"Fox News" сувгийн хөтлөгч байсан Такер Карлсон шинэ шоу эхлүүлж буйгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тэр хагас сарын өмнө "Fox News"-ээс гэнэт гарснаар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байна гэсэн таамаглал үүссэн.
"Бид буцаж ирлээ" гэсэн гарчигтай мессежээр тэр шинэ шоугаа зарласан юм. Карлсон хэлэхдээ "Хэрэв хүмүүс үнэн гэж бодсон зүйлээ хэлж чадахгүй бол чөлөөт нийгэм гэж байхгүй. Твиттер бол хэзээнээсээ бидний ярилцаж хэлэлцдэг, хөгждөг газар байсаар ирсэн. Твиттер бол партизан платформ биш, энд хүн бүр нээлттэй байж болно" гэжээ.
Энэ жиргээг нь Элон Маск дахин жиргэсэн байна. "Нэг талыг барьсан өргөн нэвтрүүлгээс ялгаатай нь твиттер платформ дээр хүмүүс харилцан ярилцаж, шүүмжилж, үгүйсгэх боломжтой. Бид ямар ч төрлийн гэрээ байгуулаагүй гэдгийг би бас тодорхой хэлмээр байна. Такер бүх л контент бүтээгчидтэй адилхан дүрэм баримталж, урамшууллаа авдаг" гэж Маск жиргэв.
Өдгөө 53 настай Такер Карлсон нь асар их нөлөөтэй нэгэн бөгөөд түүний шоуг дунджаар гурван сая хүн тогтмол үздэг. Тэр "Fox News"-ийг орхисоныхоо дараа "Америкчуудын үнэн үг хэлж байгаа газрыг хаанаас олох вэ? Тийм газар бараг үлдээгүй, гэхдээ зарим нэг газар бий" гэж хэлж байв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ