Д.Уянга: Мэдээллийн технологийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ өндөр байна

Д.Уянга: Мэдээллийн технологийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ өндөр байна

Д.Уянга: Мэдээллийн технологийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ өндөр байна

АНУ Виржиния мужын Мэйримаунтын их сургуулийг Мэдээллийн технологийн төслийн удирдлага мэргэжлээр төгсөж байгаа Д.Уянгатай  Төслийн удирдлагын мэргэжлийн онцлог болон,  түүний ажлын туршлага дээр суурилан төлбөр тооцооны одоогийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Та өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу?

– Намайг Дамдинбазарын Уянга гэдэг. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Арван жилийн дунд сургуулиа төгсөөд 2005 онд хотод ирж, 2009 онд Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг Эдийн засгийн математик загварчлал мэргэжлээр, 2010 онд Нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. 2009 онд эхний мэргэжлээрээ төгсөөд тухайн үедээ ажилд орох төлөвлөгөөгүй байсан ч манай ангийнхан ажил хайгаад эхлэхээр нь сонирхоод Голомт банканд анкетаа өгтөл тэнцэж, банкны теллерээр ажилд орж байлаа. Ингэж л анх Голомт банктай холбогдож, теллерээс эхлээд салбар хариуцсан менежер, ахлах менежер, хэлтсийн захирлын албанд тасралтгүй 10 гаруй жил ажиллажээ. Харин сүүлийн 5 жилийн хугацаанд Голомт банкны Дижитал банкны газар дижитал төлбөр тооцоо, карт зэрэг инновац, мэдээллийн технологитой холбоотой ажлуудыг хариуцсан нь IT project management чиглэлээр магистрын зэргээ хамгаалахад маш их нөлөө үзүүлсэн юм.

– IT төслийн менежерийн чиглэлээр суралцахын давуу тал нь юу байв?

– Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, техник технологи илүү өрсөлдөөнтэй болсон өнөө үед төслийн менежерийн эрэлт хэрэгцээ маш өндөр байгаа нь нэг давуу тал. Мөн олон талын мэдлэг, ур чадварыг зэрэг эзэмшихээс гадна ирээдүйн карьер төлөвлөлтөд өргөн боломжуудыг нээх, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх гэх мэт маш их ирээдүйтэй мэргэжил гэж боддог. Учир нь бүхий л бизнесийн үйл ажиллагаа мэдээллийн технологитой салшгүй холбогдож байгаа болохоор мэдээллийн технологийн салбарын бизнес эрхлэх боломж дүүрэн байгаа. Гол нь чиглэлээ зөв тодорхойлох, зах зээл дээр ялгарах стратегиа зөв боловсруулах, хүний нөөцөө хэрхэн шийдвэрлэхээ тодорхойлох нь чухал.

– Тэгвэл төслийн менежер болоход  шаардагдах ур чадварууд болон гол үүрэг нь юу вэ?

– Миний бодлоор харилцааны ур чадвар, тухайн салбарын чиглэлийн мэдлэг маш чухал. Хамгийн гол нь төслийн менежментийн арга технологи маш хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Тухайлбал, уламжлалт төслийн менежментийн аргаас waterfall арга руу шилжсэн бол одоо agile, тэр дундаа  scrum, kanban гэсэн аргуудыг түлхүү хэрэглэх болсон. Иймээс байнга шинийг эрэлхийлж, суралцаж, өөрийгөө хөгжүүлж байх шаардлагатай. Мөн дэлхий даяар “Work from home” ажлын хэлбэрт шилжиж байгаа тул харилцаа холбооны шинэлэг технологийг өдөр тутамдаа хэрэглэж сурсан байх шаардлага гарч байна.

Харин гол үүрэг чиглэлийн хувьд хөгжмийн удирдаачтай адилтгаж болох буюу тухайн төслийг эхлэлээс нь дуусах хүртэлх бүх үе шатууд, түүнтэй холбоотой бүхий л ажлуудыг хариуцахаас гадна төслийн спонсоруудтай хамтран ажиллах үүрэгтэй. Жишээ нь, тухайн төслийн цар хүрээ, зорилгыг тодорхойлох, төлөвлөгөө боловсруулах, төслийн нөөц (хүний нөөц, тоног төхөөрөмж, бусад материал) болон үйл явц, эрсдэлийг тооцож удирдах болон төслийн бүхий л оролцогч талуудын харилцааг хариуцна гэсэн үг.

-IT мэргэжил болон дагалдах чиглэлүүдийн талаар? 

– Мэдээллийн технологийн ихэнх мэргэжлүүд нь хувь хүн өөрөө бие даан сурах боломжтой бөгөөд англи хэлний мэдлэгтэй байхад интернэт орчинд хангалттай их материал, эх сурвалжууд байдаг болсон. Мөн цаашид магистрт суралцахад бакалаврын зэргээ заавал мэдээллийн технологийн чиглэлээр хийсэн байх шаардлагагүй. IT мэргэжил дотроо Мэдээллийн системийн аюулгүй байдал, Өгөгдлийн шинжлэх ухаан, Программ хөгжүүлэлт, Мэдээллийн систем, Вэб хөгжүүлэлт, Өгөгдлийн сангийн менежмент, Тоглоом хөгжүүлэлт, Хиймэл оюун ухаан гэх мэт олон чиглэлүүдэд салж байна.

-IT чиглэл болон төслийн менежерээр суралцахаар төлөвлөж буй залуучууддаа ямар зөвлөгөө өгөх вэ?

– Гадаад хэлний мэдлэг, ур чадвараа сайжруулаарай. Мөн IT дотроо маш олон салбар, чиглэлтэй байдаг учраас тэдгээрээс аль нь ирээдүйд хэрэгцээтэй хэвээр байх вэ? гэдгийг сайтар бодолцож байж мэргэших чиглэлээ сонгох хэрэгтэй. Одоогоор мэдээллийн аюулгүй байдал, дата анализ зэрэг чиглэлүүд их эрэлттэй байгаа, цаашид ч энэ тренд хадгалагдах болов уу гэж бодож байна.

-Мэдээллийн аюулгүй байдал, чиг хандлагын талаар дэлгэрүүлэх үү?

– Мэдээллийн аюулгүй байдлын асуудал дэлхий нийтэд маш хурцаар тавигдаж байгаа. Үүнийг зөвхөн цахим аюулгүй байдлын хүрээнд явцуу ойлгож болохгүй. Хиймэл оюун ухаан, үүлэн технологи, зүйлсийн интернэт, zero trust security, ransomware халдлага, нэвтрэх эрхийг тодорхойлох менежмент (identity access management), блокчэйны аюулгүй байдал гэх зэргээр хуваагдаж байгаагаас дийлэнх нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон технологиуд юм. Харин бидэнд хэрхэн аюулгүй байдлаа хангах, хамгаалах талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгаагаас санхүүгийн болон санхүүгийн бус алдагдалд шууд өртөх эрсдэл өндөр байна. Үүнийгээ дагаад АНУ-д гэхэд л мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтний эрэлт хэрэгцээ зөвхөн одоо байгаагаас 2.4 дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа гарсан.

-Мэдээллийн аюулгүй байдал нь төлбөр тооцоотой шууд хамааралтай байх. Төлбөр тооцооны шийдэл, өнөөгийн нөхцөл байдал хэр өөрчлөгдөж шинэчлэгдэж байгаа бол?

– Азийн улс орнууд төлбөр тооцооны дэвшилтэт, шинэлэг шийдлийг зах зээл дээр байнга санал болгож байгаа бөгөөд одоогоор Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос, Япон, Их Британи, АНУ гэсэн улс орнууд үүгээр тэргүүлж байна. Улсаас нь бэлэн бус төлбөр тооцоог түлхүү дэмжих бодлого хэрэгжүүлсэн нь дээрх улсуудад цахим төлбөр тооцоо хөгжих боломжийг нээж өгсөн гэж харж байгаа. Хамгийн наад захын жишээ нь, дээрх улсууд олон улсын картын холбоодоос шинээр гаргаж байгаа эрсдэлээс сэргийлэх зорилготой зохицуулалтыг шуурхай хүлээн авч, өөрсдийн технологийн шийдлүүдийг байнга сайжруулсаар ирсэн. Эдгээр улсуудаас бусад улс орнууд туршлага судлах замаар өөрсдийн гэсэн төлбөрийн шийдлүүдийг хөгжүүлж байна.

Манай орны хувьд өндөр хөгжилтэй орнуудад ашиглагддаг төлбөрийн шийдлүүдийг аль хэдийн өдөр тутмын хэрэглээндээ ашиглаад эхэлсэн. Харин  “Apple wallet”-ын хувьд Аpple компани өөрийн гэсэн зах зээл болон маркетингийн судалгаандаа үндэслэн аль аль улсад үйлчилгээгээ нээхээ шийддэг бөгөөд одоогоор манай оронд ашиглах боломжгүй байгаа юм. Түүнээс гадна интернэтийн сүлжээний тархалт, хүн амын ухаалаг гар утасны хэрэглээ гэх мэт хүчин зүйлс мөн цахим төлбөр тооцоо хөгжихөд нөлөөлж байгаа.

– АНУ-ын төлбөрийн шийдлүүдээс дурдвал? Мөн төлбөр тооцооны ирээдүйн хөгжлийн чиг хандлага хаашаа чиглэх вэ?

– АНУ-д дижитал хэтэвчийн хэрэглээ маш өндөр байгаа. Дийлэнх үйлчилгээний газруудад нь дижитал хэтэвч ашиглах боломжийг нь бүрдүүлж өгснөөр уламжлалт ПОС төхөөрөмжөөс вэб суурьтай онлайн төлбөр тооцоо руу шилжиж байна. Мөн P2P буюу хувь хүн хоорондын төлбөр тооцооны аппликэйшн олон байгаа нь өөрсдийн гэсэн ялгарах онцлогтойгоос гадна банкны төлбөр тооцооноос хурдан гүйцэтгэх гэх мэт иргэд харилцагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурласан шийдлүүд их нийтлэг болсон.

Цаашид цахим төлбөр тооцоо улам нэмэгдэж, бэлэн мөнгөний хэрэгцээ багасна. Мөн крипто, дижитал валют гэх мэт бусад төлбөрийн хэрэгсэл нэвтрэх бөгөөд банкнууд болон бусад төлбөрийн шийдлүүд улам хил хязгааргүй үйлчилгээг үзүүлдэг болох хэрэгцээ гарна гэж харж байна.

– Баярлалаа. Танд амжилт хүсье!

Ярилцсан: Ц.Долгормаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж