Цахим хуудаст хотын төвийн моддыг тайрсан талаар иргэд шүүмжилж буй. Энэ асуудлаар Хотын Ерөнхий менежер М.Баяраа өнөөдөр /2023.05.13/ 20:10 цагт газар дээр нь очиж нөхцөл байдлыг тодруулан мэдээлэл өглөө.
Тэрбээр, энэ онд Улаанбаатарт инженерийн шугам сүлжээний хэд хэдэн том ажил хийгдэнэ. Тэрний нэг хэсэг нь Бага тойруугийн хэсэгт хийгдэх 4АБ магистраль шугмыг өргөтгөх, солих ажил. Энэ ажлыг хийх хүрээнд шаардлагатай ногоон байгууламж, дугуйн замтай холбоотой асуудал үүсч байна.
Тус ажлыг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа. Ажлын захиалагч нь Эрчим хүчний яам бөгөөд төслийн нэгж байгуулагдсан. Нийслэлийн зүгээс уялдаа холбоог хангах ажлуудыг хийгээд явна. Одоогоор инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд 278 модыг шилжүүлэхээс насжилтыг харгалзаж 160 гаруй модыг зөөгөөд байна.
Гэхдээ зарим модыг зөөх боломжгүй учраас зайлшгүй тайрах шаардлага үүссэн. Ногоон байгууламжийн арчилгаа үйлчилгээ үзүүлдэг нэгжүүд насжилт болон буруц арчилгаанаас шалтгаалж зарим модыг тайрах нь зүйтэй гэж үзсэн.
Шилжүүлээд байгаа 171 модыг Гачууртын хар усан тохой руу аваачиж, мод үржүүлгийн газарт суулгасан. Модноос гадна дугуйн замуудыг мөн хуулах шаардлага үүссэн.
Тайрсан гэх моднуудын хувьд 1950-иад онд тарьсан Улиаснууд. Насжилт өндөр учир өөр хөрс рүү шилжүүлэх боломжгүй учраас тайрсан.
Түүнээс эрүүл, залуу моддыг тайраагүй гэлээ.
Холбоотой мэдээ