Польш улс албан ёсны баримт бичигтээ Оросын Калининград боомт хотын нэрийг өөрчлөх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг нь дайсагнасан үйлдэл гэж Кремлиэс өчигдөр /2023.05.10/ мэдэгдлээ.
Балтын эрэгт Литва, Польш хоёрын хооронд оршдог Калининград боомт хотыг дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-д нэгтгэж, улстөрч Михаил Калинины нэрэмжит болгосон юм. Энэ хүртэл Германы Кенигсберг гэдэг нэрээр танигдсан байсан. Үүнээс өмнө Польшийн вант улсын захиргаанд байхдаа Кролевец гэж нэртэй байжээ. ЗХУ 1991 онд задарч, Литва тусгаар тогтноход Калининград хот Москвагаас тасарчээ.
ОХУ-ын эксклав буюу үндсэн газар нутгаасаа салангид байрладаг тус хот нь 2022 оны байдлаар 498 мянга гаруй хүнтэй байсан.
Польшийн олон мянган офицерыг 1940 онд цаазалсан аллагатай Михаил Калинин холбоотой байсан тул хотын нэр сөрөг утга агуулж байна гэж Польш үзжээ. Тиймээс 15, 16 дугаар зуунд Польшийн вант улсын захиргаанд байсан үеийнхээр нь Кролевец гэж нэрлэх нь зүйтэй гэв. "Хотын одоогийн нэр нь тухайн хот эсвэл бүс нутагтай холбоогүй хиймэл нэр" гэж Польшийн Газарзүйн стандартчиллын хороо мэдэгджээ.
"Польш ганцаараа л галзуурч байна. Тэд түүхийн туршид Оросыг үзэн ядсан ийм галзууралд үе үе автсан" гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэв.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ