"BTS"-ийн авьяаслаг ТӨГСӨГЧ

ХҮМҮҮС

"BTS"-ийн авьяаслаг ТӨГСӨГЧ

"BTS"-ийн авьяаслаг ТӨГСӨГЧ

Өмнөд Солонгосын хамгийн амжилттай К-поп хамтлагуудын нэг бол яах аргагүй "BTS". К-поп оддыг цэргийн албанаас чөлөөлөх эсэх маргаан тус улсад олон жил үргэлжилсэн боловч эцэст нь өнгөрсөн оны аравдугаар сард "BTS"-ийнхэн цэрэгт явахаар болсон юм. Хамтлагийн гишүүд төрсөн он сарынхаа дарааллаар 18 сарын хугацаатай цэргийн алба хаана. Одоогоор Жин, Жэй Хоуп нар хэдийнэ албаа хаагаад эхэлсэн бол дараагийнх нь Шюга болох аж. Цэргийн албанаасаа өмнө бүх дэлхийгээр аялан тоглолтоо хийж буй Шюгаг бид энэ долоо хоногийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.


 "BTS" ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧ

"BTS" хамтлагийн реппер, ая зохиогч, продюсер Мин Юн-ги буюу Шюга нь 1993 онд Өмнөд Солонгосын Дэгү хотод төржээ. Шюга нэрээс гадна "Agust D" нэрээр ганцаарчилсан уран бүтээлээ туурвидаг. Шюга сагсан бөмбөгт дуртай бөгөөд сурагч байхдаа “shooting guard” буюу довтлогч-хамгаалагч байрлалд тоглодог байжээ. Тиймээс “shooting guard” гэдэг үгнээс санаа аван Шюга гэдэг тайзны нэрийг өөртөө өгсөн түүхтэй. 

Тэр загасны орд бөгөөд 174 см өндөр. Мөн 0 бүлгийн цустай. 

Айлын отгон хүү тэрбээр Сөүлийн Ганнам дүүрэг дэх Апгужон ахлах сургуулийг дүүргэсэн. Улмаар "Global Cyber" их сургуулийг Өргөн нэвтрүүлэг, энтертайнментын чиглэлээр төгссөн байна. "Global Cyber" их сургууль нь Өмнөд Солонгосын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчилдаг. Гадаадын улсуудад уг сургуулийг "BTS" их сургууль гэж нэрлэх нь ч бий. Яагаад гэвэл дэлхийг шуугиулж буй "BTS"-ийн долоон гишүүний зургаа нь энэ сургуулийг төгсчээ. Үүнийхээ дараа "Hanyang Cyber" их сургуульд Зар сурталчилгаа, хэвлэл мэдээллийн чиглэлээр мастер хамгаалсан. Өдгөө Шюга "Global Cyber" их сургуульдаа сонирхлынхоо дагуу гэрэл зургийн чиглэлээр суралцаж байна. 

Тэрбээр Стони Сканкийн дуулсан "Ragga Muffin" дууг анх сонсоод реп урсгалыг сонирхож эхэлжээ. Урьд өмнө хаана ч сонсоогүй урсгал байсан гэж тэр онцолсон байдаг. Улмаар "Epik High" хамтлагийг сонсоод реппер болохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг.

Шюга 13 настайгаасаа л дууны үг бичиж эхэлсэн. Сонирхлоо хөөсөөр 17 насандаа дуу бичлэгийн студид цагийн ажил хийдэг болов. Энэ үеэс тэр хөгжим зохиож, үглэж эхэлжээ. Олонд танигдахаасаа өмнө тэр "Gloss" гэсэн тайзны нэрийн дор андерграунд реп чиглэлээр уран бүтээл туурвидаг байсан. 2010 онд тэр "D-Town" нэртэй хип хоп хамтлагийн гишүүнээр элссэн. Энэ үедээ Гванжүгийн бослогыг дурсаж "518-062" нэртэй дуу гаргасан нь олны таашаалд нийцсэн байна.

"BTS" ХАМТЛАГИЙН ГИШҮҮН

Алдарт "BTS" хамтлагт элсэн орсон нь 2013 он юм. Тэр анх "Big Hit Entertainment"-д уран бүтээлчээр бус хөгжмийн продюсераар ажилд орж байв. 

"BTS" хамтлагийн ихэнх дууны үгийг Шюга бичжээ. Тухайлбал, "Jump", "Tomorrow", "Like" гэх мэт хит дуунууд бий. Мөн "Wings", "The Most Beautiful Moment in Life, Part 1" гэсэн амжилттай цомгуудыг тэр продюсерлаж ажиллажээ. Түүний зохиосон дуунууд нь хамтлагийг амжилтад хүрэхэд нэн чухал нөлөө үзүүлсэн гэдэг. 2017 онд "BTS" хамтлаг нь "Billboard Music Awards"-аас "Top Social Artist" шагнал хүртсэн анхны К-поп хамтлаг болж байв.

Хамтлагийн нэр дор тэр хоёр ч соло уран бүтээлээ гаргасан. Эхний дуу нь "First Love" нэртэй бөгөөд 2016 оны "Wings" цомогт багтжээ. Монологи маягаар бичигдсэн энэ дуундаа тэр хөгжмийн зэмсэгийг найзаа гэж ханддаг тухайгаа илэрхийлсэн байна. Харин хоёр дахь соло уран бүтээл нь "Trivia: Seesaw" юм. БНСУ-ын соёлыг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн Шюга болон хамтлагийн бусад гишүүнийг 2018 онд Соёлын гавьяаны одонгоор шагнажээ.

Шюгаг "BTS" хамтлагт анх орох үед "Big Hit Entertainment"-ийн захирал Бан Си-Хьюк хэлэхдээ "Бүжиглэх шаардлагагүй, репээ л хийхэд болно" гэж байжээ. Гэвч хожим нь Бан Си-Хьюкт хууртсан гэдгээ ойлгосон гэж Шюга хошигносон байдаг. 

ТҮҮНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Шюга олон ч удаа буяны үйлсэд гар бие оролцож байжээ. Тухайлбал, тэр 25 насныхаа төрсөн өдрөөр шүтэн бишрэгчдийнхээ дэмжлэгтэйгээр 39 асрамжийн газарт үхрийн мах тарааж байв. Мөн 2018 онд Өмнөд Солонгосын Хүүхдийн хорт хавдрын эсрэг санд 80 мянган ам.доллар хандивлажээ.

Тэрбээр сэтгэлийн хямралтай хэрхэн тэмцдэг тухайгаа цахим хаягаараа дамжуулан илэн далангүй хуваалцдаг. Мөн бэлгийн цөөнхийн нийгэмлэгийг дэмждэг. Сонирхуулахад, тэр “140505 at Dawn” нэртэй дуугаа цахим орчноос айх эмгэг, сэтгэл гутрал зэрэг сэтгэл зүйн асуудлуудаасаа үүдэн зохиосон.

Шюга сагсан бөмбөг тоглодог учраас өөрийгөө 180 см-аас ч илүү өндөр болно гэж боддог байв. Гэвч мотоциклтой осолдсоны улмаас мөрөө гэмтээж, дасгал хөдөлгөөн хүссэнээрээ хийх боломжгүй болсон.

Сагсан бөмбөгт дуртай Шюга өнгөрсөн сард "NBA"-ын элч төлөөлөгчөөр томилогджээ. Шюга элч төлөөлөгчийн хувьд 2022-2023 оны улирал болон түүнээс хойших хугацаанд дэлхий даяарх хөгжөөн дэмжигчдийг холбооны үйл ажиллагаанд татан оролцуулах болно. АНУ болон Ази дахь "NBA"-ын тоглолт, арга хэмжээнд оролцох, лигийн сурталчилгааны үйл ажиллагаанд оролцоно. Тэрбээр "Хөгжим, сагсан бөмбөг бол миний хар багын хүсэл тэмүүлэл. "NBA"-ын элч төлөөлөгчөөр нэрлэгдэх нь миний мөрөөдөл" гэж хэлж байв.

Шюга бүжиглэх авьяастай хэдий ч бүжиглэх дургүй. Түүнчлэн чанга дуу чимээтэй, хөл хөдөлгөөнтэй газарт дургүй.

"BTS" хамтлагаас хамгийн тайван дөлгөөхөн нь Шюга. Тэд Жимми Фэллоны “Tonight Show”-д оролцсон. Энэ үед хамтлагийн гишүүд бүгдээрээ л үсэрч харайж, дуулж бүжиглэж дэггүйтэж байхад Шюга ганцаараа чимээгүйхэн буйдан дээр сууж байжээ. Түүнчлэн "BTS"-ийн хамгийн халамжтай залуу гэдгийг хамтлагийн гишүүн "J-Hope" хэлсэн.

Тэр студи руу нэг яваад орчих л юм бол гардаггүй. Тэндээ бараг амьдардаг гэхэд болно. Студид ажиллахдаа л хамгийн жаргалтай байдаг гэж тэр хэлж байжээ.

Шюга хумсаа мэрдэг зуршилтай.

Мөн тэр ганц ч шивээсгүй. Хэрвээ хэзээ нэгэн цагт шивээс хийлгэх болвол тэр нь хөлийн хуруун дээрх ганц цэг л байх гэнэ. Тэр ирээдүйд буяны ажил хийнэ гэж боддог тул тэр цагт шивээс өөрийг нь буруугаар ойлгуулах вий гэж эмээдэг аж.

Цав цагаан арьстай учир түүнд бүх өнгийн үс зохидог. Арьсаа нарны хэт ягаан туяанаас хамгаалахын тулд Шюга зуны улиралд ч богино ханцуйтай цамцнаас татгалздаг.

Шюга ганц бие. Тэр алдар нэртэй болохоосоо өмнө найз охинтой байсан ч хожим нь салжээ. Хип хоп сонсдог, тайван дөлгөөн, бусдыг ойлгодог эмэгтэйд тэр дуртай. Мөн харагдах байдлаас илүү хувь хүн нь ямархуу вэ гэдэг нь Шюгад чухал аж. Холливудын оддоос Скарлет Йохансон таалагддаг.

"Style caster" цахим хуудаснаа мэдээлснээр Шюгагийн орлогын хэмжээ 20 сая ам.доллар. Тэрбээр хамгийн өндөр орлоготой К-поп оддын жагсаалтын 14 дүгээрт бичигдэж байна. Орлогын эх үүсвэрийн дийлэнх нь "BTS" хамтлагтай холбоотой. Мэдээж хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ гэх мэт зүйл ч бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж