"Зохиомлоор хэрэг үүсгэж, ялладаг технологи намайг сулласан ч арилахгүй"

Хуучирсан мэдээ: 2023.05.10-нд нийтлэгдсэн

"Зохиомлоор хэрэг үүсгэж, ялладаг технологи намайг сулласан ч арилахгүй"

"Зохиомлоор хэрэг үүсгэж, ялладаг технологи намайг сулласан ч арилахгүй"

Давж заалдах шатны шүүхээс иргэн Д.Монголхүүгийн хорих ялыг цуцалж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр эдлүүлэх шийдвэрийг өчигдөр /2023.05.09/ гаргасан. Түүнтэй хорих ангид нөхцөл байдал ямар байсан болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтнуудыг шүүхэд өгөх болсон талаар ярилцлаа. 


-Та шоронд 26 хоног хоригджээ. Хорих ангийн нөхцөл ямар байсан бэ?

-Хоригдож байх хугацаанд хорих ангитай холбоотой сайн зүйлсийг анзаарлаа, саар зүйлсийг ч мэдлээ. Өмнөх үеийн нөхцөл байдлаас сайжирч, байрны хувьд олон улсын стандартад нийцүүлж баригдсан. Мөн алба хаагчдын хоригдлуудтай харилцаж байгаа харилцааны хувьд урьдынхтай харьцуулахад сайжирсан байна. Саар зүйл гэвэл эрүүдэн шүүлтийн хэлбэртэй онц ноцтой гурван зүйлийг анзаарсан. Эдгээрийг дотоод журмаар зохицуулдаг бөгөөд 2019 оны Хууль зүй дотоод хэргийн сайдын баталсан журмаар хэрэгжүүлдэг юм байна лээ. Нэгдүгээрт, 24 цагаар асдаг хурц гэрэл. Шөнө унтахад ч асаалттай, өдөр ч гэрэлтэй байдаг нь хүний биологийн цагт нөлөөлдөг. Угтаа бол хүн унтаж амарч байхад шинэ эд эс нөхөн төлжих, бие организм бодисын солилцоонд ордог. Гэтэл энэ процессыг тасалдуулж байгаа дотоод журмын нэг заалт байна.

Хоёрдугаарт, долоо хоногт хоёр удаа л салхинд гаргадаг. Бусад үед нь мал эмнэлэгт байгаа юм шиг, өөрөөр хэлбэл бордож байгаа гахайг ямар ч хөдөлгөөнгүй зайнд оруулаад байлгаж байгаа мэт ханддаг. Хорих ангид ялтнууд яг л амьтан шиг байна гэсэн үг. Гянданд хориод гаргахгүй байгаа аятай жижиг өрөөнд 24 цагийн турш гаргахгүй байна гэдэг эрүү шүүлтийн хэлбэр.

Энэ мэтчилэн эрүү шүүлтийн хэлбэрийг хорих ангийн дотоод журмаар зохицуулж байна. Тиймээс би энэ асуудлыг Хууль зүй дотоод хэргийн сайд болон холбогдох албаныханд уламжилна. Хэчнээн хоригдож байгаа ч гэсэн тэр хашааны цаана хүний эрх байх ёстой. Хууль зөрчөөд тодорхой хэмжээний эрхээ хязгаарлуулж байгаа ч хориход байгаа хүмүүс хүн байх эрхээ хасуулаагүй. Тэгэхээр хүн байх эрхэнд ноцтой халдаж байгаа явдал бол эрүүл шүүлт мөнөөс мөн. Энэ асуудлыг Монгол Улсын хуулийн бодлогыг боловсруулж байгаа салбар яаманд нь уламжлах ёстой гэж үзсэн.

-Таныг хүнд гэмт хэрэгтнүүдтэй хорьсон гэж үнэн үү? 

-Үнэн. Давтан гэмт хэрэгтнүүдийн хэсэгт хорьсон. Анх удаа хоригдож байгаа хүмүүс өөр жигүүрт байдаг. Гэтэл давтан гэмт хэрэгтэй хүнд гэмт хэрэгтнүүдтэй хорьсон нь үнэн.

Гэхдээ хоригдлууд болоод албан хаагчдын зүгээс ёс бус харьцсан асуудал байгаагүй.

-Хүний эрхийн комиссынхон таныг "эргэсэн" гэсэн. Тухайн үед та хүний эрх зөрчигдөж байгаа талаар санал, хүсэлтээ хэлж чадсан уу?

-Хэлэлгүй яах вэ. ХЭҮК-т хамааралтай асуудлыг хэлсэн. Хүний эрхийг зөрчиж байгаа ийм асуудлууд байна. Эдгээрээс хуульд хамаарах энэ хэсэг, дотоод журмаар зохицуулагддаг ийм зүйлс байна гэдгийг илэрхийлсэн.

Мөн хорих байрны стандарт хоол, усны асуудлыг ч хэлсэн.

Усны хувьд би амтлаад л мэдсэн. Хотынхны хэрэглэдэг төв магистралын усыг хорих ангид өгдөггүй. Хорих 461 дүгээр ангийнхан усаа гүний худгаас авдаг юм билээ. Тийм би усны шинжилгээний дүгнэлтийг үзэх хүсэлт тавьсан. Унданд хэрэглэхээс гадна гар нүүр угаах дээр хүртэл ус солигдож байгаагаас өөрчлөлтүүд гарсан. Гэх мэтчилэн хоол унд, хорих ангийн байрны өрөөний зай талбай гэхчлэн асуудлыг хорих ангийн удирдлагуудад ч, албан хаагчдад ч, ХЭҮК-ынхонд ч хэлсэн.

-ШШГЕГ-ын албан тушаалтнуудтай та шүүхийг хуурамч нотлох баримтаар хангасан гэж шүүхдэхээр болсон гэл үү?

-Нийслэлийн шүүхийн шийдвэрийн газрын дарга хэвлэ мэдээллийн хэрэгслээр намайг Гэмтлийн эмнэлэг ороогүй, худал ярьж явсан гэдэг ташаа мэдээлэл түгээсэн. ШШГЕГ-аас мэдээлэл хийхдээ иргэн Д.Монголхүү Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү яваагүй, худлаа ярьж өөр тийшээ явсан гэж ярьсан. Тэрийг нотолсон хоёр нотлох баримт зөрсөн. Тэр асуудлыг давж заалдах шатны шүүх хурал дээр үндэслэлгүй байна. Энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болсон. Энэ асуудлыг шүүхэд өгнө. Удирдлагаа худал мэдээллээр хангасан, анхан шатны шүүх дээр нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэдэг үндэслэлээр миний бие шүүхэд гомдол гаргана.

Би анхан шатны шүүх хурал дээр хоёр нотлох баримт хоорондоо зөрүүтэй байгааг гаргаж ирсэн. Прокурор, ШШГЕГ-ынхнаас гаргаж байгаа нотлох баримт өмгөөлөгчтэй эсрэгцэж байсан. Үүнийг судлан шинжлүүлж, аль нь үнэн эсэхийг тогтоож байж шүүх рүү шилжүүлье гэхэд анхан шатны шүүх хүлээж аваагүй.

ШШГЕГ-аас Саппорогийн уулзвараас Модны хоёр руу явах маршрут нь хоосон байсан бол өмгөөлөгчийнхөөр Гэмтлийн эмнэлэгт Д.Монголхүү ирсэн. Түүнийг амбулаториар үйлчлүүлээрэй гэж эмч хэлсэн гэдэг баримт юм. Бичгээр нотлох баримт гаргасан. Эдгээр баримтын аль нь үнэн бэ гэдгийг шүүхэд тавихад хүлээж аваагүй. Тиймээс ШШГЕГ-ын албан тушаалтнуудыг шүүхийг хуурамч нотлох баримтаар хангасан гэдэг хуулийн үндэслэлээр шүүхэд өгнө.

Хоёрт, намайг оргон зайлсан гэж үзсэн. Зөвшөөрсөн замаас гарсан гэсэн даруйд зөрчлөө шууд арилгаж, заасан замаар явсан.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр илт худлаа мэдээлэл түгээсэн асуудлаар шүүхэд хандана.

-Одоо таны биеийн байдал хэр байна. Эмнэлгийн байгууллагаас дахин тусламж үйлчилгээ авах шаардлагатай байгаа юу?

-Эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байгаа. Саяхан хоёр удаа нуруу зуурч, дахин зуурах гээд дуншиж өвддөг нь эхэлчихсэн. Мөн нойр булчирхай, бөөрний шинжилгээ өгөх хэрэгтэй болсон. Хорих ангид байхад шинжилгээ өгөхөд бөөрөө үзүүлэх шаардлагатай гэсэн. Тэгэхээр одоо эмнэлгийн байгууллагад дахин хандах зайлшгүй шаардлага үүссэн.

"УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР ХҮМҮҮСИЙГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ОЛОН УЛСАД МЭДЭГДЭНЭ"

-Шүүхээс таныг шоронгоос суллах шийдвэр гаргасан. Гэхдээ зорчих эрхийг хязгаарлах ял чинь хэвээрээ. Таныг сулласан шүүхийн шийдвэрийг та юу гэж дүгнэж байна? 

-Сая болж өнгөрсөн шүүх хурлын шийдвэр яаж гарахаас үл хамаарч би суллагдлаа гээд асуудал байхгүй болж байгаа зүйл огт биш. Дараа дараагийн асуудал дээр хүнийг зохиомлоор ялладаг бүхэл бүтэн бэлэн технологи бий болчхоод байна. Зохиомлоор хэрэг үүсгэж, нотлох баримтыг зохиомлоор үүсгэж ялладаг. Үүнийг байхгүй болгох чиглэл рүү тууштай тэмцэнэ. Монголын эрх баригчид их гэнэн байна. Д.Монголхүүг хорьж, Э.Одбаярыг цагдлаа гээд болчих юм шиг санаж байна. Биднийг хориод нийгэмд айдас төрүүлж, хүмүүсийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх зоригийг нь мохоож байна шүү дээ. Уучлаарай, олон улсын гэрээ конвенцын дагуу хүний эрхийг зөрчиж байгаа улс төрийн эрх бүхий хүмүүсийг гэр бүлээр нь ардчилсан улс орон руу зорчих эрхийг хязгаарлаж болдог.

Бид хүний эрхийг уландаа гишгэж байгаа Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга гэхчлэн улс төрийн зорилгоор хүмүүсийг хэлмэгдүүлсэн хүмүүсийн нэрийг нотлох баримттай, өөрсдийн тамга тэмдэгтэй нь холбогдох газруудад хүргүүлнэ.

Иргэдээс нэг л зүйлийг хүсмээр байна. Энэ бол зөвхөн Д.Монголхүүгийн асуудал огтоос биш. Иргэн бүр өөрийнхөө эрхийг зөрчүүлэхгүйн тулд хараар хэлбэл цор, цор гэдэг хэл, амтай байх хэрэгтэй. Өөрийнхөө эрхийг иргэд хамгаалдаг цагт эрх баригчид яаж ч чадахгүй. Өнөөдөр Батыг, маргааш Доржийг барихад чи дуугараагүй бол хэзээ нэг өдөр чамайг баригдахад хэн ч чиний төлөө дуугарахгүй болно гэдэг. Тиймээс монголчууд эрх чөлөөндөө харамч байх хэрэгтэй байна.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын тугийг барьж жагссан цуглаан болсон. Энэ үеэр нэг ч цагдаа тухайн жагсаалыг зогсоох шаардлага тавиагүй. Гэтэл та бүхнийг дайныг эсэргүүцэх тайван жагсаалыг хийх бүрд цагдаа нар хянаж, цагдаж, шаардлага тавьдаг. Энд үнэхээр улстөрийн нөлөө, зорилго байна уу. Та юу гэж харж байна?

-Бид түүхээ л харах ёстой юм байна лээ. XX зууны түүхэнд Монгол Улс тэр чигтээ Оросын пасолд байсан. Саяхан дайныг эсэргүүцсэн "NoWar" жагсаалын үеэр орос эмэгтэй очиж иргэний үнэмлэхээ үзүүл, манай газар нутгаас гар гэсэн. Энд яг юу болоод байгааг эрх баригчдаас би асуумаар байна. Хэчнээн Оросын ЭСЯ-ны гадна бид эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч тэр бол Монголын газар нутаг. Би Орос улсад очоод ийм хандлага гаргавал суурин дээрээ зодуулна. Тиймээс миний хувьд Оросын шинэ Элчинг хэрэв Монгол Улсын тусгаар тогтнолыг хүндэтгэж үзэхгүй байгаа бол манай нутгийг орхихыг хүсч байна.

Оросууд одоо хүртэл биднийг дээрэлхэнэ гэдэг утгагүй. Үүний төлөө ч иргэд нэгдэх нь зүйтэй.

Э.Одбаярыг заналхийлсэн этгээдээс харахад би хувь хүнийхээ хувьд хардаж байгаа. Цагдаа нар өөрсдөө тэр этгээдийг явуулсан. Хэрэв өөрсдөө явуулаагүй бол яагаад одоог хүртэл түүнд хариуцлага тооцохгүй байна гэдэг сонин. Хүний биед халдаж, олон нийтийн газар танхайрсан этгээдийг зүгээр явуулна гэдэг утгагүй. Ялгаатай байр суурь байх тусам эрх чөлөөт орон болно. Нэг хэсэг нь "NoWat" гэж байгаа бол нөгөө хэсэг нь "YesWar" гэж болно. Яагаад болохгүй гэж. Харин хүчирхийллийн замаар үүнийг илэрхийлэхгүй. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй оронд хүч хэрэглэх арга замыг л бид сонгож болохгүй. Хэрэв энэ тохиолдолд хуулийн заалт үйлчлэхгүй бол тэнд жинхэнэ эрх ашиг яригдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж