“Өнөөдрийн Украин маргаашийн Зүүн Ази болж магадгүй” гэж Японы ерөнхий сайд Фүмио Кишида хэлж байв. Сингапурт болсон Аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр Кишида ингэж хэлсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Үүний зэрэгцээ Японд аюулгүй байдлын нөхцөл байдал улам бүр эрсдэлтэй болсныг илэрхийлнэ гэж үзжээ.
Японы эрх баригчид бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдлын бүтэц дэх интеграцчлалыг нэмэгдүүлэх, ижил сонирхолтой улс орнуудтай найрсаг харилцаа тогтоох идэвхтэй санаачлагууд гаргаж буй. Тухайлбал, Өмнөд Солонгостой харилцаагаа сэргээх оролдлого нь өмнөх засаг захиргааны хүчин чармайлтын үргэлжлэл болох юм. Мөн аливаа асуудал гарахаас урьдчилан сэргийлж Японы аюулгүй байдлыг нэмэгдүүлж байна. Энэхүү нийтлэлээр Япон болон НАТО-ийн харилцаа улам гүнзгийрч буйг онцоллоо. Япон болон НАТО-ийн түншлэл 1990-ээд оноос эхтэй. Гэхдээ сүүлийн үед харилцаа хурдацтай хөгжиж буй нь Европын холбоо болон НАТО дахь Японы өндөр үнэ цэнийг харуулна. Хамгийн сүүлд л гэхэд НАТО Токиод оффисоо нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Мөн Японы ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн оны зургадугаар сард НАТО-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон. Дараа нь НАТО-ийн дарга Йенс Столтенберг энэ оны эхээр Токиод айлчилсан билээ.
Япон нь газарзүйн хувьд Хойд Атлантын орон биш. Гэхдээ нь ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэдэг, АНУ-ын эвслийн тогтолцооны нэг хэсэг гэдгээрээ НАТО-той ойр байдаг. Япон улс НАТО-д элсэх боломжгүй. Учир нь энэ нь эвслийн газарзүйн хамрах хүрээнээс хэтэрсэн бүс нутаг юм. Гэсэн хэдий ч НАТО болон Японы хооронд бие биедээ санал болгох зүйл их байна. НАТО-ийн хувьд Япон нь Зүүн Ази дахь тогтвортой, найдвартай түнш.
ЯПОН НАТО-Д ЮУ САНАЛ БОЛГОЖ БАЙНА ВЭ?
Японы хувьд нэгдүгээрт, улам бүр хүчирхэг болж буй цэргийн хүчийг НАТО-д санал болгож байна. Тус улс нь удахгүй дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёр хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтыг НАТО-д хийнэ. НАТО нь гишүүдийнхээ шууд болон шууд бус хандиваар дамжуулан нөөцөө бүрдүүлдэг. Хоёрдугаарт, Зүүн Азид дипломат харилцаа тогтоох гүүрийг Япон НАТО-д санал болгож байна. Ингэснээр НАТО аюулгүй байдлын ашиг сонирхол бүхий бусад улс оронтой холбогдох боломжтой.
Японы өөрийгөө хамгаалах хүчин нь цэргийн төсвөөрөө дэлхийд есдүгээрт ордог. Тус улс нь Итали, Их Британитай хамтран шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээхээр төлөвлөж буй бөгөөд энэ нь ирээдүйд Япон, НАТО хоёрын хамтын ажиллагааг улам ахиулах болно.
Цэргийн түншлэлийн бодит чадавх гэхээсээ илүү Зүүн Ази дахь либерал-ардчилсан үнэт зүйлсийг дэмжигч, хүчтэй дипломат дуу хоолой гэдэг утгаараа НАТО Японыг сонирхож байж магадгүй юм. Зүүн болон Зүүн өмнөд Ази дахь Японы одоо байгаа аюулгүй байдлын түншлэл нь НАТО-гийн үнэт зүйлсийн гүүр болж магадгүй гэж үзэж байна.
Япон нь Энэтхэг, Филиппин, Вьетнам зэрэг олон улстай аюулгүй байдлын түншлэл эсвэл бусад хамтын ажиллагааны аюулгүй байдлын харилцаатай. Энэ харилцаагаа Орос, Украины дайнаас хойш улам гүнзгийрүүлэхийг оролдож байгаа гэхэд болно. Мөн Япон нь бүс нутгийн ихэнх улсын худалдаа, хөгжлийн тусламжийн чухал түнш юм. Тодруулбал, АСЕАН-ы орнуудын хөрөнгө оруулалтын гурав дахь том эх үүсвэр нь Япон. Японы өмнө АНУ, БНХАУ орно.
НАТО ЯПОНД ЮУ САНАЛ БОЛГОЖ БАЙНА ВЭ?
Япон нь НАТО-той түншилснээр бүс нутгийн дайснуудынхаа эсрэг аюулгүй байдлын хүчирхэг эвслийг зогсоож чадах юм. Мөн олон улсын аюулгүй байдлын түншлэл дунд нэр хүндээ нэмэгдүүлэх боломжтой болно. Ази болон түүнээс цааших найрсаг гүрнүүдтэй харилцаагаа хөгжүүлэх нэг гүүр нь НАТО болно. Япон улс аюулгүй байдлын асуудлаарх Дөрвөн талт яриа хэлэлцээ зэрэг томоохон эвслийн бүлгүүдийн хүрээнд аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг эрэлхийлсэн. Түүнчлэн Их Британи зэрэг оронтой цоо шинэ гэрээ байгуулсан.
Нэг үгээр хэлбэл, Япон улс НАТО-д Ази руу гарах гүүр санал болгож байгаа шиг НАТО нь Японд Европтой холбох гүүрийг санал болгож байна.
НАТО-той түншилснээр дагалдаж ирэх нэр хүнд нь нэн чухал юм. Японы эрх баригчид дэлхийн аюулгүй байдлыг хангахад өөрийн улсын үүргийг нэмэгдүүлэхийг удаан хугацааны турш оролдсон. Өөрийгөө хамгаалах хүчнээ гадаадын улсуудад илгээх, энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргийг дурдаж болно. Тухайлбал, 2003 онд тухайн үеийн ерөнхий сайд Коизүми Жуничиро Ирак руу өөрийгөө хамгаалах хүчнээ илгээж байв. Үндсэндээ Японы эрх баригчид хилийн чанад дахь нэр хүндээ нэмэгдүүлэхийг зорьж, өөрсдийгөө найдвартай гэж харуулахыг хичээсээр иржээ.
Тиймээс дэлхийн батлан хамгаалахын тулгуур багана болох НАТО-той түншлэх нь дээрх зорилгод нь яв цав нийцнэ. Мөн НАТО-той харилцаагаа гүнзгийрүүлэх нь дэлхийн хэмжээнд тодорхой хэмжээний хууль ёсны байдлыг олгоно.
ЗАЙЛШГҮЙ ТҮНШЛЭЛ
Марк Твен нэгэнтээ “Түүх давтагддаггүй, харин шүлэглэдэг” гэж хэлсэн байдаг. Энэ нь түүхийн нийтлэг талуудыг илэрхийлж буй үг юм. Тодруулбал, Япон, НАТО-гийн түншлэл нь 1902-1922 оны хооронд үргэлжилсэн Англи-Японы түүхэн холбоотой зарим нэг нийтлэг талтай.
НАТО болон Японыг төрөлхийн, төвөггүй холбоотон гэж үзэж болно. Тэдэнд санал нийлэх зүйл цөөнгүй бий. Хятад, Оросын нөлөө улам нэмэгдэж буй энэ үед НАТО, Япон хоёр түншлэх нь дэлхий дахиныг тэнцвэржүүлэх үр дүнтэй хүч болно.
Эх сурвалж: THE DIPLOMAT