Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ирэх зургадугаар сард АНУ-д төрийн айлчлал хийх тухай Цагаан ордноос мэдээллээ. Энэхүү төрийн айлчлал нь АНУ, Энэтхэгийн "чөлөөт, нээлттэй, цэцэглэн хөгжсөн, аюулгүй Энэтхэг-Номхон далайн бүсийг байгуулах хамтын амлалтад" түлхэц үзүүлнэ гэж Цагаан ордон мэдэгдэв. Мөн хоёр орны батлан хамгаалах, цэвэр эрчим хүч, сансар огторгуй зэрэг стратегийн технологийн түншлэлийг ахиулах хамтын шийдлийг бэхжүүлэх гэнэ.
Энэ нь Модигийн АНУ-д хийж буй анхны төрийн айлчлал болно. Тэрээр 2021 онд АНУ, Австрали, Япон, Энэтхэгийг цуглуулсан Дөрвөлийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Цагаан ордонд айлчилсан.
Энэтхэгийн талаас энэ айлчлалыг түүхэн гэж тодотгож байгаа бөгөөд Вашингтонтой хамтын ажиллагаа өрнүүлж, "дөрвөлийн оролцоог өргөжүүлэх, нэгтгэх боломжуудын талаар ярилцах" боломжийг онцолж байна.
Хэт үндсэрхэг үзэлтэй Модийн удирдлага дор Энэтхэгт хүний эрх, ардчиллаас ухрах асуудал анхаарал татаж байгаа ч Хятадын хүчирхэгжилтийн эсрэг АНУ-ын гадаад бодлогод Шинэ Дели чухал байр суурь эзэлж байна. Ази дахь Хятадын түрэмгий байдал нэмэгдэж буйн эсрэг хүчний тэнцвэрийг хадгалахын тулд Энэтхэгийн байр суурийг өргөх шаардлага АНУ-д тулгарч байгаа юм. Үүний зэрэгцээ Украины дайн нь АНУ, Энэтхэгийн түншлэлд эргэлтийн цэг болоод байна. Энэтхэг нь урт хугацаанд Оростой цэргийн хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд Украинд хийж буй дайнд Москваг буруутгаагүй боловч дайсагналаа зогсоохыг уриалж буй.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ