Мянган жилд нэг тохиох Хятадын боломж

Хуучирсан мэдээ: 2023.05.12-нд нийтлэгдсэн

Мянган жилд нэг тохиох Хятадын боломж

Мянган жилд нэг тохиох Хятадын боломж

Владимир Путины эхлүүлсэн түрэмгий дайнд цор ганц ялагч бий. Тэр бол Хятадын Коммунист нам юм. Энэ хугацаанд Хятад улс дэлхий дахинд нэр нөлөөгөө эрс тэлж, Оросыг өөрсдийнхөө хяналтад байдаг, хамгаалагдсан улс болгож хувиргав.

Их Британи, АНУ болон Европын орнууд ОХУ-д худалдаа, санхүү, технологийн хориг арга хэмжээ авч, нефтийн үнийг нь хязгаарлахын зэрэгцээ Украинд их хэмжээний тусламж үзүүлсэн. Ингэснээрээ Оросыг хөнгөхөн ялна гэж үзсэн боловч санаснаар болсонгүй. Украины тал сөрөг довтолгоогоо эхлүүлэхээс өөр аргагүй байдалд ортол дайн мухардав.

Тэгвэл үүний шалтгаан юу вэ? Хятад улс хөндлөнгөөс чимээгүйхэн оролцож, ОХУ-ын сүйрсэн эдийн засгийг аварч байгаатай энэ нь холбоотой. Хятад, Орос хоёр улс эрчим хүч, түүхий эдээ бараа, технологиор солилцож байна. Хориг арга хэмжээ тэдний хувьд хошин шог болжээ. Тиймдээ ч энэ оны эхний дөрвөн сард Орос, Хятадын худалдаа 41.3 хувиар өсч, 73 тэрбум ам.долларт хүрлээ. Мэдээж энэ мөнгө дайны санхүүжилт болсон. Хятадаас Орос руу хийсэн экспорт 2023 оны дөрөвдүгээр сард даруй 153 хувиар өссөн байна. Түүнчлэн Хятад улс нь Беларусь, Казахстан, Гүрж, Турк зэрэг оронтой ч худалдаагаа эрчимжүүлжээ. Эдгээр улсаас Орос руу хялбархан нэвтрэх боломжтой юм. 

Оросын нийгэм сүйрээгүйд гайхах зүйл алга. "McDonald’s" Москваг орхисон ч Хятад автомашины борлуулалт эрчимтэй байна. Өрнөдийн технологигүйгээр Орос оршин тогтноход хэцүү гэж бодсон ч оронд нь Хятадын технологи хүч түрэн орж ирэв. Нэг үгээр хэлбэл, Орос улс оршин тогтнохын тулд Хятадын Коммунист намаас хараат болжээ. Энэ бол Бээжингийн хувьд ялалт. 

АНУ-ын Тэнгисийн цэргийн Ази, Номхон далайн зөвлөх бүлгийн захирал асан Кристен Гүннесс хэлэхдээ "Хятад улс Оросын дэмжсэнээсээ болж нэр хүндийн хувьд тодорхой хэмжээний хохирол амссан" гэж хэлж байв. Гэхдээ тэд үүнийхээ оронд эрчим хүчний төрөлжсөн эх үүсвэрийг шаарддаг аж. Оросын газрын тос, байгалийн хийн хямд үнэ нь үүний нэг хэсэг юм. Хятад, Энэтхэг улсууд нь Оросын байгалийн хий, газрын томны хамгийн том худалдан авагч болсон. Түүгээр ч үл барам Хятад өнгөрсөн нэг жилийн хугацаанд Оросын байгалийн хийг Европ руу дахин зарж, багагүй ашиг олжээ.

Орос, Украины дайныг барууны орнууд болон Хятадын хооронд өрнөж буй шинэ Хүйтэн дайн гэж нэрийдсэн. Сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд Хятад багагүй амжилт байгууллаа. Тухайлбал, Ойрхи Дорнодын энх тайванд аюул учруулан байж Саудын Араб, Иран хоёрыг ойртуулан зуучилж чадав. Бразилийн ерөнхийлөгч Луис Лула Бээжинтэй харилцаагаа шинэ түвшинд гаргалаа. "Бүс ба зам" санаачилгынхаа ачаар Латин Америк болон Африкт нөлөөгөө тэллээ. Мөн Энэтхэг улс Оросын эрчим хүчийг худалдан авч байна. Түүхэнд энэ цаг мөчийг Хятадын Коммунист намын оргил үе гэж тэмдэглэх болов уу.

Хиймэл оюун ухаан зэргийг эс тооцвол Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үе дуусч байгаа гэхэд болно. Үүнд гурван шалтгаан бий.

Нэгдүгээрт, Ши Жиньпин Хятадын олигархиуд болон бизнес эрхлэгчдийг дарангуйлсан. Угтаа бол Хятадын эдийн засгийн хөгжилд олигархиуд болон бизнес эрхлэгчдийн оруулсан хувь нэмэр нь юутай ч зүйрлэшгүй их байв. Ингэснээр бие даасан тоглогчид үгүй болж Коммунист нам дахин хяналтаа тогтоов. Жинхэнэ капитализм гэж одоо байхгүй.

Хоёрдугаарт, Covid-19-тэй хэрхэн чанга гараар тэмцсэнээс нь харвал Хятадад хаалттай нийгэм ноёлсон хэвээр л байгаа аж. Хувь хүний эрх чөлөө гэдэг зүйл бодитоор хаана ч байхгүй тул эдийн засгийн тогтвортой өсөлт дахин бий болно гэж найдалтгүй.

Гуравдугаарт, Хятадын хүн ам өнгөрсөн онд 850 мянгаар буурч, 1.425 тэрбум болсон. Энэ хооронд Энэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэн, 1.428 тэрбум хүнтэй боллоо. НҮБ-ын мэдээлснээр, АНУ 340 сая хүн амтай бөгөөд гуравдугаарт орж байна. Хятадын хүн амын бууралт цаашид ч үргэлжилсээр, 2100 он гэхэд 766 сая болох төлөвтэй байна. Энэ нь мэдээж "Нэг өрх нэг хүүхэд" бодлогоос үүдэлтэй бууралт. Эсрэгээрээ, АНУ-ын хүн ам өссөөр энэ зууны эцэс гэхэд 394 саяд хүрнэ. 

Хятадын хүн ам огцом өсдөггүй л юм бол АНУ, Хятадын эдийн засгийн ялгаа хэзээ ч бүрэн арилахгүй, эсвэл хүлээгдэж байснаас хамаагүй удаан үргэлжлэх болно.

Барууныхан Хятадын ашиг сонирхол, дарангуйлагч засаглал зэрэгтэй зууралдаж, төөрөлдөхөө больсон. Итали улс л гэхэд "Бүс ба зам" санаачилгаас татгалзлаа. Мөн Их Британийн ерөнхий сайд асан Лиз Трасс ирэх долоо хоногт Тайваньд айлчлах гэж байна. Япон дахин зэвсэглэж, Энэтхэг хүчирхэгжиж эхэллээ.

Хүн төрөлхтөнийг дор хаяж 50 жилээр ухраах гамшигт мөргөлдөөнөөс бид зайлсхийж чадах уу? Аль эсвэл Хятадууд Тайваньтай хийх дайнаар бооцоо тавих болов уу? Хэрвээ Путин дайнд ялж чадвал Ши Жиньпинд үнэнч байхаа тангарагласан, нөмөр нөөлөг дор нь хамгаалагдсан нэгэн болно гэж "The telegraph" хуудас дүгнэжээ. ОХУ-ын доройтол нь  Хятадын хувьд өөрсдийн ноёрхлоо баталгаажуулах мянган жилд ганц л тохиож буй боломж юм.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж