Франс Пресс агентлагийн Украин дахь видео зохицуулагч Арман Солдин өчигдөр Украины зүүн хэсэгт орших Часив Яр хотын ойролцоо пуужингийн дэлбэрэлтэд өртөж амиа алджээ. Бахмут хотын ойролцоо Оросын талаас дайралт хийх үеэр энэ хэрэг болсон байна. Бахмут нь сүүлийн хэдэн сарын турш дайны гол цөм болоод байгаа юм.
Сэтгүүлчдийн баг Украины цэргүүдийн хамт байхдаа Град пуужингийн цохилтод өртсөн аж. Пуужин түүний хэвтэж байсан нуувчийн ойролцоо унаж, дэлбэрсэнээс Арман Солдин амиа алджээ. Харин багийн бусад сэтгүүлчид золоор гэмтэж бэртээгүй гэнэ.
32 настай Арман Солдин нь Сараево хотод төрсөн, Франц улсын иргэн байв. Тэрээр 2015 онд Франс Пресс агентлагийн Ром дахь салбарт дагалдагчаар ажиллаж эхэлжээ. Дараа нь Лондон дахь салбарт ажилтнаар орсон байв.
Тэрээр 2022 оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын түрэмгийлэл эхэлсний дараа өдөр нь Украин руу илгээгдсэн Франс Пресс агентлагийн анхны багийн бүрэлдэхүүнд багтсан аж. Харин өнгөрсөн есдүгээр сараас хойш Украинд амьдарч, багийн сурвалжлагыг удирдаж, зүүн болон өмнөд хэсгийн фронтод тогтмол очиж ажиллажээ. Түүнийг хамт ажиллагсад нь "эрч хүчтэй, зоригтой, хүсэл тэмүүлэлтэй" хүн гэж тодорхойлсон байна.
Ийнхүү Украин дахь дайнд 11 сэтгүүлч, сурвалжлагч, жолооч зэрэг хэвлэл мэдээллийн ажилтан амиа алдаад байгааг Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллага болон Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос мэдээлжээ.
АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ, "Украины дайны фронтоос сурвалжлага хийж байгаад амиа алдсан сэтгүүлч Арман Солдины гэр бүл болон "AFP" агентлаг дахь хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Сэтгүүл зүй бол чөлөөт нийгмийн үндэс. ОХУ-ын түрэмгийллийн аймшигт үйл явдлыг сурвалжилж яваад амиа алдсан Арман болон бусад 10 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад дэлхий нийт өртэй" гэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: CBS NEWS
Холбоотой мэдээ