Явган хүний замаар иргэнийг зорчиж байхад согтуу жолооч хурд хэтрүүлэн хашлага мөргөсөн осол гарчээ. Иргэн өөрийн цахим хуудастаа мэдээллийг нийтэлсэн бөгөөд тус осол өчигдөр /2023.05.09/ гарсан байна.
Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 09-ний 06:05 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын автобусны буудлын хойд замд ”BMW маркийн тээврийн хэрэгсэл замын хашлага мөргөөд маш хурдтай явж байна. Жолооч нь согтуу байх шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж осол гаргасан тээврийн хэрэгслийг 36 настай, эрэгтэй “А” гэгч жолоодож явсныг илрүүлэн, тээврийн хэрэгслийг олж тогтоон түр саатуулж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна” гэх хариултыг өглөө.
Иргэний бичсэн мэдээллээр “Өглөө Хан-Уул дүүрэг 120-ын явган хүний зам дээр согтуу залуучуудад эгээтэй дайруулсангүй. 10 алхмын ард түр тар болж, ямар ч жолоодлоггүй болон тоосго мөргөж зогслоо. Машин дотроос согтуу хоёр залуу инээж гарч ирсэн. Ямар дүүрсэн толгойтой хүмүүс вэ? Одоо болтол шокноосоо гарч чадахгүй байна. Тухайн үед салгалаад юу ч хийж чадаагүй 102 руу залгасан боловч дуудлага хийж болохгүй, яах учираа олохгүй үнэхээр гайхшилд орлоо.
Хамгийн аймар нь машины түрээд ухраагаад буцаад жолоодоод яваад өгсөн.
Удалгүй минут ч болоогүй эргүүлийн цагдаагийн машин явж байхад нь зогсоогоод нөхцөл байдал, машины марк дугаарыг хэлж мэдэгдсэн. Гэтэл энэ дугаар дээр эзэн тодорхойгүй олон зарсан учир энэ хүмүүсийг одоогоор олоогүй байна гэлээ” гэсэн юм.
Холбоотой мэдээ