Д.МОНГОЛХҮҮГИЙН ХОРИХ ЯЛЫГ ЦУЦАЛЖЭЭ
НЭМЭЛТ:
Давж заалдах шатны шүүхээс иргэн Д.Монголхүүгийн хорих ялыг цуцалж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр эдлүүлэх шийдвэрийг гаргажээ. Д.Монголхүү мэдээлэл өгөхдөө "Энэ ял чинь 2021 оноос хэрэгжиж буй шинэ төрлийн ял. Хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд ч тэр шүүх хурлын явцыг харсан байх. Хууль, журам, тогтоолын зөрчлийн улмаас иргэд яаж хохирч байна вэ гэдэг нь илэрлээ. Тухайн үүсч байгаа нөхцөл байдал, хандлагыг тооцохоор хүний эрхийн асуудал сөхөгдөж байна. Хуулийг ял завшуулахгүй гэдэг үзэл санаагаар маш хуурайгаар хэрэглэж байна. Одоо ардчилсан оронд тэс өөр системээр хуулийг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл тэгж чадахгүй байна. Би анхан шатны шүүх хурал дээр хоёр нотлох баримт хоорондоо зөрүүтэй байгааг гаргаж ирсэн. Прокурор, ШШГЕГ-ынхнаас гаргаж байгаа нотлох баримт өмгөөлөгчтэй эсрэгцэж байсан. Үүнийг судлан шинжлүүлж, аль нь үнэн эсэхийг тогтоож байж шүүх рүү шилжүүлье гэхэд анхан шатны шүүх хүлээж аваагүй юм.
ШШГЕГ-аас мэдээлэл хийхдээ иргэн Д.Монголхүү Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү яваагүй, худлаа ярьж өөр тийшээ явсан гэж ярьсан. Тэрийг нотолсон хоёр нотлох баримт зөрсөн.
ШШГЕГ-аас Саппорогийн уулзвараас Модны хоёр руу явах маршрут нь хоосон байсан бол өмгөөлөгчийнх Гэмтлийн эмнэлэгт Д.Монголхүү ирсэн. Түүнийг амбулаториар үйлчлүүлээрэй гэж эмч хэлсэн гэдэг баримт юм. Бичгээр нотлох баримт гаргасан. Эдгээр баримтын аль нь үнэн вэ гэдгийг шүүхэд тавихад хүлээж аваагүй. Яагаад гэхээр ШШГЕГ-ын албан тушаалтнуудыг шүүхийг хуурамч нотлох баримтаар хангасан гэдэг хуулийн үндэслэлээр шүүхэд өгнө.
Хоёрт, намайг оргон зайлсан хүнийг олж илрүүлж байгаа юм шиг Д.Монголхүүг согтуу байхад нь олж илрүүлээд, цэнэглэгчийг нь өгсөн гэж ярьсан. Анхан шатны шүүхэд ШШГЕГ-ын төлөөлөгчөөс "Чи Д.Монголхүүг согтуу байсныг яаж мэдэж байгаа юм бэ. Түүнтэй биечилж уулзсан уу" гэхэд "Уулзаагүй" гээд дуугүй байсан. Би тухайн үед караокед байсан ч эрүүл ч байж болно шүү дээ. Миний эрхийн асуудал. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гараагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр илт худлаа мэдээлэл түгээж, шүүхэд хандсан. Бид тэр дарга нарыг шүүхэд өгнө" гэв.
"Д.МОНГОЛХҮҮГИЙН ХЭРЭГТ АРДЧИЛСАН ОРНУУД Ч ЭНЭ ХЭРЭГТ НҮД, ЧИХ ТАВЬЖ БАЙНА"
НЭМЭЛТ 12:00:
Мөн тэрбээр, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хуралдааныг хойшлуулсан учир нэг хоног ч алдалгүй өнөөдрийн шүүх хуралдаанд Д.Монголхүүг биечлэн оролцуулж, хуралдааныг өнөөдрийн товлолт хуралд багтаах хүсэлт тавьсан.
Тус шүүх хурлыг шүүгч Т.Өсөхбаяр даргалж байгаа бөгөөд Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын шүүгч шүүх бүрэлдэхүүнд багтжээ. Хуралдаанд шийдвэр гүйцэтгэгч н.Энхсувд, прокурор н.Бат-Эрдэнэ нар оролцож байна.
Ийнхүү шүүх хурал 11:10 цагийн үед түр хойшиллоо.
Д.Монголхүүд холбогдох хэрэг их өвөрмөц. Тиймээс зөвхөн монголчууд гэлтгүй дэлхийн бусад ардчилсан орнууд ч энэ хэрэгт нүд, чих тавьж байгаа гэдэгт итгэж байна.
Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.05.09/ болж байна. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд түүнд холбогдох шүүх хурал эхэлсэн боловч түүний өмгөөлөгч н.Мөнхсайхан нь Э.Одбаяр нарын давж заалдах шатны шүүх хуралд оролцохоор болсон тул шүүх хурлын товыг тавдугаар сарын 9-ний өглөө 09:00 цаг болгож хойшлуулсан юм. Шүүх хурал яг одоо болж байна.
Нийслэлийн прокурорын газраас иргэн Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.
Тус эрүүгийн хэргийг өмнө нь нэг удаа хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасан байсан юм.
Тэрбээр зорчих эрхийг хязгаарлах ялыг сүүлийн гурван сарын хугацаанд хоёр удаа зөрчсөн учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон байна. Түүнийг зургаан сар найм хоногийн хугацаанд хорихоор болжээ.
Холбоотой мэдээ