Украины удахгүй эхлүүлэхээр төлөвлөж буй сөрөг довтолгооноос өмнө Герман их хэмжээний зэвсгийн тусламжийг танилцуулав. Герман улс өчигдөр Украинд 2.7 тэрбум еврогийн үнэ бүхий шинэ зэвсгийн багцыг нийлүүлэхээ зарласан нь Оросыг түрэмгийлснээс хойшхи хамгийн том зэвсгийн тусламж болж байна. Германаас илгээх багцад нэмэлтээр 30 ширхэг “Leopard-1” танк, Мардер хуягт машин, агаарын довтолгооноос хамгаалах систем, ажиглалтын нисгэгчгүй онгоц багтана.
“Бид бүгд Орос улс Украины ард түмний эсрэг хийсэн энэхүү аймшигт дайныг хурдан дуусгана гэж найдаж байгаа ч харамсалтай нь ийм зүйл болсонгүй" гэж Батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгдээд " Герман улс шаардлагатай бол чадах бүхнээ үзүүлэх болно" гэж хэлэв.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр Ромд айлчилж, Италийн талтай уулзсаны дараа Герман улс дээрх мэдэгдлийг хийв. Итали улс Киевт зэвсэг, тусламж илгээсэн боловч яг юу хүргэснээ хэзээ ч дэлгээгүй.
Үүний зэрэгцээ барууны холбоотнууд Украинд улам бүр хүчирхэг зэвсэг нийлүүлж байна. Их Британи энэ долоо хоногт "Storm Shadow" пуужин илгээж байгаагаа зарлаж, Киев рүү холын тусгалтай зэвсэг илгээсэн анхны улс болсон. Үүнийг Орос улс "туйлын дайсагнасан алхам" гэж тодорхойлсон.
Зеленский өнөөдөр Германд айлчлах товтой ч айлчлалын мэдээлэл задарснаас цуцалж ч магадгүй.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE- PRESSE
Холбоотой мэдээ