"Тухайн хүндээ хийлгэсэн шивээс нь насан туршид маш үнэ цэнэтэй байдаг. Хүн бүр өөр өөрийн ертөнцтэй. Надад тэр хүмүүстэй ярилцаж, өөрийгөө таньж нээх нь их сонирхолтой санагддаг" хэмээн ярих энэ бүсгүйг Т.Ундрах гэдэг. Тэрбээр зураач мэргэжилтэй хэдий ч Австрали улсад уул уурхайн чиглэлээр 10 гаруй жил ажиллах хугацаандаа өөрийн сонирхлоороо шивээсийн урлагт суралцаж, шивээсчин болсон түүхтэй. Одоо эх орондоо амьдарч, "Sirvana" салонд шивээсчнээр ажиллаж байна. Ингээд түүнтэй ярилцлагыг хүргэе.
-Уран зургийн анги төгссөн, зураач мэргэжилтэй бүсгүй хэрхэн шивээсчин болсон нь сонирхол татаж байна?
-Би 2006 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг Д.Батмөнх багштай суурь уран зургийн ангийг төгссөн. Дөнгөж их сургуулиа төгссөн оюутны уран зургийг хэн ч худалдаж авах юм. Монголд хэцүү шүү дээ. Одоо ямар болсныг сайн хэлж мэдэхгүй. Олонд танигдсан, хүрээлэл сайтай хүмүүс л уран бүтээлээ хийж, мэргэжлээрээ ажиллана уу гэхээс шинэ залуу уран бүтээлчдийн хувьд амаргүй.
Тэгж явж байгаад л Австрали улсад уул уурхайн чиглэлээр ажиллахаар болсон.
Тэнд хэчнээн цалин мөнгө сайн олж байгаа ч нэг л сэтгэл хангалуун бус байсан гэх үү. Тэгээд ажлынхаа хажуугаар шивээсчний туслахаар ажиллаж, шивээсчин болсон доо.
-Цаасан дээр будгаар уран зураг зурах, хүний арьсан дээр бэхээр зураг зурахын ялгаа?
-Тухайн хүндээ хийлгэсэн шивээс нь насан туршид маш үнэ цэнэтэй байдаг. Хүн бүр өөр өөрийн ертөнцтэй. Надад тэр хүмүүстэй ярилцаж, өөрийгөө таньж нээх нь их сонирхолтой санагддаг.
Хүний бие цаас шиг дэлгэмэл биш. Уран зураг шиг нэг хийгээд л, орхиод яваад байж болдоггүй. Хүний өвдөлт хязгаартай.
Би шивээсийг яарч хийдэггүй. Яарч хийх тусмаа удаан байдаг. Тайван хийх тусмаа хурдан дуусдаг. Хүний арьс, бэх хоёр үнэхээр сайхан медиа. Харандаагаар цаасан дээр шивээс зурахаар маш удаан зурна. Харин хүний арьсан дээр гурван цаг шивээс хийнэ.
-Анх ямар шивээс хийж байсан бэ. Тодорхой хэмжээний айдас байсан уу?
-Би анх өөр шивээсчний бие дээр хоёр шувуу шивж байсан. Миний хувьд туслах шивээсчинд олон удаа арьсаа бэлэглэсэн. Яг тэрэн шиг мундаг шивээсчин надад “Чи миний гаран дээр хоёр шувуу шивбэл шивээрэй” гэхэд нь сандарч байсан. Шивээсчид тэгж л бие биеэ дэмждэг.
Туршлагатай хүн санал тавьсан учраас айдас харьцангуй бага байсан гэх үү. Анхны шивээс учраас их л хичээж, шивсэн.
Шивээс хийлгэхэд тодорхой хэмжээний айдас, адреналин ялгарна. Миний хувьд ч одоо шивээс хийхдээ догдолж, сандардаг хэвээрээ. Энэ дашрамд хэлэхэд, намайг шивээсчин болоход нэг хүн их нөлөөлсөн.
-Хэн?
-Би шивээсчин болоогүй байхдаа нэг австрали өвөөтэй байнга шатар нүүдэг байсан. Тэр өвөө бүтэн биедээ японы “ирэзуми” шивээс шивүүлчихсэн. Гурван өдрийн турш гурван япон шивээсчнээр бүтэн биеэ шивүүлсэн. Эмнэлэгт комд орж, хоёр хоног ухаангүй хэвтэж байгаад сэрсэн тухайгаа ярьдаг байсан.
Тэр шивээс нь жил ирэх тусам тодорч, яг л лусын дагина шиг далайн гүн цэнхэр өнгөтэй. Хүмүүс ч түүний шивээсийг их сонирхож харна.
Надад тэр хүн “Би ийм шивээсгүй байсан бол хэн миний үрчгэр арьсыг харах юм бэ” гэж хэлдэг байсан. Тэр хүнийг харахаар шивээс хиймээр санагдаад л…Тэгсэн мөртлөө ажлын хариуцлага, цаг зав гэж дотроо хуваагдан, удаан явж байгаад л шивээсчин болсон.
-Австрали улсад уул уурхайн чиглэлээр олон жил ажилласан гэл үү?
-Миний хувьд Австрали улсад уул уурхайн салбарт 10 гаруй жил ажилласан. Тэр хугацаандаа шивээсчний туслахаар хоёр жил явж байгаад шивээсчин болсон. Уг нь туслах шивээсчин эхний хоёр жил хүний арьсанд хүрдэггүй юм. Гэтэл би туслахаар зургаан сар ажиллаад, шивээсчин болсон.
Одоо 2015 оноос хойш найман жил шивээс хийж байна.
Миний багш 42 жил шивээс хийсэн Маори гээд мундаг хүн бий. Тэр хүн “Чи хоёр долоо хоног уул уурхайн ажлаа хийж, хоёр долоо хоног шивээсчний туслахаа хийж болно. Гэхдээ хоёр долоо хоногийн ажлаа нэмж, хоёр дахин илүү ажиллана шүү” гэсэн. Их юм сурч, бүтэн хоёр жил амралтын өдөргүй ажилласан. Хүмүүсийн хийж байгаа ажлыг харж суралцаад, маш сайхан байсан. Одоо өөрийнхөө хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж, дуртай ажлаа хийж явна.
-Австрали улсад анх шивээсчин мэргэжлээр суралцаж, ажилласан. Гадаад улс оронд ажиллах, эх орондоо ажиллахын ялгаа?
-Мэдээж ялгаа байлгүй яахав. Монголд өмнөх он жилүүдийг бодвол шивээсний урлаг эрчтэй хөгжиж байна. Ур чадвартай шивээсчин олон болжээ. Хамгийн гол нь ажил мэргэжлийн үнэлгээ асар зөрүүтэй. Австрали улсад одоо шивээс хийхэд ямар үнэ ханштай байгааг мэдэхгүй юм. Дөрвөн жилийн өмнө нэг цагийн 220 ам.доллараар ажилладаг байсан бол Монголд цагийн 150 мянган төгрөг. Өдөрт зургаан цаг шивээс хийхэд энд хэд байх уу. Тэнд хэдэн төгрөг байх билээ.
Тиймээс зарим артистууд гадаадад ажиллах сонирхолтой байдаг. Шивээсний урлаг дэлхийн хаана ч ажиллах боломжтой сайхан мэргэжил.
Иргэдийн амьдралын өртгийг нь бодоод үзэхээр гомдоллох хэцүү. Үнэхээр шивээсний урлагт дуртай хүмүүс үйлчлүүлэхээр ирж байгаа учраас хичээж ажилладаг. Хүмүүс өөрт утга учиртай, бэлгэдэлтэй зүйлсээ л шивүүлэхээр зорьж ирдэг.
-Зарим артистууд гадаадад ажиллах сонирхолтой байдаг гэлээ. Гэтэл та эсрэгээрээ гадаадаас эх орондоо ирж ажиллаж байна шүү дээ?
-Миний хувьд хувийн амьдралын шалтгаанаар эх орондоо түр хугацаагаар ирээд буй. Мэдээж эх орондоо амьдрах сайхан байна. Хүүхэд маань одоогоор нас бага байна. Эргээд дурсахад Монголоо санадаг байх үүднээс энд ирсэн. Сургуулийн нас нь болохоор буцаад Австрали улс руугаа явна.
Би өөрөө шивээсний салон нээж, нэг хэсэг ажиллуулсан. Их хүндрэлтэй юм билээ. Тиймээс одоо найзтайгаа хамтран ажиллаж байна.
Ойрын жилүүдэд буцаад Австрали руу явна. Эх орондоо амьдрах сайхан байгаа ч хөдөлмөрийн үнэлгээ аль ч салбарт хангалттай биш байна. Мөн хүүхдийн боловсролын асуудал байна. Бусдаар бол Монголд сайхан л байна. Бүгд амьдралынхаа төлөө тэмцэж байна. Нөгөө талдаа хөгжилтэй улс орнуудад бүх юм бэлэн байхаар иргэд нь нийгмийн идэвх муутай болчихдог юм шиг санагддаг.
-Том жижгээсээ хамаарч, шивэх хугацаа өөр өөр байх. Том шивээс хийхэд олон цагаар суудаг уу?
-Тэгнэ. Янз бүр. Жижиг шивээсийг эрүүл ахуй сайтай, богино хугацаанд хийнэ. Харин том шивээсийг таслаж, олон удаа сууж хийнэ. Ерөнхийдөө мэс засал гэсэн үг шүү дээ. Хүний цустай харьцаж байна .Тухайн үйлчлүүлэгчийнхээ эрүүл ахуйг бодно. Ер нь шивээсчний туршлагаас хамаарна. Олон жил шивээс хийсэн хүний шивээс тэс өөр. Туршлагагүй хүн арьсыг зовоож, эрүүл ахуйн халдвар дамжуулна. Тийм юм чинь хямд үнэтэй байна шүү дээ.
Хүмүүс ихэвчлэн дуртай амьтан, хийморьлог амьтан, хээ угалз, хамгаалалт, бэлгэдэлтэй зүйлээ шивүүлдэг. Шивээс өөрөө их энерги агуулдаг.
Зарим хүмүүс шивээс хийлгэж байхдаа өвдөлтөндөө донтдог гэдэг. Тийм биш. Тэр хүн тухайн бэлгэдэлтэй зүйлээ шивүүлж, энерги хүч чадлыг олж авдаг. Хүн эцэг эхээс өв тэгш төрдөггүй. Амьдралынхаа турш өөр өөр зүйлээс энергиэ нөхдөг шүү дээ. Жишээлбэл, миний нуруун дээр нүдний шивээс бий. Энэ нь араа харж явдаг гэсэн утгатай.
-Таны бие дээр олон шивээс байна. Та өөрөө шивсэн шивээс бий юу?
-Би өөрөө хоёр шивээсээ хийсэн. Бусдыг нь өөр шивээсчид хийсэн. Австралид байхдаа өөрөө шивээс хийж мөнгө олчихоод өөр шивээсчинд очно.
Мундаг шивээсчдээс тэгж байж суралцана. Арга барилаас нь суралцах гээд мөнгөө цуглуулна. Тэгж маш их суралцсан.
-Шивээс хийлгэхээр ирж буй хүмүүс сайхан харагдах талаасаа хандаж байна уу, шивээсний утга учир, бэлгэдлээ бодож хийлгэдэг үү?
-Бас л янз бүр. Хүн гоо сайхнаа яаж өөрчлөх нь нээлттэй. Зарим хүн гоё харагдахын тулд шивээс хийлгэнэ. Зарим нь олон жил бодож явж байгаад шивээс хийлгэхээр шийдээд ирлээ гэнэ. Нэг хэсэг нь бодсон даруйдаа шивээс хийлгэнэ.
Би 18 нас хүрээгүй бол хүүхдүүдэд шивээс хийдэггүй.
Багшдаа өгсөн амлалт бий. Ураг, омгийн шивээс утга учиртай учраас шивдэггүй. Өвөг дээдсийн мэдээлэл явж байдаг. Бас хүний нүүрэн дээр шивээс хийхгүй гэж амласан. Австралид 80 гарсан нэг өвөөд шивээс хийж байсан.
-Олон улсын шивээсийн тэмцээнд өөрийгөө сорьж үзье гэж боддог уу?
-Тэгэлгүй яахав. Хоёр гурван жил дарааллаад олон улсын экспод оролцож байсан. Тэндээс маш их зүйл суралцаж, хөгждөг. Өөрийнхөө шивээсийг дууссаны дараагаар нэртэй мундаг шивээсчдийн арга барилыг харж, сонирхоно.
Австрали улсад эмэгтэй шивээсчин олон бий. Тэнд нарийн зураасны эмэгтэй шивээсчид маш их эрэлттэй, өндөр цалин авдаг.
Зарим хэвлэлээр улсынхаа ерөнхий сайдаасаа илүү орлоготой байна гэж мэдээлсэн байсан. Ер нь эмэгтэй хүн шивээс хийхэд арай зөөлөн гартай байдаг гэлцэх нь бий.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил