Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас энэ зундаа багтаан Хүүхдийн 100 орчмын авто зогсоолыг төлбөртэй болгохоор болжээ. Иргэд ажил хөөцөлдөх нэрээр хотын төвд автомашинаа өдрийн турш зогсоолд тавьдаг байна. Гэтэл нэг хэсэг нь авто зогсоол хайж, тойрч явдгаас ачаалал үүсгэдэг. Иймээс Улаанбаатар хотын төв хэсгийн авто машины зогсоолыг төлбөртэй болгох нь түгжрэлийг бууруулах нэг гарц гэж үзэж буй бололтой. Мөн авто зогсоолын төлбөрийг автоматаар авдаг болох технологи нэвтрүүлэхээр ажиллаж буй аж.
Сануулахад, Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн замын хөгжлийн газартай гэрээ байгуулан, автомашины төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлдэг нийт 70 гаруй аж ахуй нэгж, иргэн байдаг байна. Эдгээр аж ахуй нэгжүүд өнгөрсөн онд зогсоолын төлбөрөөр дамжуулж, 940 сая төгрөг нийслэлд төвлөрүүлжээ.
Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах зорилгоор нийслэлийн Захирагчийн ажлын албанаас нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийхэд анхаарч буй. Мөн ирэх жилүүдэд шинэ тойрог зам буюу Улаанбаатар хотыг хойд, урд гэсэн тойрог замд оруулж, түгжрэлийг сааруулах гарц гаргалгаа хайж буй. Ub Metro, LRT зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээ Улаанбаатар хотын захирагч мэдэгдээд байгаа.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ