С.Гэрэлмаа: Гар, хөл, амны өвчлөлийн үед антибиотик нөлөөлөхгүй

С.Гэрэлмаа: Гар, хөл, амны өвчлөлийн үед антибиотик нөлөөлөхгүй

С.Гэрэлмаа: Гар, хөл, амны өвчлөлийн үед антибиотик нөлөөлөхгүй

Гар, хөл, амны өвчин дулааны улиралд дэгдэлт нь нэмэгддэг. Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд энэхүү өвчнөөр өвчлөх нь их байгаа юм. Mиймээс гар хөл амны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар НЭМҮТ-ийн эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаагаас тодрууллаа.


-Гар, хөл, амны өвчин /ГХАӨ/ яаж халдварладаг вэ?

-1970-аад онд АНУ-д энтеровирусын халдвар бүртгэгдсэн байдаг. Энэхүү өвчнөөр ихэвчлэн 10-аас доош насны хүүхдүүд өвчилдөг. Өсвөр насныхан болон насанд хүрэгсэд зарим тохиолдолд өвчилнө. Бохир гар, вирусээр бохирлогдсон ус, хүнс, эд зүйлс, амьсгалын замаар халдварладаг.  Мөн ойр орчимд байгаа халдвартай хүн ханиах, найтаах, нус цэрээ хаях үед халдвар тархана.

-Энэ өвчин ямар шинж тэмдгээр илэрч байна вэ?

-Гар, хөл, амны өвчнөөр өвдсөн бол ядрах, хоолны дуршил буурах, бага насны хүүхэд хөхөө хөхөхгүй болох, хоолой өвдөх, халуурах, амны салст, завж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гарах шинж тэмдэг илэрдэг.

Дэгдэлтийн хувьд энтеровирус үүсгэгч нь дөрвөөс доош температурт амьдрах чадвартай.

Энэхүү вирус нь хүйтэнд тэсвэргүй учраас зун болон намрын эхэн сард тархах хандлагатай байдаг. Улирал солигдох дулаарах үед улаан бурхан, менингит, томуу, томуу төст өвчин, гар, хөл, амны өвчин зэрэг амьсгалын замаар халддаг өвчнүүдийн өвчлөл нэмэгддэг. Мөн энэ үед бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнуудын дархлаа сулардаг.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Гараа тогтмол савандаж угаах, өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, агааржуулах, биеийн дархлааг сайжруулах, илчлэг ихтэй, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, улиралдаа тохируулж дулаан хувцаслах, халдвар хамгааллын дэглэмийг сайн барих шаардлагатай. Мөн хүн олноор цугласан газар бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх, хүүхдээ хооллохдоо угж, халбагыг амаараа дамжуулахгүй байх, томчууд өөрсдөө гараа сайн угаах, хүүхдийнхээ гарыг сайн угааж цэвэрлэх зэргээр урьдчилан сэргийлэх боломжтой. Эцэг эхчүүд хүүхдээ саатуулж байна гээд утсаар тоглуулаад байдаг. Гэтэл гар утас хэрэглэдэг хүүхдийн уураг тархи сайн амарч чаддаггүй. Унтаж амарч чадахгүй байна гэдэг нь тухайн хүүхдийн дархлаа унаж, түүнээс үүдэлтэй халдварт өвчинд өртөмтгий болно гэсэн үг. Тиймээс хүүхдээ дэлгэцээс хол байлгах хэрэгтэй.

Агаар дуслын замаар халддаг өвчнүүдийн хам шинж нь адилхан байгаад байдаг. Бусад амьсгалын замын өвчинтэй хавсарч өвчлөх эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс хүүхдээ товлолт вакцинд хамруулах хэрэгтэй. Вакцинд хамруулаагүйн улмаас хүүхдийн дархлаа суларч бусад халдвараар өвчилж хүндрэх эрсдэл өндөр байдаг.

-Хүүхэд нь өвчилсөн бол эцэг, эхчүүд ямар эмчилгээ хийж, юуг анхаарах ёстой вэ?

-Гар хөл, амны өвчний үед эцэг эхчүүд дур мэдэн антибиотик уулгах тохиолдол байдаг. Энэ өвчин энтеровирусээр үүсгэгддэгээс гадна тухайн вирус нь биед өвчин үүсгэгч нянгаас гадна, биед хамгаалалт өгч байдаг ашигтай нянгуудыг маш их хэмжээгээр устган, сүйтгэдэг онцлогтой өвчин үүсгэгч учир антибиотик нөлөөлдөггүй. Үүнээс болж хүний биеийн дотоод орчныг хамгаалж байдаг нянгын тэнцвэр алдагдахад дархлаа суларч өвчлөх нь бий. Эхний 4-5 хоногт илчлэг сайтай хоол хүнс өгөх, сайн унтуулж амраах, дулаан хувцаслах, асаргаа сувилгаа сайн хийсэн тохиолдолд ямар нэг эмчилгээ шаардахгүй аяндаа эдгэх боломжтой. Хүүхэд дархлаа сул, жин бага, асаргаа сувилгаа сул бол бусад халдваруудтай хавсарч хүндрэх эрсдэл өндөр байдаг. Хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Хэвтэн эмчлүүлж буй тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээ, шинж тэмдгийн эмчилгээг хийнэ. 7-14 хоногийн хугацаанд эдгэх боломжтой байдаг.

-Сүүлийн үед хүүхдүүдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдсэн учраас эмч нар анхааруулж байгаа. Өвчлөгсдийг насны байдлаар авч үзвэл?

-Хүн амзүйн бүтцээр авч үзвэл бага насны хүүхэд өвчлөх нь зонхилж байна. 0-5 насны хүүхдүүд зонхилон өвдөж байна гэсэн статистик үзүүлэлт байдаг. Одоогийн байдлаар нийт өвчлөгсдийн 94.6 хувь 0-14  насныхан. Үүний дотор 86.7 хувь нь 0-4 насныхан байгаа. Өнгөрсөн долоо хоногт яаралтай тусламжийн тасагт үзүүлэн хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 20 орчим байна.

Э.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-10 101.113.154.61

Антибиотик байна уу гэсэн зар маш их байдаг. Антибиотик болгон нэг адилхан үйлчилдэггүй төрөл төрлөөрөө байдаг юм шүү хүмүүс ээ. Монголчууд дураараа эм хэрэглэдэг улс. Хэн нэгэн хүн тийм эм сайн гээд хэлчихвэл аваад л уучихна. Эмчид үзүүлж зохих эмийг зааврын дагуу хэрэглэж сурахгүй улс юм даа. Яана аа таминь ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж