Монголд сургуулийн газрын сургуулийнхан, эмнэлгийн газрыг эмнэлгийнхэн нь, цагдаагийн газрын цагдаагийн албан хаагчид нь хуулиар дээрэмдэж сууж барьдаг жишиг тогтов. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулаад эдийн засгаа "нугаслах" бодлого барив. Цахим хөгжлийн яам байгуулаад цахим орчин аюулд орох хуулийн төсөл боловсруулав. Соёлын яам байгуулаад соёл "шоконд" оров.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд нэгэн барилгын зураг төсөл анхаарлыг гол сэдэв болсон агаад тэрхүү зураг төслөөр Чойжин ламын сүм музейн урдах жаахан төслөөр ажилчдын аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн барилга барихаар зэхэж байжээ. Үүнийг Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн "Манай музей төвийн халаалт, төвлөрсөн шугам байхгүй. Гүний худгаар ундны болон хэрэглээний усаа хангадаг байгууллага. Манайх 20 ажилтантай. Бид музейгээ төвийн шугамд холбож болох эсэхийг мэргэжлийн байгууллагад үзүүлж, шинжлүүлсэн. Соёлын өвийн үндэсний төв, Физикийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар энэ сүм музейд халаалт тавихын тулд эхлээд дулаан алдалтыг зогсоох ёстой. Тэгэхийн тулд гадна талд өрлөг өрөх шаардлагатай болсон. Гэвч түүхэн дурсгалт музей учраас эх төрхийг нь алдагдуулж болохгүй учраас байрыг дулаалах боломжгүй. Манай ажилчид жил бүр эрүүл мэндийн үзлэгт ороход эмэгтэйчүүд нь бөөр давсаг, эмэгтэйчүүд, гуурсан хоолойн үрэвсэл гэдэг өвчтэй болсон. Манайх халаалтгүй учраас цахилгаан тенн залгаж ажилладаг. Ийм хүнд нөхцөлд 580 мянган төгрөгийн цалин авч, энэ нийгэмд амьдарч чадах уу. Манайд ажилтан олдохгүй байна" гэдгээр тайлбарлав.
Харин Соёлын сайд Ч.Номин “Чойжин ламын сүм музейн урд зүлгийг устгаж ямар ч барилга барихгүй. Харин музейн захиргааны зүгээс сан хөмрөгөө хадгалан хамгаалах олон улсын стандартад нийцсэн байр савтай болох, үйлчлүүлж байгаа зочдын наад захын тав тухыг хангах ариун цэврийн өрөө, ажиллаж буй хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжийг хангах хүсэлтийг олон жилийн турш тавьж ирсэн байдаг. Энэ бүгд нь шийдвэрлэх ёстой зүй ёсны шаардлагууд. Харин өнөөдрийн байдлаар уг газарт барилга барих ямар нэгэн шийдвэр болон төсөв төлөвлөгөө байхгүй. Зөвхөн боломжуудыг судлах шатандаа явж байна" гэх дэмжээд байгаа юм шиг, үгүйсгээд ч буй аятай бөөрөнхий тайлбарыг хийв. "Ямар ч барилга барихгүй" гэх тайлбарыг хэн нь ч хийсэнгүй.
Тухайн музейд ажилладаг 20 орчим хүний эрүүл мэндийн асуудлыг шийдэх нэрийдлээр төсвийн мөнгөөр тоотой хэдхэн соёлын биет өв болсон байгууламжийг үгүй хийхийг тэд санаархсан нь энэ. Хэрэвзээ ажилчидгүй болвол асуудал шийдэгдчих ч юм. Төрийн өмчид байдаг болохоороо л өнөөг хүртэл өв соёлын биет өв нэг бол үзмэр нь алдагдаж эсвэл элэгдэж, эвдэрч, засах нэрээр үнэ цэнийг нь үгүй хийж ирэв.
Соёлын сайд нь соёлоо гадныханд түгээх бус соёлын төлөөлөгчдийнх нь санхүүг залуусаараа дэмжүүлэхээр санаачлага гаргаж Монгоын соёлыг аврах бус алдагдуулах бодлого санаачилдаг. Адаглаад хүний нутагт хөлсөө дуслуулж, наашаа явуулсан мөнгийг нь буцаагаад бэлэг барих боловсруулах нь өнөөгийн төрийн соёл. Гэтэл монголчууд Итгэл хамбын аяллаар хэдэн тэрбумаар тооцогдох хөрөнгийг жилдээ аваачиж өгч байна. Уг нь зориод, мөргөөд байгаа шиг нь занданшуулсан шарил энэ сүмд ч бий. Зөв менежмент хийвэл "ажилчдын цалин бага" гэж гонгинохгүйгээр асуудлыг шийдээд зогсохгүй ашиг олж, төсөвт төвлөрүүлэх бүрэн боломжтой аж. Даан ч хоноцын сэтгэлгээтэй төрийн өмч болохоор өнөөдөр хог болж байна.
Асуудал байвал татвар төлөгчдийн мөнгийг үрэх боломж гэж хардаг данхар төрийн бүтцийг цомхотговол аяндаа асуудал цэгцрэх мэт.
Хажуу хавирганыхан нь бүгд төвийн дулааны шугамд холбогдчихсон, түрээсийн талбайгаасаа ашиг олж байхад өнөөдөр ажилчдын байр, аюулгүй орчин, авто машин яриад өв соёлын биет өв рүү халдах тухай яригчид яав ч хамгаалагч биш… Асуудлыг шийдье гэвэл соёлынхноос соёлоо, тариалалтаа Тариалан эрхлэх сангаас, жижиг дунд үйлдвэрээ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хамгаалмаар байх шиг…
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ