Япон, Өмнөд Солонгосын батлан хамгаалахын удирдах албан тушаалтнууд ирэх сарын эхээр радаруудаа АНУ-ын системээр холбохоор төлөвлөж байгааг эх сурвалж мэдээллээ. Энэхүү радараар дамжуулан Хойд Солонгосын баллистик пуужингийн талаарх мэдээллийг хуваалцах зорилготой.
Япон, Өмнөд Солонгос хоёр тус тусдаа АНУ-ын радарын системтэй холбоотой боловч хоорондоо холбоогүй.
Азийн батлан хамгаалахын дээд хэмжээний уулзалт ирэх сарын эхээр Сингапурт болно. Энэхүү уулзалтын үеэр Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын Батлан хамгаалахын сайдууд тохиролцоонд хүрч магадгүй байна. Төлөвлөсөн гэрээний талаар ямар ч шийдвэр гараагүй байгаа гэж Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Хироказү Мацүно хэлэв. Харин Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "Гурван улс мэдээлэл солилцоогоо нэмэгдүүлэхийн тулд тодорхой алхмуудыг хийхээр ярилцаж байгаа ч эцэслэн шийдээгүй байна" гэжээ.
Хойд Солонгос улс өнгөрсөн жил урьд өмнө байгаагүй олон тооны баллистик пуужин харвасантай холбоотойгоор холбоотнууд мэдээлэл солилцоогоо эрчимжүүлэхээр тохиролцсон. Японы ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн долоо хоногт Сөүлд айлчлахдаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлтой уулзаж, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ дахин бататгажээ.
Эх сурвалж: REUTERS