"Үндсэн хуулиар шийдэх асуудлыг Эрүүгийн хуулиар оруулж ирж байна"

Live"Үндсэн хуулиар шийдэх асуудлыг Эрүүгийн хуулиар оруулж ирж байна"

"Үндсэн хуулиар шийдэх асуудлыг Эрүүгийн хуулиар оруулж ирж байна"

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр/2023.05.11/ 19 дэхь өдрөө үргэлжилж байна.


 

17 : 19
2023-5-11

"Үндсэн хуулиар шийдэх асуудлыг Эрүүгийн хуулиар оруулж ирж байна"

Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр:

Хоёр асуудал байгаа учир нэг, нэгээр нь яръя. Нэг нь замын асуудал. Хавтаст хэрэгт аливаа нотлох баримтыг эх хувиар нь, боломжгүй бол баталгаажуулсан хувийг авах ёстой байдаг. Харамсалтай нь энд алга. Засгийн газрын жинхэнэ хувийг харуулъя. Ялгаа нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр нарын гарын үсэг байгаа. Хамгийн гол нь доод талд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Сайханбилэг гэж байгаа. Яллах дүгнэлтэд 117 асуулт бий. Би тийм олон асуудлыг ярихгүй. Зөвхөн Засгийн газрын тогтоолыг яръя. Ц.Сайханбилэгийн гарын үсэг байгаа нь энэ Засгийн газрын тогтоол хуульд бүрэн нийцсэн гэдгийг баталгаажуулж байгаа юм. Баталгаажуулсны дараа Ерөнхий сайд дээр ордог. Бүтэн эх хувь нь энэ байна. Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн гүйцэтгэлийн хариуцах сайд гарын үсэг зурна гэж байгаа. Энэ дагуу илгээсэн. Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар эсвэл УИХ хүчингүй болгоно гэж байгаа.

Нэг компанид давуу эрх олгосон гэж байна. Энэ компани монополь болчихжээ гээд нийтийн компани болгосон юм. Ерөнхийдөө Засгийн газрын тогтоол шийдвэрийг хуульд нийцээгүй бол шүүхийн журмаар авч үзнэ гээд заачихсан байна. Үндсэн хуулиар шийдэх асуудлыг Эрүүгийн хуулиар оруулж ирж байгаа нь манай прокурорууд анхаарал хандуулахыг хүсэж байна.

2019 онд шүүхээр ороод нотлох баримт хангалттай биш гэсэн. Дараа нь 2020 онд дахиад хэрэг үүсгэсэн. Дараа нь дахиад хэрэгсэхгүй болгосон. Өнгөрсөн жил дахиад хэрэг үүсгэсэн. Одоо ингээд сууж байна. Засгийн гишүүний хувиар өөрт олгогдсон эрх үүргийн дагуу Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн. Энэ 1800 км замаар монголчууд арван жил явж байна.

13 : 21
2023-5-11

"Эрдэнэт үйлдвэр тендер зарлалгүй QSC-ээс хоёр белаз авсан"

Яллагч:

-Шүүгдэгч Б.Шинэбаатарт холбогдох Эрдэнэт үйлдвэр ХХК буюу дотоодын хөрөнгө оруулалттай, төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжид ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Эрдэнэт үйлдвэрт “QSC” компаниас хоёр ширхэг белаз худалдан авч, холбогдох хууль дүрмийг зөрчиж, давуу байдал үүсгэн Эрдэнэт үйлдвэрт хохирол учруулсан гэх үйлдэл байна. Үүнийг шинжлэн судална.

2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл бий. Хоёр ширхэг белаз нь 2013 онд Беларусь улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд эвдрэл гэмтэлгүй, хэвийн үйл ажиллагаатай, иж бүрэн тоноглолтой, зургаан ширхэг дугуйтай гэжээ. Гүйлтийн заалт нь 156,669, мотор цаг 12,883 байсныг тэмдэглэлд хавсаргажээ. Уг тээврийн хэрэгслийг 2014 онд Эрдэнэт үйлдвэрт хүлээн авахад гүйлтийн заалт нь 29,429 байжээ.

Хоёр ширхэг белаз автомашинтай холбоотой шалгалт хийхэд Эрдэнэт үйлдвэрийн 2016 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй хоёр белаз авахдаа нээлттэй тендер зарлаагүй шууд гэрээ байгуулан худалдан авсан. Уг машинууд нь 2013 онд үйлдвэрлэгдэж, 2014 онд Монголд орж ирсэн. Монгол Улсад үйлдвэрийн зориулалттай ашиглагдаж байсан. Гэрээ шууд байгуулах хоёр үндэслэл бий. Нэгт нь нээлттэй тендерийг хоёр удаа зарлаад амжилтгүй болсон тохиолдолд. Хоёрдугаарт, байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн үед.

Эрдэнэт үйлдвэрийн хангамжийн хэлстийн мэргэжилтний мэдүүлэгт “Эрдэнэт үйлдвэр нь 2014 онд хоёр белаз авсан. Сонгон шалгаруулалт дээр “Юнайтедбелаз” гэх Беларусийн белазийн Монгол дахь албан ёсны борлуулагч нь ганцаараа орж ирсэн. Манай үйлдвэрийн шаардлагад нийцсэн машин байсан. Мөн мөнгийг нь хувааж авдаг учир үйлдвэрийн санхүүгийн ачааллыг бууруулдаг. “QSC” компаниас 2016 онд хоёр ширхэг белаз орж ирсэн. Гэрээ хийгдсэн байсан” гэв.

Гэрч Буяннэмэх мэдүүлэгтээ “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Эрдэнэт үйлдвэрт хяналт шалгалт хийсэн. 2016 онд Оросын 49 хувийг Монголд шилжиж, дан ганц Монгол Улсын хууль тогтоомж үйлчлэх нөхцөл бүрдсэн. Гэвч Эрдэнэт үйлдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, худалдан авах ажиллагааны тухай хуулийг мөрдөөгүй байсан. 2016 онд нийт 800 гаруй худалдан авалтын гэрээ байгуулсан байсан. Үүнээс 18 орчимд нь нээлттэй тендер зарлаж, бусдыг нь шууд гэрээ байгуулсан байсан. Эрдэнэт үйлдвэрт шалгалт хийхэд уг хоёр ширхэг белазтай холбоотой бичиг баримтыг үзэхэд Эрдэнэт үйлдвэрийн 2016 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Тендер зарлалгүй, шууд худалдан авсан байсан. 2013 онд үйлдвэрлэгдэж, 2014 онд Монголд орж ирэн үйлдвэрийн зориулалттай ашиглагдаж байсан машинуудыг 8.74 тэрбум төгрөгөөр худалдан авсан байсан” гэжээ.

Гэрч Энхбаясгалан “QSC компанийн албан бичиг дээр белазуудын үнийн санал байсан. Уг үнээр гэрээний үнийг тавьсан. Ерөнхий захирлын тушаал дээр тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар гарын үсэг зурсан. Ерөнхий захирал тухайн үед ажил дээр байгаагүй. Уг тушаалын дагуу худалдан авалт хийгдсэн” гэжээ.

Яллагч:

Гэрт Батбаяр мэдүүлэгтээ “Эрдэнэт үйлдвэрийн зах зээл судалгааны хэлтэс нь экспорт, импортын зах зээлийн судалгаа, гааль, тээврийн зардлыг судлах үндсэн чиг үүргтэй. Импортын судалгаа гэдэг нь Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр худалдан авч буй барааны зах зээлийн үнийн судалгааг тогтоож, ханган нийлүүлэгчийн судалгааг хийдэг. Үнийн судалгааны таван жилийн бааз үүссэн. Эрдэнэт үйлдвэр нь “QSC”-ээс хоёр белаз авахад би газар дээр нь ажилласан. Манай хэлтсийн дарга Эрдэнэболд надад хоёр белаз авч байгааг хэлж, хамт яв гэсэн. Би авто тээврийн дарга Ганболдтой ярьж, хэзээ явах вэ гэхэд аль хэдийнэ авахаар шийдвэр гарсан гэсэн. Би механикийн хэлтсийн дарга, цувааны дарга нарын хамт Төмөртэйн орд руу явсан. Газар дээр нь очиход 2013 онд авсан, ашиглагдсан белазууд байсан. Гэрээтэй нь танилцсан. Анх 1.8 сая ам.доллараар авч, ашигласан юм байна лээ. Энэ талаар би танилцуулсан. Тодорхой хугацаанд ашиглагдсан байсан учир санал болгож байгаа үнээс нь хоргодол тооцуулах саналтай байсан ч манай хэлтсээр гарын үсэг зуруулаагүй тул элэгдэл, хорогдол тооцуулах талаар хэлж чадаагүй” гэжээ.

 

10 : 37
2023-5-11

"44.3 тэрбумаар барих боломжтой замыг 46.3 тэрбумаар барьсан"

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр/2023.05.11/ 19 дэхь өдрөө үргэлжилж байна.

Яллагч:

-Нотлох баримтын агуулгыг яръя. Материал худалдан авсан байгууллагын жагсаалт, тендерийн жагсаалт, баримт бичиг, үнэлгээний хорооны тайлан, Сангийн яамны гэрээ, хэлэлцээр, хурлын тэмдэглэл зэргийг холбогдох мэргэжилтнээс хүлээн авсан. Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжих барилга байгууламжийг жагсаалд ороод төсөвт өртөг нь 2012-2014 онд 37.2 тэрбум төгрөгөөр тогтоогджээ. 2012 онд гурван тэрбум төгрөг тусгагджээ. 2012 оны нэгдүгээр сарын Зам тээвэр, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын тушаал бий. Үүгээр үнэлгээний хороо байгуулагдсан.

2014 оны есдүгээр сарын 22-ны өдрийн Хөгжлийн банкны санхүүжилтээр Архангай-Солонготын даваа чиглэлийн 100 км замын ажлын гүйцэтгэл, хугацааны өөрчлөлт зэргийг тодруулсан баримт бий. 100 км замын ажлын 2013 онд барьцааны гэрээ байгуулжээ. Эдгээр баримтууд дээр тодруулахад, компанийн албан тасалгаанд үзлэг хийн холбогдох албан тушаалтнуудын мэдээлэл бүхий хүснэгтийг олсон байна. Зам тээврийн яамны холбогдох албан тушаалтнуудын нэр дурдагдсан баримтуудыг онцолж, тэмдэглэл хийсэн.

Шинжээч н.Саранхүүгийн мэдүүлэг авсныг шинжлэн судлъя. “Манай шинжилгээний баг 2013 оны есдүгээр сарын 24-ний байдлаар гэрээ байгуулах үеийн зах зээлийн ханш, норм норматив стандартын дагуу “Мон Рөүд” ХХК-ий гаргасан ажлын тоо хэмжээ Халзан бүргэдэй – Солонготын даваа чиглэлийн 100 км замыг шалгасан бөгөөд нийт өртөг 44.3 тэрбум төгрөг болж байна. Харин гэрээ байгуулах үед 46.3 тэрбум төгрөг болж нэмэгдүүлсэн нь зах зээлийн үнэлгээнээс 2 тэрбум 35 сая 439 мянган төгрөгөөр илүү байна” гэсэн дүгнэлт байна.

Шинжээч Мөнхзаяагийн мэдүүлэг бий. “Мон Рөүд ХХК нь уг замыг хийж гүйцэтгэсэн бөгөөд бидний зүгээс 43.3 тэрбум төгрөгөөр хийх боломжтой байсан гэж үзэж байгаа” гэжээ. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Цолмонтуяагийн мэдүүлэг бий. Тухайн үед Сангийн яамны хууль зүйн газрын мэргэжилтнээр ажиллаж байсан. "2017 оны аравдугаар сарын 05-ны өдрийн мэдүүлэг бий. Шинжээчдийн дүгнэлтээр уг замыг 44.3 тэрбум төгрөгөөр барих боломжтой байсан бөгөөд зөрүү болох 2 тэрбум 35 сая 439 мянган төгрөгийг нэхэмжилж байна" гэсэн мэдүүлэг бий.

Норовын Алтанхуягийн мэдүүлэг бий. “Засгийн газрын тогтоол албажан гарах үед санал оруулсан салбарын сайд өөрчлөх боломжгүй. Эцэслэж Ерөнхий сайд авчирдаг хүн бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байдаг. Засгийн газрын тогтоол гарах явцад Засгийн газрын гишүүн дангаараа өөрчлөх эрх байдаггүй. Салбарын сайдууд асуудлыг дангаараа шийдвэрлэхээр болвол өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэдэг. Халзан бүргэдэй-Солонготын давааны 100 км зам он дамжин баригдах шинэ баригдахаар оруулсан нь зарчмын шийдвэрийн өөрчлөлтгүй юм” гэсэн мэдүүлэг байна.

Гэрч Өлзийбаяр нь тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референтаар ажиллаж байсан. “Засгийн газрын 2013 оны 124 дугаартай тогтоолыг албажуулах явцад би Н.Батбаяр сайдад уг тогтоолыг танилцуулахад Халзан бүргэдэй-Солонготын давааны замыг шинэ баригдах мөрөнд оруул гэж хар үзгээр сум зааж, бичиглэл үлдээсэн. Хэрэв Н.Батбаяр сайд хэлсэн өөрчлөлтийг нь оруулахгүй бол Засгийн газрын тогтоолд гарын үсэг зурахгүй, тогтоол бүхэлдээ гарахгүй нөхцөл үүссэн. Засгийн газрын тогтоолд шинээр барихаар заасан дөрвөн чиглэлийн замын нарийвчилсан төсвийг салбарын яам нь тооцоолж, Засгийн газрын хуралд оруулж, шийдвэрлүүлэх үүрэгтэй” гэжээ.

Гэрч Энхтуяагийн мэдүүлэгтэй танилцъя. Зам тээврийн яамны Автозамын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. “Манай яамны зүгээс шинээр баригдах гурван чиглэлийн есөн замын төсөвт өртөгийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу хийж хүргүүлсэн. Харин Засгийн газрын тогтоол албажиж гарахдаа шинээр баригдах есөн зам дээр Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км зам нэмэгдэж орж ирсэн. Мөн төсөвт өртгийг нь хоосон орхиж, шинээр баригдах болон он дамжих авто замын бөөн дүн дээр 570 тэрбум төгрөг гэж гаргасан байсан. Нийт төсөвт өртөг 5.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Ийнхүү Халзан бүргэдэй-Солонготын давааны замын ажлын төсөв нь гэрээ байгуулагдах үедээ 9.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байсан” гэжээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-11 103.9.89.103

Бүгдийнх нь хөрөнгийг улсын орлого болгоод шорон луу нь явуул ааааааа….

Avatar

Нэргүй 2023-05-11 202.126.90.138

ХУЛГАЙ !!!

Avatar

Нэргүй 2023-05-11 192.82.86.148

Энэ улс оронд бүтэж байгаа юм юу ч алга. Дан хулгай. Авилга хулгайтай тэмцэнэ гэж үү

Avatar

Нэргүй 2023-05-11 64.119.16.240

төрийн яам, агентлагуудын ажил ч нэг л биш байнаа! Утсаа авахгүй юм. Авлаа ч олигтой хариу өгөхгүй юм! Нэг юм хэлсэн болоод утсаа тасалчихдаг хүмүүс төрийн албанд тэнцэх үү?

Avatar

үнэн 2023-05-11 192.82.66.247

гайгүй байна аа, Шинэ нисэхийг 100 сая доллараар хангалттай барьчихаар байхад манайхан 800 орчим саяар барьсан шүү дээ! эрт орой нэгэн цагт энэ асуудал сөхөгдөж нилээд хэдэн хүн дээлээ нөмрөх байхдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж