Нийслэлийн Ардчилсан намын хорооноос хотын дарга Д.Сумъяабазарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэн даруй огцруулахыг шаардаж байна. Тус хорооноос тавдугаар сарын 1-нд энэ шаардлагаа албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ. Энэ талаар нийслэлийн Ардчилсан намын хорооны дарга Э.Бат-Үүлээс тодрууллаа.
-Ардчилсан намын хорооноос хотын даргыг ажлаа хийж чадахгүй байна гэж үзэн шаардлага хүргүүлэв үү. Өөр шалтгаан бий юу?
-Нийслэлийн ардчилсан намын хорооноос тавдугаар сарын 1-нд хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Одоогоор албан бичгийн хариу ирээгүй байна. Хуулийн хугацаа нь 14 хоног байдаг шиг санаж байна. Хотын дарга Д.Сумъяабазар ажлаа хийж чадахгүй байгаагаас гадна сүүлийн үед Улаанбаатарын цаашдын хөгжил, ашиг сонирхолд нэлээд хортой зүйлс ярьж, хэлэх боллоо.
Жишээлбэл, monorail гэж нэг дугуйтай, багана дээгүүр явдаг тээврийн хэрэгслийн талаар ярьж байна. Тэрийг Энхтайваны өргөн чөлөөгөөр явуулна гэж буй. Энэ бол хот байгуулалтыг үндсээр нь эвдэх үйл ажиллагаа.
Нөгөө талаараа иймэрхүү үйл ажиллагаагаа санхүүжүүлнэ гээд нүүрсний том орд газрыг барьцаалж, зээл авч санхүүжүүлнэ ч гэх шиг. Зах зээлийн бус аргаар хууль бус юмыг улаан цайм сурталчилж байна. Төр захиргааны үйл ажиллагаа төсвийн хөрөнгөөр явдаг хуультай. Ер нь дэлхийд тухайн бизнест зээл авч байгаа бол тэр бизнесээрээ эргэн төлдөг болохоос биш өөр салбарын эд зүйл барьцаалж, хөрөнгө оруулалт хийнэ гэж байдаггүй. Энэ чөлөөт зах зээлийн журамд харш зүйл. Хятадад энэ практикыг зогсоосон. Учир нь асар их хөрөнгө мөнгийг үүгээр шамшигдуулсан, авлигын бүлэг гэмт хэрэг гарсан байдаг. Тэрнээс биш үр ашгийг нь тооцоололгүй хөрөнгө оруулалт хийчихээд өөр бизнесээр төлнө гэж ярьж байгаа нь буруу юм.
-Дэлхийн улс орнууд монореал, дүүжин тээврийг нэвтрүүлж, түгжрэлийг бууруулсан жишээ байдаг уу?
-Хамгийн гол нь monorail, дүүжин тээвэр зэрэг нь манайх шиг хүйтэн хотод зохицохгүй тээврийн хэрэгсэл. Эдгээр нь өвлийн улиралд хөлдүүс болно. Тэр байтугай халаалттай автобус нь өвөлд хөлдөж байгаа шүү дээ. Мөн эдгээр тээвэр нь өвөлд царцах аюултай. Агаар дээгүүр явж байгаад царцвал яах вэ. Дэлхийн улс орнуудад хамгийн хүйтэндээ -20 градусаас доош байж явдаг техникүүд. Харьцангуй дулаан орнуудад хэрэгжүүлдэг. Жишээлбэл, ОХУ-ын нийслэл Москвад monorail метроны туслах шугам болгож, дөрвөн километр зайд ашигласан. Тэрүүгээр хүмүүс явахаа болихоор нь аялал жуулчлалын зориулалтаар ашигласан. Одоо болтол тэрийг тойрсон хэрүүл тасрахгүй байгаа.
Мөн БНСУ-ын Сөүл хотод monorail аюултай гээд зогсоочихсон. Метроны техник эдийн засгийн үндэслэл нь гарчихсан байхгүй юу. Гэтэл дүүжин тээвэр, monorail нь ямар ч ТЭЗҮ байхгүй.
Одоо тэр ТЭЗҮ-г нь хийлгэх гээд Франц улс руу 20 тэрбум төгрөг шилжүүлчихээд сууж байна. Юу гэсэн үг вэ. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд ч байхгүй. Хүйтэн уур амьсгалтай манайх шиг оронд зохицохгүй тээврийн хэрэгсэл.
-Та өөрөө хотын даргын албыг хашиж байсан. Одоогийн хотын даргын ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хотын даргын ажил Монгол Улсын хамгийн хүнд ажил. Засгийн газар, УИХ гэх мэт ямар ч төр захиргааны байгууллагын хажууд 1.5 сая хүн ам цугласан, түгжрэл, хөрсний бохирдол зэрэг өдөр тутмын асуудалтай нүүр тулсан хотын ажил барагдахгүй. Тиймээс хамгийн хүнд ажил гэдгийг мэддэг учраас хажуунаас нь шүүмжлэхээс илүүтэй ойлгохыг боддог. Гэхдээ Д.Сумъяабазарын тэнэглэл арай дэндэж байна. Би аргаа барж байна. Улаан шугам давна гэж байдаг бол түүний тэнэглэл улаан шугам давчихлаа. Өмнө нь бидний хийж хэрэгжүүлж байсан ажлын 10 хувьд ч хүрэхгүй байна.
МАН-ын өнгөрсөн найман жилийн хугацаанд бидний дөрвөн жилд хийсэн ажлын 50 хувьд хүрч болно шүү дээ. Гэтэл 10 хувьд хүрэхгүй байна.
Жишээлбэл, 2013 онд баталсан хотын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт бидний үед 20 орчим хувьтай байсан бол тэрнээс хойш тэг хувьтай. Хот байгуулалт гэдэг чинь зөн билгийн тулаан шиг ярьдаг зүйл биш. Хот байгуулалт гэдэг чинь шинжлэх ухаан. Ямар хэмжээний цахилгаан станц, замтай байх вэ гээд тоо, баримттай зүйл. Гэтэл Д.Сумъяабазар зөн билгийн тулаан хийгээд байх юм.
Холбоотой мэдээ