Үндэсний номын баярыг 33 дахь удаагаа ирэх тавдугаар сарын 19-21-нд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд гурав хоног болох юм. Зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн номын баярыг онцлог болно гэдгийг мэдэгдсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, "Номын соёлт ертөнц" ТББ-аас 33 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр тавдугаар сарын 19-21-ны өдөр болно.
Номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч газруудын бүтээлүүдийг хямдралтайгаар авч, зохиолчоос нь гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтой. Мөн ховор хуучин номын худалдаа болдог. УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагаа цар тахалтай холбоотойгоор аймгуудад харилцан адилгүй зохион байгуулж байсан бол энэ жил номын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээр төлөвлөжээ.
ӨНГӨРСӨН ОНД НОМЫН БАЯРТ 180 МЯНГА ХҮН ОРОЛЦЖЭЭ
Зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид болон иргэд Сүхбаатарын талбайд 280 гаруй асарт бүтээлээ дэлгэн тус арга хэмжээнд оролцдог бөгөөд өнгөрсөн жил 180 мянга гаруй хүн номын баярт оролцсон статистик гарчээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулж буй "Номын баяр"-ын хүрээнд олон сонирхолтой арга хэмжээн болохоор мөн төлөвлөөд буй аж.
Холбоотой мэдээ