Сонирхогчдын боксын ДАШТ Ташкент хотноо үргэлжилж байна. Нийт 5.2 сая ам.долларын шагналын сантай энэ удаагийн тэмцээнд 107 орны 538 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн арван тамирчин хүч үзэж буй. Мөн Орос, Беларусийн тамирчид оролцож байгаа нь онцлог байна. Тэднийг эсэргүүцэж, АНУ, Канад, Герман, Их Британи, Украин, Дани, Шинэ Зеаланд тэргүүтэй 21 улс орон тамирчдаа илгээгээгүй юм.
Тэмцээний 67 кг-ын медальтнууд тодорлоо. Энэ жинд эзэн орны тамирчин Асадхужа Муйдинхужаев алтан медаль, Казахстаны Дулат Бекбауов мөнгөн медаль, Монголын Б.Мишээлт болон Гүржийн Лаша Гурули нар хүрэл медалийн эзэн болжээ.
Энэ удаагийн дэлхийн аваргын алтан медалийг 200 мянган ам.доллар, мөнгөн медалийг 100 мянган ам.доллар, хүрэл медалийг 50 мянган ам.доллар тус тус дагалдана.
Өнөөдөр/2023.05.14/ Б.Чинзориг 63.5 кг-ын алтан медалийн төлөө эзэн орны тамирчин Руслан Абдуллаевтай тулалдана.
Одоогийн байдлаар багийн дүнгээр зохион байгуулагч орон Узбекистан таван алт, хоёр хүрэл медальтай тэргүүлж байгаа бол тэдний араас Куба, Франц, Казахстан удаалж байна. Харин Монголын баг одоогоор нэг хүрэл медальтай 11 дүгээр байрт бичигдэж буй.
Холбоотой мэдээ