Авлига "үнэртсэн" БАРИЛГУУД!

Хуучирсан мэдээ: 2023.05.11-нд нийтлэгдсэн

Авлига "үнэртсэн" БАРИЛГУУД!

Авлига "үнэртсэн" БАРИЛГУУД!

Улаанбаатарт газрын наймаа, авлига утгаа алджээ. Төр нэг гараараа газар чөлөөлөх нэрээр энгийн иргэдийнхээ "өмчид" халдаж, нөгөө гараараа эрх мэдэлтнүүд дур зоргоороо авирлах боломжийг олгож байна.  Үе, үеийн дарга нар нь хотоо ногооруулна гэж ярьдаг ч үнэндээ ногоон байгууламжаа сүйтгэсээр ирсэний жишээнүүдийг дурдъя.  Эрх мэдэлтэй хүмүүс наанаа иргэдэд хэрэгтэй бүтээн байгуулалт хийнэ гэж хуураад том, том шилэн барилгууд барьдаг жишиг хэвийн үзэгдэл болов. Хэн ч хариуцлага тооцдоггүй, хэн ч шийтгэл хүлээдэггүй.  "Оргил" рашаан сувиллын хажууд байсан хуучны хөл бөмбөгийн талбай модыг нь огтолж, барилга барьж буй асуудал иргэдийн шүүмжлэл дагуулж байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд газрын зөвшөөрлөө зориулалтын бусаар ашигласан барилга байгууламжуудыг онцолж байна.


АЗИД ТОМООХОНД ТООЦОГДОХ УСАН ПАРКИЙН ОРОНД ОРОН СУУЦ СҮНДЭРЛЭВ

Усан парк байгуулна гэж барилгын ажил эхлүүлсэн газар одоо орон сууцны хороолол боссон. Энэ асуудал өнгөрсөн 2022 оноос эхлэн олны шүүмжлэл дагуулсан. Улмаар 2008 онд анх газрын зөвшөөрөл олгохдоо орон сууцны зориулалтаар олгосон байна гэдэг үндэслэлээр шүүх дээр тухайн барилгыг барьж буй “M&G” компани ялсан байдаг. Үүнээс хойш тус компани барилгын ажлаа үргэлжлүүлж, өнөөдрийг хүрсэн.

Үүнтэй холбоотойгоор нийслэлээс тайлбар хийхдээ "Тухайн газрыг анх 2008 оны есдүгээр сарын 17-нд орон сууцны зориулалтаар олгогдож байсан. Тус газрын эзэмших эрхийг 2020 оны есдүгээр 30-ны захирамжаар цуцалж, ногоон байгууламж болгох шийдвэр гарсан.

Гэвч Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож газрын эрхийг сэргээх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй учир 2022 оны нэгдүгээр сарын 11-ний захирамжаар тухай газарт худалдаа, нийтийн үйлчилгээ, төв цогцолбор, орон сууц, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлэх захирамж гарсан” гэсэн байдаг.

Харин “M&G” компанийн захирал А.Амарбаясгалан “Усан паркийн төслийг зогсоогоогүй бөгөөд уг төсөл 2028 онд дуусгах төлөвлөгөөтэй байгаа” хэмээн мэдэгдсэн байсан удаатай.

ТҮҮХЭН ДУРСГАЛТ БҮТЭЭЛИЙГ АГУУЛАХАД ХАДГАЛЖ, 54 ДАВХАР ОРОН СУУЦ БАРИНА

Төв шуудангийн урд талбайд “Эко констракшн” компани 54 давхар бүхий оффисын зориулалттай барилга барих гэж байна. Өмнө нь энэ газарт хуучны С61 дүгээр орон сууц байсан. Тус байрыг 2021 онд нурааж, дахин төлөвлөх ажлыг эхлүүлэх талаар албаныхан мэдээлж байв.

Тухайн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаарх нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт 2016 онд гарсан. Оршин суугчдын санал хураалтаар 80 хувь нь дэмжсэн тул 2020 оны гуравдугаар сард нийслэлийн Засаг даргын А/430 захирамж гарч, дахин төлөвлөн барилгажуулахаар болжээ.

Энэ ажлын сонгон шалгаруулалтад “Улаанбаатар пропертиз” ХХК шалгарсан бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газарт барилгажилтын төсөл хийсэн. Үүний дагуу үйлчилгээний төв бүхий орон сууц баригдахаар болсон байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх “Эко констракшн” компани барилгын ажил эхлүүлэх гэж байгаа аж.

"Эко констракшн" компанийн зүгээс 54 давхар барилга бариулах хүсэлтээ ирүүлжээ. Хүсэлт нь бол хараахан шийдвэрлэгдээгүй байгаа гэв.

Тухайн үед Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал мэдээлэхдээ “Мэргэжлийн хяналтын газраас 2014 онд Төв шуудангийн урд байрлах С61 байр нь ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг дүгнэлтийг гаргасан. Гэхдээ орон сууцны барилгыг бүрэн нураах зөвшөөрөл гараагүй байгаа. Энэ барилгыг нураахтай зэрэгцээд “Морин жилийн гараа” мозайк бүтээлийн асуудал яригдсан. Тухайн үедээ Хотын даргын удирлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, ажлын хэсэг байгуулсан. Түүхэн дурсгалыг хамгаалалт авах хүсэлтийг гаргаж, “Арт авеню” компани хамтран ажилласан. Бид тус компанийн агуулахад очиж шалгаж үзсэн. Энэ орон сууцны барилгын оронд ямар байгууламж баригдах зураг төсөл батлагдаагүй байна. Энэ барилгыг оронд барих барилга байгууламж дээр дахин наах уу эсвэл тусад нь хана босгоод тогтоох уу гэдгийг шийдвэрлээгүй байна. Цаашид бид энэ төрлийн урлагийн бүтээлийг бүртгэлжүүлж, хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудалд анхаарч ажиллана” гэдгийг хэлж байв.

АЖИЛЧДЫН БАЙРНЫ ГАЗАРТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРЬСАН УЧРААС ГАРЦАН ДЭЭР БАРИЛГА БАРЬСАН

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт, явган хүний гарцанд тулган 16 давхар ажилчдын орон сууц барьсан асуудал 2022 онд олны анхаарлыг татсан. Авлигатай тэмцэх газраас анх албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд хямд үнэтэй, тохилог, ажилчдын орон сууц барихаар төлөвлөж, 2012 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар БГД-ийн нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар газар олгогдсон боловч уг газарт цэцэрлэгт хүрээлэн барихаар болсон тул газрын байршлыг өөрчлөн олгохоор шийдвэрлэж, тухайн газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар мэдээлсэн.

Уг газрын оронд ХУД-ийн нутаг дэвсгэрт орон сууц барих зориулалтаар 2019 онд олгосон газарт ажилчдын орон сууц барьсан.

Байгууллагын албан хаагчдаас авсан орон сууцны эрэлт хэрэгцээ, шаардлага, амьдарч буй нөхцөл байдлын судалгааны үндсэн дээр түрээсийн байр, галлагаатай хашаа байшинд амьдардаг залуу гэр бүл болон тус байгууллагад олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа албан хаагчдыг хамруулан, албан хаагчид өөрсдөө гүйцэтгэгч компанитай захиалгын гэрээ байгуулан орон сууц бариулсан. Төлбөрийн хувьд албан хаагч нь өөрөө урьдчилгаагаа төлж, банкны зээлд хамрагдаж байгаа.

Байрыг төсвийн хөрөнгөөр бариулаагүй, газрын зориулалт ч өөрчлөгдөөгүй. Авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай зэрэг гадна тохижилтын ажил арын талбайдаа энэ жилдээ үргэлжлэн хийгдэж дуусна. Барилгын норм, дүрэм журам зөрчигдсөн эсэх талаар хотын захиргаанаас мэргэжлийн хүмүүс нь албан ёсны тодорхой тайлбар, тодруулга өгөх байх. Зах зээлийн үнээс доогуур, аливаа ашиг шингээгүй бодит үнээр орон сууц бариулж албан хаагчдынхаа хүндрэлтэй байгаа нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг жишиг төрийн аль ч байгууллагад байдаг. АТГ нь байраар бизнес хийсэн, хууль зөрчиж барилга бариулсан явдал байхгүй гэж мэдэгдэж байв.

“МӨРӨӨДЛИЙН УСАН ОРГИЛУУР”-ЫН ОРОНД 16 ДАВХАР БАРИЛГА БАРЬСАН

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, "Тэнгис" кино театрын урд байрлах нийтийн эзэмшлийн талбайн усан оргилуурыг 2011 онд нурааж, өндөр барилга барьсан асуудал иргэдийг бухимдуулсан. Тодруулбал, "Түмэн занги" ХХК-ийн захиалгаар 16 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг "D&N" гэх компани гүйцэтгэсэн байдаг.

Анх 2007 онд тус газарт барилга барих захирамж гарсан ч хөрөнгө оруулалт хийгдээгүйн улмаас өмнөх эзэн нь "Түмэн занги" компанид худалдсан гэх мэдээлэл ч бий.

“Тэнгис” кино театрын урдах энэ газарт эхэндээ “Мөрөөдлийн усан оргилуур” гэсэн самбар өлгөж байсан. Улаанбаатарчууд гурван давхар өндөр, Монголд анх удаа том усан оргилууртай болох нь гэж найдлага тавьж байв.

Мөн тухайн үед “Тэнгис” кино театрын удирдлагуудын зүгээс энэ газарт “Хайрын цэцэрлэгт хүрээлэн” барих зөвшөөрлийг хүссэн боловч, “Нийтийн эзэмшлийн талбайд цэцэрлэг ч барьж болохгүй” гээд зөвшөөрөл олгоогүй гэдэг. Гэтэл удалгүй нийтийн эзэмшлийн талбайг “Түмэн занги” ХХК худалдан авч, усан оргилуур ч биш бүхэл бүтэн 16 давхар үйлчилгээний барилга барьсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж