Дэлхийн банкны түүхий эдийн зах зээлийн төлөв байдлын тайланд “энэ онд нүүрсний үнэ 42 хувиар буурах төлөвтэй байна” гэсэн нь Монголын хувьд тун таагүй мэдээ.
Энэхүү таамгийг батлах мэт БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ огцом унах болжээ. Шалтгаан нь тус улс дахь гангийн үйлдвэрлэл огцом саарснаар сүүлийн саруудад нүүрсний үнэ огцом унах болсон байна. Эл уналт Монголын нүүрсний үнэд ч нөлөөлж эхэлсэн гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Ганбат мэдэгджээ. Тэрбээр энэ талаар “БНХАУ-ын Ганцмод боомтод нэг тонн коксжих нүүрсний үнэ энэ оны гуравдугаар сарын эхээр 1780 орчим юань байсан бол өнөөдөр 1220 орчим юань болж, даруй 31.5 орчим хувиар буурсан. Энэхүү үнийн огцом уналт нь манай компанид гэлтгүй, манай худалдан авагч, хамтран ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж байна. Үнэ ийнхүү огцом буурч байгаагаас шалтгаалж худалдан авагчид эрсдэлээ үнэлж, ачилтаа бууруулах хандлагатай байна. Гэхдээ бид борлуулалтаа бууруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч, өнгөрсөн дөрөвдүгээр сард 1.8 сая тн нүүрс борлуулсан. Түүнчлэн, дөрөв, тавдугаар сард нийт 7 удаагийн биржийн арилжаагаар 352 мянган тонн нүүрсийг амжилттай борлууллаа” гэжээ.
Харин эдийн засагч Д.Ангар “Хэд хоног Хятад яваад ирлээ. Австралчууд Хятадад нүүрсээр бороо оруулж байна. Даахгүй нохой булуу хураана гэгчээр Монголын хөрөнгийн бирж нүүрсний арилжааг хийж эхэлснээр Монголын нүүрс Хятадад өрсөлдөх чадвараа бүрэн алджээ.
Монголоос нүүрс авдаг байсан Хятад компаниудыг Австралчууд өөр лүүгээ эргүүлж чадаж. Австралчуудын буруу гэж байхгүй, тэд нүүрсээ Хятадад зарахын тулд уран тоглолт хийж /дараа энэ талаар жич бичнэ/, Хятадуудыг ч буруутгаж болохгүй. Хэн нь илүү таатай нөхцлөөр нүүрсээ өгье гэж байгааг нь сонгох нь тэдний хувьд бизнесийн зарчим!” гэж мэдэгдээд буй. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсээ арилжаалах гэсэн сүүлийн есөн удаагийн дуудлага худалдааны долоод нь Хятадын талаас нэг ч компани орж ирэлгүй арилжаа хаагдсаныг ч нүүр номын хуудсаараа дамжуулан мэдэгдээд байна.
Монголын нүүрс Хятадын зах зээлээс шахагдаж болзошгүй гэх мэдээлэл өнгөрсөн гуравдугаар сараас цацагдаж эхэлсэн юм. Энэ нь Австрали, Хятадын хооронд үүсээд байсан улс төрийн маргаан эцэслэгдэж, эдийн засгийн харилцаа нь эргэн сэргэснээр дэлхийн хамгийн том нүүрсний үйлдвэрлэгч, импортлогч өмнөд хөршид Австрали улс өндөр чанартай нүүрсээ дахин экспортолж эхэлсэнтэй холбоотой мэдээ гарч байв.
Хятад улсын хувьд дан ганц Монголоос нүүрс импортолдоггүй, Австрали, ОХУ, Индонези зэрэг орнуудаас ч худалдан авалт хийж, гангийн үйлдвэрлэл, станцуудынхаа эрэлтийг хангаж, ирсэн. Өнгөрсөн онд л гэхэд Хятад улс нийт 290 сая тонн нүүрс импортолсон байдаг.
Харин Монгол Улсын хувьд 2022 онд 24 сая тонн нүүрс экспортолсон нь 2019 онд 57 сая тоннд хүргэж байсантай харьцуулахад бага боловч нүүрсний үнэ өссөн нь экспортын орлогод жинтэй хувь нэмэр оруулсан юм.
Өр ширэндээ баригдсан байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн хувьд эл асуудлаа шийдвэрлэх боломж мөн гарч ирсэн. Гэхдээ санхүүгийн бэрхшээл бүрэн шийдвэрлэгдээгүй. Өмнөх жилүүдэд нүүрсээр төлөхөөр урьдчилан тавьсан байсан өр дарах ажиллагаа үргэлжилнэ. Нийтдээ дөрвөн их наяд төгрөгийн өр байгаа юм. Үүн дотор энэ онд багтаан төлөх шаардлагатай бондын төлбөрүүд бас бий. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Дөрөвдүгээр сарын 7-нд 400 гаруй тэрбумын бондын төлбөрийг борлуулалтын орлогоосоо хугацаанд нь төлсөн. Одоо 280-аад сая ам.долларын урьдчилж авсан өрийг барагдуулах шаардлага байгаа. Богино хугацаанд өрийг барагдуулчихаад цаашдаа өргүй явахыг зорьж байна” гэж мэдэгдсэн юм.
Харин Хятадын зах зээлд нүүрсний үнэ унахын зэрэгцээ Монголын нүүрсний зах зээл Австралийн нүүрсэнд эзлэгдсэн нь баттай бол энэ онд өмнөд хөрш рүү 36.5 сая тонн нүүрс экспортлох зорилтоо биелүүлж чадах уу гэдэг нь эргэлзээ дагуулж буй.
Хэдийгээр зарим шинжээчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг биржээр арилжаалж эхэлсэн нь далд эдийн засгийг ил болгосон сайн талтай ч эргээд борлуулалтад сөрөг үр дагавар дагуулж болзошгүй гэж үзэж буй. Учир нь, Монголд нүүрсний хулгайн хэрэг мандсанаар энэ оны хоёрдугаар сарын 1-ээс нүүрсээ уурхайн амны үнээр бус хилийн үнээр худалдан борлуулдаг болсон. Ингэхдээ нүүрсний худалдан авалтыг ил тод болгох зорилгоор биржээр арилжаалах алхмыг туршаад эхэлсэн. Эхэн үедээ сайн мэдээ олныг дуулгаж байсан ч гурван сар орчмын дараагаас нүүрсийг цахимаар худалдан авах сонирхолтой Хятад түншүүдийн тоо буурч, зарим өдөр нэг ч худалдан авагч арилжаанд орж ирээгүй нь анхаарал татаж байгаа.
Уг нь нүүрсийг биржээр арилжаалснаар олон эерэг үр дүн дагуулж байна гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгосон удаатай. Тэрбээр “Нэг тонн нь 100 орчим ам.доллараар зарагддаг байсан нүүрс 180 ам доллараар, 9.5 ам доллароор зарагдаж байсан эрчим хүчний нүүрс 73 ам доллароор зарагдаж, үнэ нь өссөн. Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт ил тод байх нь зөв гэдгийг харуулж байна. Үнэ өсгөхийн тулд хоёр захирал сууж байгаад гэрээ зурчихдаггүй, өрсөлдөөнөөр оруулж ирээд зарах нь Монгол Улсад хэрэгтэй гэдгийг энэхүү биржийн арилжаа харуулж байгаа” гэж мэдэгдсэн юм.
Мөн зургаан сарын өмнө Монгол Улсын валютын нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрч буурсан байсан бол энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 3 тэрбум 438 сая ам.доллар болж, өссөн нь нүүрсний экспортоор орж ирсэн валют голлох нөлөө үзүүлсэн гэдгийг тодотгож байсан.
Одоогоор албаныхны зүгээс өмнөд хөршид гангийн үйлдвэрлэл буурсан нь нүүрсний үнийг унагаж эхэллээ гэдэг тайлбар хийгээд буй ч Монголын нүүрс Австралийн нүүрстэй өрсөлдөхүйц хэмжээнд байж чадахгүй байгаа нь цаашдаа борлуулалтад сөрөг үр дагуулах вий гэдэг болгоомжлол төрүүлж буй юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ