Т.Аубакир: Монголоор цэвэр ярих ёстой гэдэг нь бас хүчирхийлэл

Хуучирсан мэдээ: 2023.05.11-нд нийтлэгдсэн

Т.Аубакир: Монголоор цэвэр ярих ёстой гэдэг нь бас хүчирхийлэл

Т.Аубакир: Монголоор цэвэр ярих ёстой гэдэг нь бас хүчирхийлэл

 УИХ-ын гишүүн Т.Аубакир гишүүнтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж тоо, тогтолцоонд өөрчлөлт оруулах гэж байна. Алс хязгаар Баян-Өлгий  аймгаас сонгогдсон гишүүний хувьд тойргийнхоо иргэдтэй хэрхэн тулж ажиллах төлөвлөгөөтэй байна?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэдийнхээ саналыг авах журамтай. Тийм учраас би УИХ-ын гишүүн Х.Баделхан гишүүний хамт тойрогтоо ажиллаж байна.

Х.Баделхан гишүүн хойд талын зургаан сумдад эхлээд ажиллах бол би аймгийн төвийн 13 багт ажиллана. Төрийн бүх байгууллагын алба хаагчидтай уулзаж, ярилцах бодолтой байна. Учир нь Үндсэн хууль бол суурь хууль учраас түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудалд хөнгөн хуймгай хандаж болохгүй.

Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлд УИХ-ын гишүүний тоог 152 болгох талаар тусгасан. Ер нь гишүүдийн тоог нэмэхэд буруудах зүйл байхгүй. УИХ-ын 76 гишүүний нэг нь гурван байнгын хороонд харъяалагдаж байна.

УИХ-ын чуулганд оруулж ирж байгаа зарим хуулийн төслүүдийг бүрэн уншиж танилцах боломж хомс байна. Түүнчлэн гишүүн бүр бүх салбарт мэргэшсэн, судалсан туршлага бага. Би хувьдаа хөдөө аж ахуй болон боловсролын салбарын хууль орж ирэхэд түлхүү анхаарал тавьж ажилладаг. УИХ-ын гишүүн бүх салбарт хүрэлцэхгүй байгаа учраас УИХ-аас батлан гаргаж байгаа зарим хууль түүхий, хийдэл ихтэй гараад байгаа юм биш биз гэсэн болгоомжлол тээж явдаг. Магадгүй 152 биш юмаа гэхэд 76 гэдэг тоог нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Тэгвэл парламентаар маш сайн чанагдсан хууль батлагдана.

-Нийт гишүүдийн 50 хувь мажоритар, 50 хувь нь пропорциональ тогтолцоогоор сонгогдох санал оруулж ирсэн. Ийм тогтолцоог нэвтрүүлснээр хүн амын болоод газар нутгийн төлөөлөл парламентад орох боломж бүрдэнэ гэж харж байна уу?

-Монгол Улс мажоритар болон холимог тогтолцоог аль алийг нь хэрэглэж байсан туршлагатай. Мажоритар тогтолцоог ашиглаж байсны сул тал сүүлийн үед тод харагдах болсон. Тухайлбал, гишүүд тойргоосоо хэт их хамааралтай. Тойргийн жижиг асуудалд анхаарал хандуулж, улс орны томоохон бодлогууд ард хоцорч, улс орны хэмжээний шийдвэрийг зоригтой шийдэж чаддаггүй нь ажиглагдаж байна. Тийм учраас тоо, тогтолцоог өөрчлөх нь зөв. Зарим иргэд гишүүдийн тоог нэмэгдүүлснээр төсөвт их хэмжээний дарамт ирнэ гэж ойлгоод эсэргүүцэж байна. УИХ-ын гишүүд 2.4 сая төгрөгний буюу дундаж л цалинтай шүү дээ. Нэг гишүүнд өч төчнөөн тэрбум төгрөг хуваарилдаг гэх яриа бол худал цуу яриа. Тойргийнхоо иргэдийг төлөөлж төрд сууж байгаа учраас энэ тал дээр сонгогчдынхоо санал, бодлыг түлхүү сонсоно.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал УИХ-ын 152 гишүүний талыг нь буюу 76 нь жагсаалтаар сонгоно. Жагсаалтаар орж ирэх хүмүүст ямар шалгуур тавих вэ?

-Нэг талаас пропорциональ тогтолцооны нэг сул тал нь жагсаалт гэж харагддаг. Зарим хүн жагсаалтаар нөгөө л нэг мөнгөтэй, эрх мэдэлд дуртай хуучин хүмүүс ороод ирэх вий дээ гэсэн болгоомжлолоор хандаж байна. Манай намын хувьд жагсаалтын талаар бага сага ярилцсан. Жагсаалтаар нийгмийн давхарга, сигмент бүрийн төлөөллөө оруулж ирэх зөв гэсэн байр суурин дээр тогтсон.

Парламент өөрөө мэтгэлцээний талбар учраас Монгол Улсад байгаа бүхий л салбарын асуудлуудыг ярьдаг учраас тэдний төлөөллийг оруулах нь зүйд нийцнэ гэж бодож байна. Тийм учраас манай нам жагсаалтаар нийгмийн төлөөллийг оруулж ирэх талд зогсоно гэдгээр санал нэгдсэн.

Тухайлбал, багш хүн парламентад орж ирж байж боловсролын тогтолцооны асуудлыг түлхүү ярьж, шийднэ.  Ер нь яагаад тогтолцоог өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна гэхээр мажоритар тогтолцоонд олон сул тал байна. Тийм учраас нийтээрээ энэ асуудлыг хэлэлцэхийг дэмжиж байгаа юм. Гишүүд тойргоосооо хэт хамааралтай болчихсон учраас тойргийнхоо иргэдэд л таалагдаж байвал улс орны эдийн засаг, аюулгүй байдал, гадаад харилцаа сонин биш болчихлоо. Тойргийнхондоо л таалагдаж байвал улс эх орныхоо нийгэм, эдийн засгийн байдлыг золиослоод ч хамаагүй шийдвэр гаргадаг байдал пропорциональ тогтолцоотой болсноор арилна. Тойргоосоо хэт хамааралтай бс болохоор улс орны бодит байдлыг айж чихгүйгээр хэлнэ. Дараа нь намайг сонгохгүй байх болов уу гэсэн айдасгүйгээр үнэний талд, зөвийн талд бат зогсох боломж бүрдэнэ.

Шинэ Үндсэн хууль баталаад 30 жил боллоо. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн түвшин яаж өөрчлөгдөв,  эрүүл мэнд боловсролын түвшин хаана явж байна. Гадаад харилцаа яаж өөрчлөгдөв зэргээр өнгөрсөнд туулсан ололт амжилтандаа дүгнэлт хийх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөж байгаа хэрэг. Ард иргэд бага боловч өөрчлөлт хийхийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Хэрэв эдийн засаг, иргэдийн амьдрал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ одоо байгаа хэмжээндээ болж байна. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагаггүй гэсэн шийдвэр иргэд, сонгогчид гаргавал түүгээр нь л явна. Бид иргэдийн төлөөлөл учраас тэдний үзэл санааг Үндсэн хуульдаа тусгаж өгөх ёстой.  Иргэд Үндсэн хуулийг өөрчлөхгүй гэсэн санал өгвөл өөрчлөхгүй л гэсэн үг.  Гишүүдийн тоог нэмэхтэй холбоотой хардаж сэрдэхээс илүү дараагийн 30 жилд бид ямар түвшинд, ямар өндөрлөгт хүрсэн байх талаараа бодож үзэх л хэрэгтэй.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал өнөөдөр ч яригдсан юм биш. Энэ удаагийн парламент бүрдэх үеэс 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дутууг гүйцээх ёстой гэсэн яриа гарсан. Хэд хэдэн асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байснаа зөвхөн тоо, тогтолцоон дээр тогтсоныг юу гэж харж байна?

Миний хувьд Үндсэн хуульд нэгэнт нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол нэг мөсөн томоохон өөрчлөлтүүдээ хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан.  Гэсэн  ч Засгийн газраас энэ удаа зөвхөн тоо, тогтолцоог өөрчлөхөөр хуулийн төслөө боловсруулж оруулж ирсэн. Ер нь гишүүдийн тоог нэмэх, тогтолцоог өөрчлөх  асуудал өнөөдөр яригдаж байгаа юм биш. Тухайлбал, 2008-2012 онд С.Батболд гишүүн 108 гишүүн бүхий төлөөлгчдийн танхимтай, 51 гишүүн бүхий Үндэсний зөвлөл бүхий хоёр танхимтай байх санал гаргаж байсан.

Мөн 2012-2016 УИХ-ын гишүүн Батбаяр 99 гишүүнтэй байх санал өргөн мэдүүлсэн. 2016-2020 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 108 гишүүнтэй байх түүний 54 гишүүнийг мажоритар, 54 гишүүнийг нь пропрциональ тогтолцоогоор сонгодог байх санал  оруулж ирж өргөн мэдүүлсэн.

Миний хувьд Монгол Улсын төр захиргааны байгууллагын суурь гажуудалтай байгаа талаар хөндсөн.  Тойргийнхоо 12 сумаар ороход 10 сум нь алга ташиж хүлээж авч байна. Учир нь сумын Засаг дарга нар иргэдээсээ сонгогдчихоод хийдэг ажил нь сум орон нутгийн санг цөлөмдөг, өөртөө давуу байдал бий болгож тендер будилуулдаг, өөтөө авдаг, өөрийнхөө ах дүү хамаатан саданг ажилд авдаг л хүн болчихлоо. Сум орон нутаг, иргэдийнхээ хөгжлийн төлөө юу хийж байна вэ. Ийм тогтолцоог халах нь зүйтэй гэдгийг яриад хэлээд явахаар иргэд дэмжиж байна. Ийм реформын шинж чанартай өөрчлөлтүүдийг хийх ёстой гэдгийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт саналаа хэлсэн.

Нэгэнт өөрчлөлт оруулах гэж байгаа бол далайцтай өөрчилвөл ямар вэ. Зөвхөн давхар дээлийн асуудал, гишүүдийн тоог яриад орхих асуудал биш  гэдгийг хэлж байсан.

Надад 1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэж байсан Б.Чимэд гуайн ном байна л даа. Үүнээс харж байхад тухайн үеийн дептатууд асуудалд маш нухацтай хандаж байсан юм билээ. Нийгмийн төлөөлөл бүр орж ирсэн парламент асуудлыг тал талаас нь харж нухацтай хууль батална. Гэтэл одоо байнгын хорооны 6-7 гишүүн хэлэлцээд дараагийн шатанд шилжүүлэхийн хооронд асар их ялгаа бий. Тиймээс хууль чанартай, чанаргүй гарах суурь нь парламентын гишүүдийн тоотой ч холбоотой. Гэхдээ эцсийн шийдвэрийг би энд сууж байгаад гаргахгүй. Гишүүд тойрог тойргийнхоо иргэдтэйгээ уулзаж санал бодлыг нь сонсож байж л гарна.

-Иргэд тогтолцооны өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч болох ч гишүүдийн тоог 152 болгох тал дээр шүүмжлэлтэй хандаж байна шүү дээ?

Гишүүдийн тоо нэмэх асуудалд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа нь үнэн. Дээрээс нь гадна дотны явуулга, турхиралтад өртсөнөөс үүдэн нийгэм анархизм тал руу явж байгаа нь үнэн. Заавал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмж гэж иргэддээ тулгаж чадахгүй. Харин тоо, тогтолцоог өөрчилснөөр ямар ямар өөрчлөлт гарах талаар иргэдтэйгээ ярилцана. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаад Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн талаар давхар танилцуулаад явна. Иргэд ч эдгээр хуульд өөрчлөлт оруулах, засч сайжруулах талаар өмнө нь хэлж байсан. Тэр дундаа сонгуулийн зардлыг бууруулж мөнгөнөөс хараат бус шударга сонгууль явуулах зарчмын асуудлууд хөндөж байсан.

Энэ удаа Сонгуулийн тухай хуульд сонгуулийн зардлыг бодитойгоор бууруулах зүйл заалтуудыг тусгаж өгсөн. Тухайлбал, ухуулагчдын тоон дээр өмнө нь 200 сонгогч тутам нэг ухуулагч байхаар заасан бол энэ удаа 400 сонгогч тутам нэг ухуулагч байхаар заасан.

Мөн сурталчилгааны зардлыг бууруулах талаар ч оруулж ирсэн.  Улс төрийн намын тухай хуульд намуудыг шилэн, ил тод, нээлттэй болгох асуудлаар олон зүйл тусгасан. Гурван сая хүнтэй гуч гаруй улс төрийн намтай байгаа нь бас нэг гажиг. Зарим улс төрийн намууд гаднаас санхүүжилт авч зөвхөн сонгуулийн үеэр иргэдийн саналыг хуваах зорилгоор л үйл ажиллагаа явуулж байхыг ч үгүйсгэхгүй, төрийг самууруулж болох ч үйл ажиллагаа санаатай санаандгүй гаргадаг. Тийм учраас улс төрийн намуудыг санхүүжүүлж тэднийг бойжуулж байдаг хандивлагчдыг ил тод болгож, үйл ажиллагааны зардлыг нь шилэн дансаар тайлагнадаг болж байгаа нь бас нэг давуу тал. Түүнчлэн төрийн эрх барих хамгийн чухал институц болох улс төрийн намыг хэн нэгнээс хараат бус байлгах, өөрөө өөрөө бие даасан институц болгохын тухайд төрөөс тодорхой хэмжээний шалгуур тавиад санхүүжүүлээд явах нь зүйтэй. Энэ мэт иргэдтэйгээ ярьж, хэлэлцэх асуудлууд олон байна.

-Баян-Өлгий аймагт Монгол Улсын хууль дүрэм бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна гэх шүүмжлэл байдаг. Тухайлбал, газар нутгийн нэрийг дур мэдэн өөрчлөх асуудал байдаг гэдэг. Энэ асуудалд та ямар хариулт хэлэх вэ?

-Энэ бол буруу ташаа ойлголт, худал мэдээлэл. Тухайлбал, Хятад, Казахстанд ч тэр монгол нэршилтэй газар нутгууд байдаг. Тухайн орон нутагтаа 100 гаруй жил амьдарчихсан хүмүүс нутагладаг газрынхаа уулыг өөрсдийнхөөрөө нэрлэчих тохиолдол бий.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар  газар усны нэрийг орон нутгийн удирдлагууд өгдөггүй. Засгийн газар, УИХ дээр шинээр баг байгуулах асуудал орж ирж, тухайн багийн нэр хуулиар зохицуулагддаг.

Энэ бол миний өмнө нь дурьдсан гадна дотны турхиралт байгаа юм биш биз гэдэг хардлага энд ч байдаг. Үндэстэн ястануудын дунд хэрүүлийн яс хаядаг түүнийгээ холоос хараад суудаг хүмүүс байхыг  үгүйсгэхгүй. Баян-Өлгий аймагт амьдарч байгаа казах, уранхай, дөрвөд, торгууд, тува  ахан дүүс олон жил хаяа нийлж амьдарч ирсэн. Баяр жаргал, зовлон гунигаа хуваалцсан ах дүү хүмүүс.

Баян-Өлгийд монгол хэлийг монгол хүн шиг цэвэр сайхан дуудлагаар ярьж чадахгүй байгаа асуудлыг үгүйсгэхгүй. Хэл бол хэрэглээний асуудал.

Уулын мухарт төрөөд уулынхаа мухарт дуусч байгаа хүнийг заавал орос, англиар ярь. Эсвэл монголоор цэвэр сайхан ярих ёстой гэдэг нь өөрөө бас нэг хүчирхийлэл. Түүнээс биш төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс монгол хэлний мэдлэг, түвшин өндөр байх ёстой. Учир нь төрийн ажлыг төрийн хэл дээрээ тулгуурлаж явуулах учраас төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст монгол хэлний мэдлэг, чадварын шалгуур тавих нь зөв.  Харин энэ асуудлыг хэт дэвэргэж энгийн иргэдийг үймүүлээд байх шаардлагагүй.

Үндсэн хуулийн 8.2-т казах хүүхдүүд буюу үндэсний цөөнхийн хүүхдүүдийг  эх хэл дээрээ буюу казах хэл дээрээ боловсролынхоо суурийг тавих боломжийг нээж  өгсөн явдалд маш хүндэтгэлтэй ханддаг.

Монгол Улс монгол, казах гэсэн хоёр л үндэстэнтэй учраас бага үндэстэнээ эх хэл дээрээ боловсрол эзэмших, соёл түгээх, харилцахыг Үндсэн хуулиараа хамгаалж өгсөн нь талархмаар асуудал мөнөөс мөн.  Гэхдээ Баян-Өлгий аймгийнханы монгол хэлний асуудалд анхаарах ёстой. Үүнтэй 100 хувь санал нийлж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж