Ц.Даваасүрэнгийн бухимдал ба популистуудад ашиггүй ПРОПОРЦИОНАЛЬ!

Хуучирсан мэдээ: 2023.05.11-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэнгийн бухимдал ба популистуудад ашиггүй ПРОПОРЦИОНАЛЬ!

Ц.Даваасүрэнгийн бухимдал ба популистуудад ашиггүй ПРОПОРЦИОНАЛЬ!

Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгаас УИХ-д гурван удаа сонгогджээ. Дөрөв дэх  дахь удаагаа  дахин нэр дэвших хүсэл Ц.Даваасүрэнд бий байх, тиймдээ нэг танхимд, нэг байшинд сууж байгаа атлаа нам, засгаа камер харж эсэргүүцэх болсон нь цаанаа зорилготой, бүр даалгавартай байж мэднэ.  Юм гэдэг учиртай, тэр тусмаа улстөрчдөд учиргүй, санамсаргүй, зорилгоггүй үг, үйлдэл нэгээхэн ч байхгүй. Түүнийг засагтаа урьж, Барилга хот байгуулалтын сайдаар томилсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувиар Ц.Даваасүрэнд дахин нэр дэвших боломж олгох эсэх нь одоогоор тодорхойгүй. Сонгууль болтол зай ч байна, лай ч байна.

АТГ-аас гаргадаг Хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал Ц.Даваасүрэнгийн орлого жилээс жилд өссөн үзүүлэлттэй, эсрэгээрээ аймгуудын өрсөлдөх чадварын тайланд дурдсанаар аялал жуучлалын гол бүс нутаг болох Хөвсгөл хөгжил муутай, улсын төсвөөс хамгийн их татаас авдаг аймгийн нэгээр бичигдэж ирсэн. Атал  уул уурхайн гол бүс нутаг болох Өмнөговь өрсөлдөх чадвар өндөртэй,  хамгийн бага ядууралтай аймгаар нэрлэгддэг. Товчхондоо, Ц.Даваасүрэнгийн хувийн орлого, Хөвсгөлийн хөгжил хоёр өнгөрсөн 12 жил урвуу хамааралтай явж ирсэн байна.

Нэг.

Гишүүн Ц.Даваасүрэн Сонгуулийг пропорциональ системээр явуулахыг, мөн ҮХНӨ-өөр гишүүдийн тоог нэмэхийн эсэргүүцэж байгаа. Түүний эсэргүүцэж буй пропорциональ тогтолцоо нь нэгд, сонгогчдын санал хамгийн бага гээгддэг, хоёрт, нийгмийн салбар бүрийн төлөөлөл парламентад орж ирэх боломжтой, гуравт, олон намын оролцоог хангаж, улс төрд зөвшилцөл, харилцан ойлголцлыг бий болгодог. Харин гишүүдийн тоог нэмснээр нэг гишүүний кнопны эрх мэдэл буурч авлига, хулгай багасна. Маш товчхоноор тайлбарлавал гишүүд 10 хувь авах боломжгүй болно гэсэн үг. Хөгжлийн банкны хэргээс харвал зээлийг нь бүтээж өгсний ёндоо гэж улстөрчид 10-20 хувийг авах нь хэвийн үзэгдэл болжээ, Монголын нийгэмд.

Мөн хууль тогтоох байгуулагын хяналт, чадамж, бүтээмж сайжирна. Олон нийтийн санал санаачилга төрийн бодлого, шийдвэрт тусна. Хамгийн гол нь тойргийн бүтээн байгуулалт нэрээр төсвөөс авдаг дөрвөн тэрбумаараа гишүүд аяга, таваг, сав суулга, чихэр жимсхэнээр сонгогчдын нүдийг хуурч чадахаа болино. Жалга довны төсөв биш улсын том бодлого, хөгжлийн тухай УИХ дээр ярьдаг болно. Бүр чухал нь гишүүд гадна, дотны лоббид автахгүй.

Тэгвэл Ц.Даваасүрэнгийн дэмжээд байгаа мажоритори тогтолцоо нь нэгд, сонгогчдын санал маш их гээгддэг. 1992, 2000, 2016, 2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдын санал дунджаар 23-43 хувь гээгдсэн гэх тоо, судалгаа бий. Жишээ нь, 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН сонгогчдын 45 хувийн саналаар 62 суудал авсан нь сонгуулийн дүн шударга гарлаа гэж дүгнэхэд хэцүү.  Жижиг тойрогт иргэд намын мөрийн хөтөлбөрт нь биш  нэр дэвшигчийг нь харж дугуйлдаг. Онолын хувьд, практик дээр таньдаггүй бурханаас таньдаг чөтгөрөө дугуйлах магадлал өндөр, бараг батлагдсан теорем. Намууд бөх, дуучин, телевизийн сэтгүүлчдийг нэр дэвшүүлдэг нь тэднийг мундагт нь биш танигдсан фэйс, фигурт нь болж байгаа юм. Тэр тусмаа жижиг мажоритори тогтолцоо популистуудад ашигтай.  Нэр дэвшихийн тулд зарим хүмүүс  “Шарк танк”-чин болдог нь ийм учиртай,   Ц.Даваасүрэнгийн нам, засгаа шантаажлаад байгаа шалтгаан нь ердөө энэ л дээ.  Жижиг тойрогт Д.Жагар, А.Отгонбаатар нар ялаад гараад ирвэл би хувьдаа гайхахгүй.

Хоёр.

ҮХНӨ-д ганцхан нэмэлт өөрчлөлт оруулна. Тэр нь УИХ-ын гишүүдийн тоог 152 болгоно. 76-г нь мажоритори тойргоос, 76-г нь  пропорциональ буюу намын жагсаалтаар дэвшүүлнэ гэж хуулийн төсөлд суулгаж өгсөн. “Тэгээд гишүүдээ хаанаа багтаж шингээх юм бэ” гэж зарим нь сандал, суудалд нь санаа тавьж байх шиг.  Тэгж ярих юм бол УИХ-ын 76 гишүүнээсээ олон туслах, зөвлөхүүд Төрийн ордонд суудаг. Тэд заавал гишүүдээ үүдэнд нь “манаж” суух алба байхгүй.  Хожим, хойчийн улс төр, эдийн засгийн ач холбогдолтой нь харьцуулбал ширээ, сандалын яриа жижигхэн асуудал.

Гишүүдийн тоог нэмсний маргааш түгжрэл багасч, Улаанбаатарын утаа арилахгүй нь тодорхой. Гэхдээ алсдаа төр дэх авлига,  хулгай нам доторх хуйвалдаан нь багасаад ирэхээр энэ асуудлууд яваандаа шийдэгдэнэ гэсэн үг. Ерөнхийдөө авлига, хулгай, арван  хувийн ёндоог арилгахын тулд сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог өсгөж байна гээд ойлгочиход бараг буруудахгүй.

Коммунист, ардчилсан байхаас үл хамаараад дэлхийн улс орнууд намаар дамжин төр засгаа байгуулдаг. Тэгвэл пропорциональ тогтолцоо нь намын сахилга батыг нэмэгдүүлж, институт болж хөгжих боломжийг бүрдүүлдэг.  Монголд институцийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нам алга. Зуун жилийн түүхтэй МАН хүртэл боловсон хүчний хямралд орчихсон, АН-ын хувьд өнгөрсөн гурван жил морь унасан “толгойгүй” нам явлаа.  Тиймээс одоо л сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, Үндсэн хуульдаа суулгаж өгөхгүй бол оройтно. Авлигадаа энэ улс чинь живж дууслаа.

Гурав.

Парламентад суудалтай намууд тогтолцоогоо холимог болгоход санал нэг байгаа. МАН популистуудынхаа улс төрийг давж чадах юм бол ҮХНӨ явах нь ойлгомжтой болжээ. Намууд тоо, хувь хоёр дээрээ санал зөрөлдөөнтэй, МАН гишүүдийн тоог 152 болгох, 76-г нь тойрогт сойж, 76-г нь намын жагсаалтаар оруулж ирэх сонирхолтой байгаа. Харин АН-ын зүгээс гишүүдийн тоог 124 орчим байхаар, мөн 60 ба 40 гэсэн хувилбарыг ярьж буй. Үндсэн хуульд жагсаалтыг яг, таг хуульчлах шаардлагагүй гэсэн байр суурийг ч сөрөг хүчин хэлж байна.

Гишүүдийн тоог 152 болгох, мөн 50:50 байх нь ямар давуу талтайг  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбарласан байна лээ, “Пропорционалын эзлэх жин бага байвал улс төр, сонгууль дахь мөнгөний нөлөө, популизмыг хумихад үр дүн муутай байдаг” гэж. Тэгвэл АН-ын гишүүн М.Чимэддорж 60:40 гэх хувилбарын давууг талыг “Тойргоос сонгогддог нь /60 хувь/ илүү жин дарж байж хүчний харьцаа хангагдана” гэж тодорхойлжээ.

Гишүүдийн тоог нэмснээр давхар дээлтэй гишүүдийн УИХ дахь нөлөөлөл нь буурч, парламентын хяналт сайжирна гэж АН, МАН адилхан байр суурьтай байна. Иргэдийн зүгээс жагсаалтаар хулгайчид ороод ирэх вий гэсэн болгоомжлол бий. Гээд намууд ялагдъя гэвэл хулгайчуудаа л “сойх” байх. Нийгэм нэг үеэ бодвол хэрсүү болсон, хэн юу хийгээд, хэн юу яриад явдгийг нь ялгахтайгаа.

Н.Энхбаярын оймсонд хавчуулагдан ордонд орж ирсэн гэж О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ хоёрыг шүүмжилдэг. Үнэндээ МАН, АН-ын нүүрсний хулгайчдын дэргэд О.Баасанхүү бол ядаж л чуулганы хуралдаандаа яс суудаг байсан.

ҮХНӨ-ийг МАН-ынхан АН-гүйгээр хийх боломжгүй. АН-ынхан ҮХНӨ-ийг МАН-гүй хийх бүр ч боломжгүй. Гэвчиг сөрөг хүчин ҮХНӨ-ийг дэмжихгүй бол улс төрийн тавцангаас арчигдаж мэдэх эрсдэл бодитоор нүүрлэсэн.
Улс төрийн намууд засгийн  эрхийн төлөө тус, тусдаа тоо бодож байгаа нь мэдээжийн хэрэг. Харин Монголын эрх ашиг юу вэ гэж үү?! Тэгвэл Ц.Даваасүрэн юуг эсэргүүцэж байна, тэр Монголын эрх ашигт нийцэж байна л гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж