгтэйчүүд ийн нэгдэж байгаа нь охидыг, ээжүүдийг зөв зүйлд уриалах, байгаль эхээ хайрлаж, хамгаалах, мод арчлах заавар зөвлөгөөг олон хүнд түгээх, модыг хэрхэн тарьдаг, цаашид яаж ургуулдаг гээд бүхий л талаар нэгдсэн цогц мэдээлэл өгөх зэрэг олон давуу талтай.

Мод тарих арга аргачлалын талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, зориулалтын бэлдсэн талбайд модоо тарьж, дараа нь ирээд арчлахад ч урамтай байна гэдэг сайхан.

Тиймээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үндэсний мод тарих өдрийн хүрээнд гэр бүл, анги хамт олон, ажлаараа ирж мод тарихыг уриалж байна.

 

 

 

БИД ТАРЬСАН МОД БҮРЭЭ АРЧИЛЖ УРГУУЛАХАД АНХААРДАГ

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Г.ГАНГАМӨРӨН:

-Мод тарина гэдэг нэг хүүхэдтэй болж байгаагаас ялгаагүй. Тэгэхээр өнөөдөр НИТХ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөл 5000 хүүхэдтэй болж байна. Эх хүн, ээж хүн хүүхдээ яаж анхаарч, хэрхэн өсгөж торниулдаг билээ яг түүнтэй адил бид тарьсан мод бүрээ арчлах, ургуулахад анхаардаг.

Мөн миний хувьд НИТХ-ын төлөөлөгчийн хувьд 120 мод тарих батламжаа өнөөдөр гардан авлаа. Энэ 120 модоо дүүргийн хэсгийн ахлагч нар буюу яг анхан шатны хэсэгт ажилладаг хамт олонтойгоо тарьж байгаадаа сэтгэл өөдрөг байна.

Өнгөрсөн жилийн тарьсан модод маань ургаж, зарим нь цэцэглэсэн байгааг хараад их баяртай байна. Мод тарьснаар хүлэмжийн хийн ялгарал буурахаас гадна ундны усны эх үүсвэр бий болдог зэрэг олон давуу талтай. Өнөөдөр дэлхий нийтэд цөлжилт ямар их байгаа билээ. Монголд төдийгүй Улаанбаатарт ч байгаль экологийн тулгамдсан асуудал дурдвал их бий. Энэ тэнцвэрүүдийг алдагдуулахгүй байх, байгаль экологитойгоо зохицон амьдрахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөн жинтэй хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна.

 

 

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ГЭР БҮЛЭЭРЭЭ МОД ТАРИАРАЙ

Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн онд 20 мянган модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр, 100 мянган модыг Туул голын эргийн хамгаалалтад ойжуулалтын хэлбэрээр тарьсан. Тус үйл ажиллагаа энэ жил ч мөн үргэлжлэх бөгөөд нэгдэхийг хүссэн хүн бүрд нээлттэй байна. Мод тарихад гэр бүлээрээ нэгдсэн хүмүүс ч өнөөдөр олон байлаа. Тэдний нэг нь Т.Баттөгсийнх.

Т.Баттөгсийн гэр бүл: 

-Гэр бүлээрээ үндэсний мод тарих өдөрт нэгдэж байна. Манай гэр бүлийн хувьд ам бүлээрээ анх удаа мод тарьж үзэж байна. Сэтгэл өндөр байгаагаас гадна байгаль, экологио хайрлах мэдрэмж их төрлөө. Бид ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж өнөөдөр долоон Монос мод тарилаа. Ирэх, ирэх жилүүдэд ч тарьсан модоо арчилж, ургуулж, тоог нь улам нэмэхэд анхаарах болно. Та бүхэн ч бас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарихад гэр бүлээрээ нэгдэхийг хүсч байна.

Энэ хаврын мод тарилтаар 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, 3000 гаруй иргэний захиалгаар Голт бор, Өрал, Далан хайс, Тэхийн шээг, гүйлс, Буйлс, Агч, Шар хуайс Улиас Хайлаас гэсэн нийт 10 төрлийн 10 мянга гаруй модыг цэцэрлэгжүүлэлт хэлбэрээр тарих аж.

Хэрэв та бүхэн мод тарих үйл ажиллагаанд нэгдэхийг хүсвэл Үндсэний цэцэрлэгт хүрээлэнгийн цахим хуудсаар холбогдох боломжтой юм байна.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж