Катар улсад болж буй жүдо бөхийн ДАШТ-ээс Японы ах дүү тамирчид болох Абэ Хифүми, Абэ Үта нар алтан медаль хүртлээ. Ийнхүү тэд хамтдаа дэлхийн аваргаас дөрөв дэх алтан медалиа хүртэж байна.
Абэ Хифүми -66 кг-ын финалд өөрийн гол өрсөлдөгч Жоширо Марүяаматай учраа тааран торгуулиар ялсан. Өдгөө 25 настай Хифүми нь 29 настай Марүяамагийн эсрэг 11 удаа барилдаж, долоон ялсан гэх амжилттай явна. Дэлхийн аваргаас дөрөв дэх алтан медалиа хүртсэн, Токиогийн олимпийн аварга Абэ Хифүми “Би өөрийнхөө барилдааныг бүрэн гаргаж чадлаа. Түүнд давуу байдлыг олгох боломж өгсөнгүй. Финалд зоригтой барилдлаа. Олимпийн аварга ямар байдгийг харууллаа гэж бодож байна” гэлээ.
Ахынхаа өмнө дүү нь алтан медаль хүртсэн. Үта -52 кг-ын финалд Узбекистаны Диёора Келдиёороваг ялсан. Өдгөө 22 настай тэрбээр бүх учраагаа цэвэр давжээ. Барилдааныхаа дараа Үта “Хэвтээ барилдаанаас ялалт авсандаа баяртай байна. Миний зарим хөдөлгөөн төсөөлж байснаас сайн байлаа. Өнөөдөр өөрөөрөө бага зэрэг бахархлаа. Гэхдээ барилдаан минь цааш үргэлжилнэ. Үргэлжлүүлж шаргуу хөдөлмөрлөнө” гэв.
Ах дүү Абэ нар дэлхийн аварга, олимпод хамтдаа түрүүлж, ховор амжилтын эзэд боллоо. Мэдээж тэдний дараагийн зорилго Парисын олимп.
Холбоотой мэдээ