Алслагдсан сургуульд багшилбал 6 сарын цалинтай тэнцэх урамшуулал авна

Хуучирсан мэдээ: 2023.05.10-нд нийтлэгдсэн

Алслагдсан сургуульд багшилбал 6 сарын цалинтай тэнцэх урамшуулал авна

Алслагдсан сургуульд багшилбал 6 сарын цалинтай тэнцэх урамшуулал авна

“NEWS” агентлаг энэ удаагийн “Хууль төрөхийн өмнөх булан”даа Боловсролын ерөнхий хуулийн төсөлд суулгасан заалтуудаас онцоллоо.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хууль нь найман бүлэг 51 зүйлээс бүрдэж байгаа бөгөөд олон нийтээр хэлэлцүүлэгдэж, УИХ-ын босго давснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрч байж, анхны хэлэлцүүлэг нь үргэлжилж буй урт настай төсөл юм.

Хүүхэд хаана сурч байгаагаасаа шалтгаалж, боловсролын чанар хөндөгдөх болсон. Тодруулбал, хотын төвд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд сурдаг сурагч орон нутаг, нийслэлийн захын дүүрэгт суралцдаг сурагчаас илүү чанартай боловсрол эзэмшдэг болсон. Энэ асуудлыг шийдвэрлэх гарц нь сайн багш бэлтгэж, өндөр цалин олгож, тогтвортой ажиллах боломжоор хангах явдал гэж үзжээ. Иймээс алслагдсан аймаг, сум, нийслэлийн захын дүүргийн сургуульд эхний таван жилд тасралтгүй ажилласан багшид зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал, мөн үргэлжлүүлээд багшилбал гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх урамшуулал олгохоор хуулийн төсөлд тусгасан юм байна.

Одоогоор шинэ залуу багш сарын нэг сая төгрөгийн цалин авч байгаа гэж тооцвол таван жил ажиллаад хамгийн багадаа зургаан сая төгрөгийн урамшуулал авах боломжтой болно гэсэн үг.

Мөн багш мэргэжлээр амжилттай суралцаж, өөрийн хүсэлтээр орон нутагт 5 буюу түүнээс дээш жил ажиллах гэрээ байгуулсан төгсөгчид төрөөс дэмжлэг үзүүлнэ. Энэ нь орон сууцны дэмжлэг зэрэг байх аж.

Боловсролын салбарт 15-аас дээш жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургана.

20 ба түүнээс дээш жил ажилласан багш эмэгтэй 50 нас, эрэгтэй 55 нас хүрээд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заажээ.

Боловсролын ерөнхий хуульд үндсэн гадаад хэл англи хэл байна гэж зааж өгсөн. Энэ нь төр англи хэлийг бодлогоор дэмжинэ гэсэн агуулгатай аж. Гол нь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хэддүгээр ангиас нь англи хэл заах вэ гэдгийг хуулийн төсөлд нарийвчлан заагаагүй. УИХ-аар хэлэлцэх шатанд эл асуудлыг эцэслэх бодлого барьж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ талаар “Судалгаагаар III ангиас нь англи хэл заах нь зохимжтой гэдэг үр дүн гарсан тул англи хэлний анхан шатны мэдлэгийг сурагчдад III ангиас нь олгох сургалтын хөтөлбөр боловсруулна. Багш нараа мөн бэлтгэнэ” гэдэг байр суурь илэрхийлээд буй юм. Өөрөөр хэлбэл, энэхүү англи хэлний хөтөлбөр нь зөвхөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд л хамаарна. Хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуульд хамаарахгүй гэсэн үг юм.

Чадварлаг багш нарыг бэлтгэхэд анхаарч, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиуд багш бэлтгэдэг эрх авдаг байх шаардлага тавихаар болжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилдгоос болж, улстөржилт хэрээс хэтэрч, сонгуулийн дараа энэ салбарт халаа сэлгээ хавтгайрч, эцэстээ шүүхэд асуудал очин, дэнслүүлэх болдог. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч болж, томордог шатлан дэвшдэг тогтолцоо руу шилжих юм байна.

Ингэхдээ сонгон шалгаруулалтаар хэн сургуулийн захирал, эрхлэгч болох вэ гэдэг нь эцэслэн шийдэхээр зааж өгчээ.

Тухайлбал, Боловсролын ерөнхий хуулийн 33.5. Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна:

  • 33.5.1. боловсролын байгууллагад 15-аас доошгүй жил, үүнээс боловсролын байгууллагын багш, удирдах ажилтнаар 10-аас доошгүй жил, боловсролын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • 33.5.2. боловсрол судлал, багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, төрийн болон боловсролын удирдлага, төлөвлөлт, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх;
  • 33.5.3. энэ хуулийн 30.1.21-д заасан шалгалт өгч, тэнцсэн байх.
  • 33.6. Дүүргийн боловсролын хэлтсийн дарга нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна:
  • 33.6.1. боловсролын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын байгууллагын багш, удирдах ажилтнаар 5-аас доошгүй жил, боловсролын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх;
  • 33.6.2. боловсрол судлал, багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, төрийн болон боловсролын удирдлага, төлөвлөлт, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх;
  • 33.6.3. энэ хуулийн 30.1.21-д заасан шалгалт өгч, тэнцсэн байх.
  • 38.1. Өмчийн бүх хэлбэрийн боловсролын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон гүйцэтгэх удирдлага удирдана. Гүйцэтгэх удирдлага нь цэцэрлэгт эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, дээд сургуульд захирал, их сургуульд ректор байна.
  • 38.2. Төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагын захирал, эрхлэгч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
  • 38.2.1. багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн боловсролын удирдлага, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний чиглэлээр энэ хуулийн 31.1.3-т заасан мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, төгссөн байх;
  • 38.2.2. боловсролын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын байгууллагад багшаар 6-аас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, арга зүйчээр 4-өөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх гэсэн шаардлага тавьжээ.

Жил бүрийн намар хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн тухай дуулиан дэгддэг. Тэгвэл энэ асуудалд хяналт тавих, мөн тухайн сургуулийн сургалтын үйл ажиллагаа нь суралцагч нартаа ил тод байх ёстой гэдэг агуулгаар Төлөөлөн удирдах зөвлөлд нь эцэг, эхийн төлөөлөл заавал орохоор зааж өгсөн байна.

Мөн тухайн сургууль нь сургалтын хөтөлбөрөө олон улсын стандартаар магадлан итгэмжлэлээ хийлгэсэн байх, түүнийгээ Боловсрол, шинжлэх ухааны яам болон суралцагчдын эцэг, эхэд тайлагнадаг байх үүрэг хүлээлгэжээ. Хэрвээ энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн сургуулийн эрхийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахаар заасан юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж