Б.Орхонбаяр: Миний хувьд шударга өрсөлдөөнийг эрхэмлэдэг

Хуучирсан мэдээ: 2023.05.12-нд нийтлэгдсэн

Б.Орхонбаяр: Миний хувьд шударга өрсөлдөөнийг эрхэмлэдэг

Б.Орхонбаяр: Миний хувьд шударга өрсөлдөөнийг эрхэмлэдэг

Шүгэл ажиллагааны ажлын хэсгээс “Допинг ба Спортын авлига” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр/2023.05.12/ зохион байгууллаа.  Тус хэлэлцүүлэгт Авилгатай тэмцэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын спортын арбитрын шүүх, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын төлөөллүүд, бөхчүүд, хэвлэл мэдээллийн ажилчид, спорт сонирхогчид оролцож байна. Энэ үеэр төлөөллүүд дараах зүйлсийг ярилаа.

НЭМЭЛТ:

Улсын арслан Б.Орхонбаяр:

-Допингт анхаарал хандуулж байгаа төр засагтаа баярлалаа. Допингийн талаар би тодорхой ойлголтгүй. Өнөөдөр л энэ хэлэлцүүлгээс ойлголт авч байна. Миний хувьд шударга өрсөлдөөнийг эрхэмлэдэг. Жил бүр наадмын өмнө допингийн төвөөс мэдээлэл өгдөг. Гэхдээ илүү хүртээмжтэй, олон арга хэмжээ зохион байгуулаасай гэж хүсэж байна. Төр засаг маань допинг, шударга өрсөлдөөнд анхаарал хандуулж байна.

Допингийн шинжилгээг хяналт өндөртэй өгдөг. Допингийн эсрэг байгууллагын хүмүүсийн хажууд, АТГ, камерын хяналтан дор өгдөг. Хариу уддаг асуудал дээр дүрэм журам нь л тийм гэж ойлгоод байгаа.


ДОПИНГТ ӨРШӨӨЛ БАЙХГҮЙ, БҮГД Л ШИЙТГЭЛЭЭ АВАХ ЁСТОЙ

Улсын начин Д.Цэрэнтогтох:

-Би хоёр удаа шинжилгээ өгч байсан. Илүү дутуу юм яримааргүй байна. Хэлэлцүүлгийн үр дүнгээ л харъя. Нарийн ширийн юм хэлмээргүй байна. Допинг гэхээрээ л ганц тариа хийлгээд хүчтэй барилдаад дийлээд байна гэсэн үг биш. Олон зүйл нөлөөлж байгаа. Жишээлбэл, зүрхний эмнээс хүртэл хориотой бодис илэрч байна. Энэ бүхнийг ялгаж, салгахгүй бол нийтээр нь допинг гэж авч үзээд, зөвхөн үндэсний бөхчүүд л хэрэглэдэг гэсэн ойлголт төрчихлөө.

Зун наадмын бэлтгэлийн үеэр допингийн төв танилцуулга хийдэг л гэсэн би бол таарч үзээгүй. Шийтгэлээ дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмээр тавьж чадахгүй л байна. Яг үндэсний бөхийн холбооны дүрмээр яваад байгаа юм уу, допингийн эсрэг агентлагийн дүрмээр яваад байгаа юм уу? Ямар ч ойлгомж байхгүй. Ялгаварлаад байдаг юм уу? Том, бага цолоор нь ялгаварлаад байна уу? Шийтгэх гэж байгаа бол бүгдийг нь л адил шийтгэ. Допингт өршөөл байхгүй. Бүгд л шийтгэлээ авах ёстой.


УДАХГҮЙ БӨХИЙН ХОЛБООНД 2003 ОНООС ХОЙШИХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ӨГНӨ

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мөнхболд:

-Б.Ганхуяг начин шинжилгээний хариугаа авъя гэж хүсэлтээ ирүүлсэн. Тэгэхээр нь үндэсний бөхийн холбооноос албан бичиг хүргүүлбэл өгье гэсэн. Бөхийн холбоо албан бичгээ өгсөн. Бид удахгүй хариуг нь хүргүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. 2003 оноос 2022 оны хооронд бүх шинжилгээний хариуг авъя гэсэн. Би бол 2019 оноос хойш ажиллаж эхэлсэн. Надаас өмнөх онуудын баримтыг архиваас шалгуулаад ажиллаж байна. Бид допингийн эсрэг байгууллагын итгэмжлэгдсэн БНСУ-ын лабораторитой хамтран ажилдаг.

Хариу удаж ирж байна гэдэг. Шинжилгээний явцад тодруулж шинжлэх шаардлагатай зүйл гардаг учир уддаг. Бүгд есдүгээр сард ирсэн гэж ойлгож байна. Нэгдсэн системд нь шинжилгээний хариу нь цувраад ордог. Бөхийн холбоо, зохион байгуулагч талтай нь ярилцаад сүүлийн хүний хариу ирэхээр авах уу эсвэл цувуулаад өгөх үү гэж асуухаар сүүлийн хүний хариу ирэхээр авъя гэдэг. Үнэ өртөг нь тэмцээний үед болон тэмцээний бус үед гээд хоёр өөр үнэтэй. Тэмцээний үеийнх нь 400 ам.доллар, тэмцээний бус үе нь 350 ам.доллар. Зөвхөн лабораторид төлөх үнэ шүү. Үүнээс гадна үйл ажиллагаа явуулахад шинжилгээний шил, хэрэглэх эд материал, ажилчдын цалин бий. Хэрэв лаборатори шаардлагатай гэж үзвэл нэмэлт шинжилгээ үзүүлдэг. Лаборатори нь хараат бусаар сорьцыг шинжилдэг учир бид тэг, ингэ гэж хэлэх эрхгүй. Тэгээд удаад байдаг.


АЙМАГ, СУМДЫН НААДМААС ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХ САНАЛ БИЙ

Спортын арбитрч, өмгөөлөгч Г.Батзаяа:

-Засгийн газар допингийн эсрэг үндэсний дүрмийг баталсан. Үүгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдвол үндэсний допингийн эсрэг байгууллага нь маргааныг хянан шийдвэрлэнэ. Тэр нь арбитрын шүүх дээр хяналтын журмаар ирнэ. Үнэхээр допинг хэрэглэсэн бол дөрвөн жилээр эрхийг нь хасна. Давтан хэрэглэсэн бол найман жилээр хасна. Гурав ба түүнээс дээш удаа допинг хэрэглэвэл бүх насаар нь эрхийг нь хасна. Манай спортын арбитр дээр хоёр допингтой холбоотой маргаан ирсэн. Сүүлийнх Э.Оюунболдын арслангийнх. Допингийн асуудал хүчтэй яригдаж байна. Тамирчид заавал допингийн шинжилгээ өгөх шаардлагатай. Аймаг, сумдын наадмаар цол өгдөг учир допингийн шинжилгээ авъя гэдэг санал бий. Одоогоор эцэслэн шийдээгүй байна.

Наадам дуусаад нэг, хоёр, гурван сарын дараа шинжилгээний хариу ирээд байна. Гэтэл өмнө нь цол олгочихдог. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн журмаар бол шинжилгээний хариу хурдан гарах ёстой. Эргээд нэг талдаа тамирчин сэтгэл зүйн дарамтанд орохгүй байх ёстой. Шуурхай, үнэн байх ёстой. Энэ жишгээр явахгүй бол үндэсний өв соёл, баяр наадмын дараа цол хураах эсэх талаар ярих нь байж болохгүй зүйл.

-Ц.Магалжав тэргүүн танай байгууллагыг төрийн бус байгууллага учир гаргасан шийдвэрийг нь бид нар дагах эрх, үүрэггүй гэж байсан. Энэ талаар?

-Манай шүүх олон  улсын арбитрын шүүхээр зөвшөөрөгдсөн. Хоёрдугаарт, олимпийн хороо хүлээн зөвшөөрсөн. Гуравдугаарт, допингийн эсрэг дүрмээрээ манайх хянах зохицуулалттай. Тэр асуудлыг Ц.Магалжав тэргүүн хүлээн зөвшөөрөөд явсан. Гомдол, санал гаргаагүй.


ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА ТАЙЛАНГАА ИЛ ТОД БАЙЛГАХ ЁСТОЙ

Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч О.Одбаяр:

-Монголд одоогоор допингийн сорьцыг шинжлэх лаборатори алга. Солонгос руу явуулж л хариугаа авах боломж байна. Тэр лабораторитой гэрээгээ эргэн харах хэрэгтэй, хугацаагаа тодорхой болгох хэрэгтэй. Авсан хүн нь өөрөө хариугаа тайлбарлаад олон нийтэд мэдээллэх жишиг хэрэгтэй. Тухайн тамирчин допингтой холбоотой асуудлаа хүлээн зөвшөөрөхгүй бол үндэсний спортын тамирчин үндэсний спортын арбитрын шүүхэд, олимпийн төрлийн тамирчин олон улсын спорын арбитрын шүүхэд хандах бүрэн эрхтэй. Тиймээс биш нийгмээрээ харлуулж, ноцтой гэмт хэрэг хийчихсэн мэтээр яллаж болохгүй. Тамирчин тухайн үедээ алдсан байж болно. Эрх нь сэргэхээр тэмцээнд оролцох эрхтэй байх хэрэгтэй. Тамирчны эрхийг бас зөрчиж болохгүй шүү.

Допингийн эсрэг байгууллага тайлангаа ил тод байлгах ёстой. Төрөөс гарч байгаа татвар мөнгө, холбоодоос гарч байгаа мөнгө болон хугацаа, хариуг л ил тод байлгах ёстой. Нуугаад байх асуудал биш. Хичнээн хүнээс хэдэн төгрөгний шинжилгээ аваад ийм хариу ирлээ гэдгээ л ил болгочих. Ингээд хэвийн процесс явах ёстой. Он удаан жил үргэлжилсэн ойлгомжгүй зүйл байх ёсгүй.


ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ГАРГАДАГ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар:

-“5Ш” ажиллагааны хүрээнд хоёр төрлийн мэдээлэл олон давтамжтай ирсэн. Нэгдүгээрт, спортын шударга бус өрсөлдөөн буюу хориотой эм бэлдмэлийн хэрэглээ түүнийг хянан шийдвэрлэх процесс, шинжилгээ авах нөхцөл байдал нь шударга бус учир тамирчид, иргэд хохирч байна гэсэн агуулгатай. Хоёрдугаарт, тэмцээн, наадамд даваа өгөх, авах байдлаар авилгалын асуудал газар авч байна гэсэн. Яагаад манай “Шүгэл” ажиллагаатай хамааралтай вэ гэхээр тамирчдын өрсөлдөөн бол спортын асуудал. Энэ үйл ажиллагаанд төрийн байгууллагын оролцоо бий. Төрийн байгууллагаас допингийн шинжилгээ авах зардлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг. Энэ мөнгөтэй холбоотой асуудал нь “5Ш” ажиллагаатай холбоотой гэж үзсэн. Хоёрдугаарт, спортын хүрээний авилга нь төрийн бодлогын хүрээнд яригддаг. Гэмт хэрэгт тооцдог. Үүнийг гэмт хэрэгт тооцох эсэхийг хуулиар баталж, шийдэх ёстой. Авилгатай тэмцэх стратегийг АТГ-ын зүгээс УИХ-д өргөн бариад хэлэлцэж байна. Цаашдаа гэмт хэрэгт тооцохоор санал гаргасан байна лээ. Спорт үнэн зөв шударга байх нь ирээдүйд шударга нийгмийг төлөвшүүлэх, хүмүүжил олгоход чухал.

-Хяналтаа яаж тавих юм бэ?

-Допинг тойрч буй асуудал дээр нэг зүйл тодорхой болж байгаа юм. Шинжилгээ авах процесстой холбоотой ил тод байдалд нь итгэх итгэл байхгүй болчихсон байна. Ил тод байгаагүй учир таамаг их гардаг. Үүнийг эцэслэх шаардлагатай. Допинг гэдэг зөвхөн үндэсний бөхтэй холбоотой асуудал биш. Бүхий л спортын тамирчдын оролцоог хамгаалах ёстой. Допингийн хяналтын итгэлтэй, баталгаатай системийг тогтоож чадахгүй бол тамирчид маань олон улсын тэмцээнд оролцож чадахгүй болно. Олимпод хүртэл цагаан тугийн дор оролцох эрсдэл үүснэ. Тиймээс Засгийн газар оролцож, ил тод байдлыг нь хангах шаардлагатай. Шинжилгээг тогтмол авахгүй байгаа учир хэрэглээ буурахгүй байна гэж байгаа. Энэ процесс тодорхой зардалтай. Монголд итгэмжлэгдсэн лаборатори байдаггүй учир Солонгос руу ханддаг. Хугацаа  ордог, их зардалтай. Аймгийн баяр наадмуудаас шинжилгээ авдаггүй. Гэхдээ цол олгодог. Үүн дээр анхаарах хэрэгтэй.


ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА НЭГ ШИНЖИЛГЭЭГ 350 ОРЧИМ ДОЛЛАРААР АВДАГ

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав:

-Дэлхий нийтээрээ л допингийн эсрэг байна. Бөхийн холбоо ч эсрэг арга хэмжээ авч байна. Наадамд дөрвөн давсан бөхчүүдээс авч эхэллээ. Явцын шинжилгээ авч байна. Жилийн хугацаанд 100 хүртэлх тооны бөхчүүдээс авахаар хичээж байна. Мөн аймаг, сумын цолтой бөхчүүдийн шинжилгээнд хамрагдах нь цөөн байгаа учир аймгийн наадмын шөвгийн дөрвөн бөхөөс шинжилгээ авах ажлыг баяр наадмын зохион байгуулах хороо, бөхийн дэвжээдтэй хамтран зохион байгуулахаар төсөл боловсруулж байна. Жилд хоёр удаа допингийн эсрэг байгууллагатай хамтран сургалт, сурталчилгааг хийдэг. Энэ арга хэмжээний тоог ихэсгэх талаар ажиллаж байна.

Допингийн шинжилгээний хөрөнгө санхүүгийн асуудал хүндрэлтэй. Бид боломж бололцоогоо ашиглаж байна. Допингийн эсрэг байгууллага нэг шинжилгээг 350 орчим ам.доллараар авдаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж