Финландын сахилгагүй ерөнхий сайд Санна Марин бүх нийтийн сонгуульд ялагдаж, албан тушаалаа хүлээлгэж өгөх болсон. Тэгвэл Санна Марин ажлаасаа ч, нөхрөөсөө ч салах болжээ. Тэрбээр 19 жил хамт амьдарсан нөхрөөсөө салахаар болсноо өчигдөр /2023.05.10/ зарлав.
"Бид салах өргөдлөө хамтдаа бичсэн. 19 жилийг хамт өнгөрүүлсэндээ талархаж байна. Маркус Райкконен бид хоёр хамгийн сайн найзууд хэвээрээ. Бид гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрөөх болно" гэж тэр инстаграмдаа бичжээ. Санна Марин, Маркус Райкконен нар таван настай охинтой.
Санна Марины Социал Демократ нам дөрөвдүгээр сард болсон бүх нийтийн сонгуулиас 43 суудал авч, гуравдугаар байрт орсон. 200 гишүүнтэй парламентаас Социал Демократ нам ийнхүү 43 суудлыг нь авсан бол консерватив Үндэсний эвсэл 48 суудал, цагаачлалын эсрэг Финландын нам 46 суудал тус тус авчээ. Хамгийн олон суудал авсан Үндэсний эвсэл нь өдгөө Финландын намтай засгийн газар байгуулахаар хэлэлцээ хийж байна.
Өдгөө 37 настай Санна Марин 2019 онд хамгийн залуу засгийн газрын тэргүүн болсон. Тэрбээр ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа сайнаар ч, саараар ч багагүй яригджээ. Тухайлбал, найзуудтайгаа наргиж байгаа бичлэг нь өнгөрсөн оны наймдугаар сард цахим сүлжээнд цацагдсанаар Санна Марин олны хэл амны бай болж байв. Энэ үйлдлээсээ бол тэр хар тамхины шинжилгээ хүртэл өгөхөд хүрсэн юм. Мөн Санна Мариныг ерөнхий сайдаар ажиллах хугацаанд Финланд улс НАТО-д элссэн түүхэн үйл явдал боллоо.
Санна Марины засгийн газар албан ёсоор огцорсон ч шинэ засгийн газар байгуулагдах хүртэл тэр түр хугацаагаар ажиллах болно.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ