Мезури муж улсын Сонгогчдын хорооны төлөөлөгч Жон Дилл тэргүүтэй АНУ-ын Бельветр төрийн бус байгууллагынхан ES&S хэмээх дижитал саналын хайрцгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Монголд болдог сонгууль бүрийн үр дүн будилдгийг тэд мэддэг бөгөөд АНУ, бусад олон оронд найдвартай нь батлагдсан “ухаалаг” хайрцгаа ийнхүү танилцуулахаар иржээ. Уг хайрцаг нь сонгогчдын бүртгэл, саналын хуудасны тоологч гэсэн хоёр бүрдэл хэсэгтэй, компьютер маягийн дэлгэцтэй төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл, саналын хайрцгийг компьютертай холбосон, сканнертай төхөөрөмж аж.
АНУ-ын 50 муж улсын 47-д энэ найдвартай хайрцгийг хэрэглэдэг юм байна. Уг дижитал хайрцаг сонгуулийн санал хураалт явах 07.00-22.00 цагийн хооронд л гаднаас хуудас хүлээж авах боломжтой аж. Манай улсад иргэний чиптэй ухаалаг үнэмлэхтэй болсны дараа ашиглах боломжтой гэнэ. Сонгогч иргэний үнэмлэхээ уншуулахад төхөөрөмжид бүртгэгдэж, саналын хуудсаа хийхэд кодлогдсон хэлбэрээр хоёр хувь хадгалагдаж, хуудас өөрөө саналын хайрцагтаа ордог бөгөөд зөвхөн тойргийн хэсгийн хорооны дарга санал тоолох үед хуудсуудыг гаргаж авах боломжтойг мэргэжилтнүүд тайлбарлалаа. Сонгогчийн гарын үсэг, хурууны хээ хадгалагдаж үлдэх тул нэг сонгогч дахин санал өгөх боломжгүй аж.
Нэг хайрцгийн үнэ 7500 орчим ам.доллар, Монгол Улсын хэмжээгээр авч хэрэглэхэд 16 сая ам.доллар хэрэгтэй ажээ. Сүлжээ үүсгэхэд модемтой гар утас байхад хангалттай юм байна. Цахилгаан тасарсан үед өөрөө зайтай, мөн генератор ашиглаж болдог гэлээ. Тайлбарыг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сонгогчдын эрх ашигт илүү үйлчлэх найдвартай систем юм байна. Төхөөрөмжийн үнэ өртөг өндөр ч сонгуулийн дүн буруу гарвал түүнээс илүү өртөг гарна” гэв. Уг төхөөрөмжийг 10-15 жил ашиглах боломжтой, гадаадад байгаа монголчууд тухайн улс дахь ЭСЯ, консулын газраар дамжуулан сүлжээ үүсгэж сонгуульд оролцох боломжтой юм байна.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү, гишүүн З.Энхболд, Ч.Сайханбилэг, Д.Дондог нар танилцуулгад оролцсон юм. Тэд уг төхөөрөмжийг нэлээд сонирхож байв.
Д.ОЮУН