Францын Үндэсний ассамблей хөлсний цэргийн "Вагнер" бүлэглэлийг террорист бүлэглэлийн жагсаалтад оруулахыг Европын холбооноос шаардаж байна. Хүчин төгөлдөр болоогүй ч уг тогтоолыг улс төрийн хүрээнийхэн санал нэгтэй дэмжжээ.
"Вагнерынхан хаана ч явсан тогтворгүй байдал, хүчирхийллийг түгээдэг. Тэд хүмүүсийг хөнөөж, тамлаж байна. Бас дээрэмдэж байна. Айлган сүрдүүлж, зальддаг" гэж Францын хууль тогтоогч Бенжамин Хаддад хэлэв.
Энэхүү тогтоолыг баталсан Францын хууль тогтоогчдод Украины ерөнхийлөгч Зеленский талархал илэрхийллээ. "Оросын Вагнер бүлэглэлийг террорист байгууллага гэж хүлээн зөвшөөрсөн Францын парламентад талархал илэрхийлье. Терроризмыг бүхэлд нь устгаж, террорист хүн бүрийг шийтгэх ёстой" гэж тэр хэлэв.
Украины парламент өнгөрсөн хоёрдугаар сард "Вагнер"-ыг олон улсын гэмт хэргийн бүлэглэл гэж хүлээн зөвшөөрсөн ба гадаадын засгийн газруудад ч мөн адил арга хэмжээ авахыг уриалсан юм. Түүнчлэн Их Британи ч бас тус бүлэглэлийг алан хядах байгууллага гэж үзэн албан ёсоор хориг тавих магадлалтай байна. АНУ-ын хувьд энэ оны нэгдүгээр сард "Вагнер"-ыг үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэл гэж тодорхойлоод хориг арга хэмжээ авсан. Европын зөвлөл саяхан "Вагнер"-тай холбоотой 11 хувь хүн, долоон аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ авчээ. "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин болон түүний ойрын хүрээллийнхнийг 2020 онд Их Британи, 2022 онд АНУ тус тус санхүүгийн хоригт хамруулсан.
Террорист бүлэглэлийн жагсаалтад оруулах тухай мэдээллийн дараа Евгений Пригожин мэдэгдэл хийжээ. Хэрвээ барууныхан "Вагнер"-ыг террорист бүлэглэл гэж хүлээн зөвшөөрөх юм бол тэдний дараагийн алхам нь намайг хөнөөх байх болно гэж Пригожин хэлсэн байна.
"Франц, Их Британийн удирдагчид бидний эсрэг хуйвалдаж нэгдсэн нь туйлын таагүй санагдаж байна. Би их гонсойлоо. Террорист гэж үзэж байгаа байгууллагаа та нар яах вэ? Мэдээж тэр байгууллагын удирдагч буюу намайг хөнөөнө биз дээ. Хэрвээ танай хамгаалалтынхан надтай холбогдох юм бол яг яаж хийхийг нь би заагаад өгье. Вагнерыг террорист бүлэглэл гэж үзэж болохгүй. Яагаад гэвэл бид ОХУ-ын хууль тогтоомжийг дагаж мөрдөж, засгийн газрын нэрийн өмнөөс ажилладаг. Бид хүмүүсийг терроризмаас хамгаалж, яг л Оросын энгийн арми шиг Украины эсрэг тулалдаж байна. Бид ер нь бол илүү үр дүнтэй тулалдаж байгаа" гэж Пригожин хэлжээ.
Эх сурвалж: EURONEWS, DAILY BEAST
Холбоотой мэдээ