Шүүх хурал: Гэрчүүдээс тайлбар авч байна

LiveШүүх хурал: Гэрчүүдээс тайлбар авч байна

Шүүх хурал: Гэрчүүдээс тайлбар авч байна
16 : 48
2023-5-9

"Хера Экуйпмент" ХХК” Х.Ганхуягт өглөгтэй байсан

Гэрч Л.Лхамсүрэнгээс асуулт асууж байна.

-Та “Вертекс майнинг партнерс” ХХК-д та ямар ажил албан тушаал эрхэлдэг вэ. Хөгжлийн банкнаас авсан 33 тэрбумын талаар та нэлээд тодорхой мэдэх юм байна?Зээлийн зарцуулалтын талаар тоочоод хэлбэл?

-Би тус компанид Ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг. Манай компани  Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан. Уг зээл нь зориулалтын дагуу зарцуулагдсан. Манай компанийн дансаар дамжилгүй Хөгжлийн банкны дансаар зарцуулалт хийгдсэн. “Транзест Монголиа” ХХК-аас 10 ширхэг Комацү худалдаж авсан. Нийт үнийн дүн нь 19 тэрбум. Хөгжлийн банкнаас 12.9 тэрбум төгрөг шилжигдсэн. Үлдсэн зургаан тэрбумыг манай компаниас хийсэн. “Түвшинсаруул” ХХК-аас нэг ширхэг автогрийдэр худалдаж авсан. Үүний төлбөрт Хөгжлийн банкнаас 1.7 тэрбумын санхүүжилт хийгдсэн. “Хас лизинг” ХХК-аас нэг ширхэг бульдозер худалдаж авсан. Үүний төлбөрт Хөгжлийн банкнаас 1.7 тэрбум шилжсэн. “Таванбогд” компаниас хоёр ширхэг Ландкрузер машиныг 243 сая төгрөгөөр худалдан авсан. Энэ төлбөр Хөгжлийн банкнаас шилжсэн. "Хера Экуйпмент" компаниас уулын ажилтай холбоотой өөрөө буулгагч экскаватор, авто кран зэрэг нийт 28 техникийг 17 тэрбумаар худалдан авсан. Үүний төлбөр Хөгжлийн банкнаас шилжсэн.

-Танай компаниас Х.Ганхуяг руу 662 сая төгрөг шилжсэн асуудал яригддаг? 

-“Вертекс майнинг партнерс” компани "Хера Экуйпмент" ХХК компаниас зээлээр тоног төхөөрөмж худалдан авданг. Үүний төлбөрөөс “Херо айкобмент” компанийн хувьцаа эзэмшигч Х.Ганхуягт уг төлбөрөөс шилжүүлсэн. Учир нь “Херо айкобмент” компани нь хувьцаа эзэмшигч Х.Ганхуягаас өмнө өр  төлбөртэй байсан. Үүнийхээ төлбөрт шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл, "Хера Экуйпмент" ХХК” Х.Ганхуягт өглөгтэй. Манай компаниас тоног төхөөрөмж нийлүүлэх авлагатай байсан. Энэ төлбөрт шилжигдсэн гэсэн үг.

-Хөгжлийн банкнаас "Вертекс майнинг партнерс" ХХК-ийн авсан 33 тэрбумын зарим санхүүжилтээр "Хера Экуйпмент" ХХК-ийн бусад банк бус санхүүгийн байгууллага дахь өр төлбөрийг барагдуулсан нь ямар учиртай вэ?

-Манай компани "Хера Экуйпмент" ХХК-тай техник худалдан авах гэрээ хийсэн. Үүний дагуу санхүүжилтийг "Хера Экуйпмент" ХХК-д шилжүүлсэн. Манайх тоног төхөөрөмжөө бүрэн хүлээн авсан. "Хера Экуйпмент" ХХК санхүүжилтээ юунд зарцуулсныг би мэдэхгүй байна.

-Танай санхүүжилтээр "Хера Экуйпмент"ХХК-д байгаа өр төлбөрийг шууд шилжүүлсэн ямар учиртай вэ?

-Мэдэхгүй байна аа.

14 : 10
2023-5-9

Шүүх хуралдаан 14.00 цагаас үргэлжилж байна

Гэрч Б.Дэлгэрсайханаас асууж байна.

-Та шүүгдэгч н.Баттөрийг таних уу. Яаж таньдаг вэ? Танаас азарга худалдаж авсан уу?Анх удаа кофе шопд уулзсан гэсэн үнэн үү?

-Би ОХУ-аас цэвэр цусны хурдан удмын адууг зардаг ажил хийдэг. Фэйж хуудсан дээрээ мэдээлэл тавьж хүмүүстэй харилцаа тогтоодог. Чатаар орж ирээд танилцсан. Тиймээ надаас худалдаж авсан. Үнээн.

-Та хэдэн жил адуу худалдах бизнесийг хийж байна вэ?

-2019 оны дөрөвдүгээр сараас хойш.

-Энэ хугацаанд адуу, азарга худалдаж авахаар сонирхож буй хүмүүс ганцаараа очдог уу, бусадтай очдог уу?

-Найз, нөхөд ах дүү нараа дагуулаад ирж сонирхдог. Хэнтэй хамт ирж авах гэж байгаа нь надад сонин биш.

-"Василис" адууг худалдаж авахдаа 10 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгө урьдчилгаа мөнгө үү? Тамга хийлгэж байгаа бол 1-2 адуутай хүн тамга хийлгэдэг үү?

-Мөн. Хүмүүсийн сонирхол янз бүр л дээ.

-АТГ өгсөн мэдүүлэгтэй холбогдуулаад ЭХ-д "гэмт хэргийн талаар мэдэж байгаа этгээдийг гэрч" гэж тодорхойлсон. Та мэдүүлэг өгөхдөө “василис” адууг авахдаа н.Баттөр надтай холбогдсон. Ингэхдээ Ж.Бат-Эрдэнэтэй хамт авсан гэж хэлсэн. Та тэднийг мэдэж хэлээд байна уу эсвэл харж хэлээд байна уу?

-Санаснаа хэлсэн. 

-“Василис” адууг Ж.Бат-Эрдэнэ худалдаж аваад байгаа юм уу, н.Баттөр худалдаж аваад байгаа юм уу?

-Би н.Баттөртэй юм аа ярьж тохирсон. Ж.Бат-Эрдэнээс мөнгө орж ирээгүй.

-Та АТГ-д хэдэн удаа мэдүүлэг өгсөн бэ?

-Нэг удаа очсон. Ж.Бат-Эрдэнэтэй хоёр удаа уулзсан. Эхний удаа н.Баттөртэй хамт уулзсан. Би н.Баттөрөөс мөнгө дутуу байгаа улмаас мөнгөө хий гэдгийг хэлэх гэсэн утас нь холбогдоогүй болохоор Ж.Бат-Эрдэнэ рүү залгасан. 


Гэрч З.Ичинхорлоогоос асуулт асууж байна.

-Та З.Буяннэмэхтэй ямар холбоотой вэ?

-Миний төрсөн дүү байгаа юм. Би компанид кассын нярав ажил хийдэг. Гэхдээ миний өөрийн компани. Манайх Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо "Bluemon tower"-т байрладаг. Манайд З.Буяннэмэх зөвлөх байдлаар ажилладаг. 902 тоотод З.Буяннэмэх байрладаг.

-Таны төрсөн дүү учраас гэр нь хаана байдаг вэ?

-Жарден хотхонд.

-З.Буяннэмэхийн төлбөр тооцоог төлж байсан удаа бий юу?

-Зээлийн зориулалтаар хааяа нэг төлбөр хийдэг. Би адуу сонирхдог эсэхийг нь яг сайн мэдэхгүй байна.

-2016 онд улсын наадамд гэр барьж байрласан зүйл байна уу?

-Тийм зүйл бий.

-н.Борхүү гэдэг нь З.Буянэмэхтэй ямар хамааралтай вэ?

-н.Борхүү бол өөрөө бага зэргийн морь сонирхдог болсон.

-Сүхбаатар аймаг руу 2021-2022 онд 3-4 удаагийн байдлаар түлш хүргүүлсэн талаар та мэдэх үү?

-Тэрийг мэдэхгүй байна.

-Та гэрийнхээ хаягийг тодорхой хэлээд өгөөч?

-Хан-Уул дүүрэг Japan town-д 2017 оноос хойш амьдарч байна.

-Та “Валилис” азаргад нийт 55 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ мөнгийг хэн шилжүүлсэн бэ?

-Төлбөр тооцоог намайг З.Буяннэмэх энэ данс руу хий гэсэн төлбөр тооцоо.

-Та “Энхтөгөл” ХХК-ийн талаар та мэдэх үү?

-Манай “Бурхан буудай” группийн нэг жижиг компани. Гүйцэтгэх захирал н.Борхүү нь холын хамаатан.

-З.Буянэмэх шилжүүлчих гэсэн учраас та шилжүүлдэг байсан гэлээ. Тухайн үед ямар учиртай мөнгө болохыг хэлж байв уу?

-Үгүй. Шилжүүлчих гээд данс өгдөг байсан.

-Хэрэг шалгагдсанаас хойш ямар учиртай мөнгө шилжүүлсэн талаар хэлсэн үү?

-Наад чинь адууны мөнгө байгаа юм гэж хэлсэн.


Гэрч Т.Бямбаагаас асуулт асууж байна.

-Авто замчдын холбоо тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжийн материалыг хүлээн авснаас хойш нэд хоногт шийддэг вэ?

-14 хоногт.

-Авто замчдын холбоо хатуу хучиллттай авто зам барих зөвшөөрлийг шаардлага хангаагүй аж ахуй нэгжид хэн нэгний нөлөөллөөр олгож байсан удаа бий юу?

-Байхгүй.

WXPкомпанийн тусгай зөвшөөрлийг 2023 онд олгосон гэж ойлгож байгаа зөв үү?

-2020 оны нэгдүгээр сарын 23-нд олгосон байна.

-Авто замчдын холбооны 90 жилийн ойд зориулан WXP компани 10 сая төгрөгийн хандив өгч байсан удаа бий юу?

-Байхгүй ээ.


Гэрч Б.Одбаяраас асуулт асууж байна.

-Таныг Чингисхаан банкинд ажиллаж байх хугацаанд Монголбанкнаас бусдаас татан төвлөрүүлсэн мөнгөний талаар ямар байдлаар мэдээлэл хүргүүлдэг вэ?

-Хөгжлийн банк гэхгүй арилжааны банк хооронд байгуулсан мөнгөн хадгаламж харилцан байршуулсан мэдээг сар болгон Монголбанкинд хүргүүлдэг. Монголбанк ээлжит шалгалтаар шалгаж байгаа.
-Таны эрхэлж буй ажилтай холбоотой Монголбанкнаас хуульд нийцэхгүй байна гэдэг зүйл тавьдаг уу?

-Тийм асуудал байхгүй.

-Хөгжлийн банкнаас ирсэн гэрээ бэлтгэхэд оролцсон гэдэг нь та ямар үйлдэлд оролцсон юм бэ? Баталгаа чинь үнэн зөв байсан уу?

-2018 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Чингисхаан банкны төлбөрийн чадвар, зохистой харьцаа бүгд хангагдаж ажилласан. Хөгжлийн банкнаас эх үүсвэрээ байршуулах саналыг арилжааны банкуудад байршуулах хүсэлтээ мэйлээр хүргүүлдэг. Тухайн үед манай банкны хувьд эх үүсвэр шаардлагатай байсан. Ирүүлсэн саналынх нь дагуу манайх саналаа хүргүүлсэн. Энэ дагуу Хөгжлийн банктай гэрээгээ хийсэн.

-2018 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр Хөгжлийн банкны 25 тэрбумын мөнгөн хадгаламж байршуулах гэрээг явуулахад та тухайн үед ямар ажил эрхэлж байв? Хөгжлийн банкнаас хүүгийн санал ирэхэд хэн хүлээж авдаг вэ?

-Манай хэлтэсийнхэн бүгд авсан. Хариуг миний мэйлээс явуулсан.

-Хөгжлийн банкнаас Чингисхаан банкинд 25 тэрбум төгрөг байршуулах хүүгийн хариуг хэн шийдвэрлэсэн бэ?

-Ер нь арилжааны бүхий л банк тогтвортой урт хугацаатай эх үүсвэр байршуулах шаардлага байгаа. Манай удирдлагууд хоорондоо ярьж байгаад чиглэл өгсөн.

 

12 : 06
2023-5-9

Гэрч, шинжээчдээс асуулт асууж байна

Гэрч, шинжээчдээс асуулт асууж байна. Шүүхээс оролцуулахаар шийдсэн 17 гэрч, хоёр шинжээч байгаа аж.

Гэрч Д.Хулан нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн Нарийн бичгийн даргаар 2016 оны есөн сараас 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл ажиллажээ. Түүнээс оролцогчид асуулт асууж байна.

-Хуралдааны бэлтгэл ажлыг хэн хангах үүрэгтэй байсан бэ?

-ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга.

-Хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг гишүүдэд илгээх, танилцуулах, бүрдэл хангах ажлыг хэн хийдэг байсан бэ?

-ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга.

-Хуралдаанд ирц хүрээгүй тохиолдол байгаа юу?

-Ирц хүрээгүй тохиолдол байна.

-Ирц хүрээгүй тохиолдолд хэн шийдвэр гаргадаг байсан бэ?

-ТУЗ-ийн даргад танилцуулаад хойшлуулдаг байсан. Уг шийдвэрийг ТУЗ-ийн дарга гаргана.

-Шүүгдэгч н.Оюунчимэгийн өмгөөлөгч асуулт асуулаа.

-17 өдөр хуралдсаны эцэст нэг зүйлийг ойлголоо. ТУЗ яаж хуралдах уу, ТУЗ-ийн ирц бүрдүүлэлтийг та хариуцах ёстой юм байна тийм үү.

-Би ТУЗ-ийн үйл ажиллагааны журмыг мөрдүүлэх ёстой.

-ТУЗ-ийн гишүүдийн хурал дээр өгсөн саналыг тухайн өдрийн хурал дээр танилцуулдаг гэж ойлголоо зөв үү?

-Бичгээр санал өгч байсан тохиолдол байхгүй.

-Хэн тоолоод, зургуулаа зөвшөөрлөө гэсэн тогтоолын төслийг батлуулдаг юм бэ?

-Гараа өргөдөг шүү дээ ТУЗ-ийн гишүүд. Саналыг нь би тойруулаад авдаг.


Гэрч О.Хүрэлтогоогоос оролцогчид асуулт асууж байна.

-Та хэдэн оноос хойш “Базальтхан” компанид ажиллаж байна вэ? Танай компанийн байрлаж буй байрын худалдан авах гэрээг хэзээ байгуулсан бэ? Гэрээний төлбөр төлөгдсөн үү?

-2019 онд. Баянгол Зочид буудлын кофе шопд гэрээ байгуулсан. Тухайн өдөр гэрээс цамц авах гээд явж байсан. Гэтэл захирал залгаад ороод ир гэж дуудсан. Гэрээний талуудын төлбөр төлөгдсөн. Энэ талаарх баримтуудыг хуулийн байгууллагад бүгдийг нь өгсөн.

-Та шүүгдэгч Б.Чойжилжалбуутай ямар харилцаатай холбоотой вэ?

-Манай баз ах буюу нэг айлын хүргэн. 2018 оноос хамтарч ажилласан.

-Үл хөдлөх шилжүүлсэн асуудалтай Капитал банкны н.Ариунболдтой уулзаж, зээл авахтай холбоотой ярьдаг юм билээ.

-н.Ариунболдыг гэрээ хийх үед уулзсан. Зээл авахтай холбогдуулж уулзсан зүйл байхгүй. Энэ гэрээ нь ашиглах боломжгүй байр байсныг бид засварлан ашигласан.

-Та н.Ариунболдын хүү н.Чинбишрэлттэй уулзсан уу?

-Уулзаагүй.

-Та хэнтэй гэрээ хийсэн бэ?

-н.Чинбишрэлттэй.

-Уулзаагүй байж яаж гэрээ хийдэг юм?

-Захирал гарын үсэг зур гэсэн. Захирал Б.Чойжилжалбуу тухайн үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан. Энэ гэрээг гэрээн дээр гарын үсэг зурчих гэсний дагуу хийсэн.


Гэрч С.Пүрэвдолгороос асуулт асууж байна.

-Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд танай баригдаж буй компани байгаа. Хэзээнээс авсан бэ?

-2019 онд авсан.

Байрны төлбөр төлөгдсөн үү? Ямар байдлаар төлөгдсөн бэ?

-Байрны төлбөрт нэг байр, нэг машин өгсөн.

 

 

10 : 48
2023-5-9

Х.Ганхуяг руу 647 сая төгрөгийг "Вертекс майнинг" компани шилжүүлжээ

"Вертекс майнинг партнерс” ХХК-ийн төлөөлөгчөөс прокурор асуулт асууж байна.

-“Глобал майнинг сервис” ХХК-г хэн үүсгэн байгуулсан бэ?

-Тус компанийг анх иргэн Х.Ганхуяг үүсгэн байгуулаад хувьцаагаа шилжүүлсэн.

-2019 оны арванхоёрдугаар сард тус компанийн хувьцааг хэн эзэмшиж байсан бэ?

-Тус компанийн хувьцааг иргэн н.Бямбасүрэн эзэмшиж байсан.

-2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны дөрвөн сарын 1-ны өдрийг хүртэл хугацаанд “Вертекс майнинг” компаниас Х.Ганхуяг руу 647 сая төгрөг шилжүүлсэн байна гэсэн мөрдөгчийн магадлагаа гарсан. Х.Ганхуяг "Вертекс майнинг" компаниас ашиг хүртдэг хүн мөн үү?

-Х.Ганхуяг нь манай компаниас ямар нэгэн байдлаар ашиг хүртдэггүй. Хувьцааг эзэмшдэггүй хүн байгаа.

-Ямар учраас танай компаниас Х.Ганхуяг руу мөнгө шилжүүлсэн юм бэ? Энэ ер нь орлого юм уу ямар учиртай мөнгө юм бэ?

-Санхүүгийн талаас нь тайлбарлахгүй бол сайн хэлж мэдэхгүй байна. Албан ёсоор ногдол ашиг авдаггүй, хувьцаа эзэмшдэггүй.

-“Вертекс майнинг партнерс” ХХК-д 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөс өмнө Хөгжлийн банкнаас ямар нэгэн төсөл хөтөлбөрт зориулан зээл авч байсан уу?

-Хөгжлийн банкны охин компаниас зээл авч байсан түүхтэй.

-Ямар зорилгоор авч байсан бэ?

-Ухаа худаг уурхайн хөрс хуулалт олборлолтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор техник тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор зээл авч байсан.

-Тухайн зээлийг хэзээ төлж дууссан бэ?

-2021 онд дууссан.

-2019 оны арванхоёрдугаар сард авсан “Вертекс майнинг партнерс” ХХК-ийн 33 тэрбум төгрөгийг ямар зориулалтаар зээл авахаар Хөгжлийн банкинд хүсэлт гаргасан байдаг юм бол?

-Хавтаст хэрэгт авагдсан албан бичгүүд Ухаа худагийн уурхайн хөрс хуулалт олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. “Энержи Ресурс” компаниас бүтээмжээ нэмэгдүүлэх гэсэн санал тавьсантай холбоотой техник тоног төхөөрөмж худалдан авахаар зээлийн санхүүжилт хүссэн.

-“Хера Экуйпмент ХХК-тай танай компани ямар харилцаатай юм бэ?

-"Хера Экуйпмент" ХХК-аас тоног төхөөрөмжөө тогтмол худалдан авдаг. Бэлтгэн нийлүүлэгч компани байгаа юм. Хамтран ажилладаг.

-Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл авахад "Хера Экуйпмент ХХК"  гуравдагч этгээдээр буюу батлан даагч этгээдээр оролцсон байна. Батлан даагч этгээдээр оролцох этгээд мөн байсан уу?

-Тухайн үедээ байнгын харилцаатай үйл ажиллагаа явуулдаг учраас дэмжлэг хүссэн. Энэ дагуу манайд батлан даалтын гэрээгээр орсон.

-"Хера Экуйпмент" ХХК-г хэн үүсгэн байгуулсан бэ?

-Х.Ганхуяг үүсгэн байгуулсан. Тухайн үед зээл авахад хоёр хувьцаа эзэмшигчтэй байсан. Нарийн санахгүй байна.

-“Вертекс майнинг партнерс” ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авах үед нийт 74 тэрбум 600 сая төгрөгийн өөрийн хөрөнгөтэй. Үүнээс нэг тэрбум 700 сая төгрөгийн өр төлбөртэй байсан байна. Тэгэхээр тус компани ямар эх үүсвэрээр Хөгжлийн банкны өр төлбөрийг төлж барагдуулсан бэ?

-Өр төлбөр, зээл санхүүжилт тусдаа ойлголт. Хугацаа хэтрээгүй бол зээл байдаг. Бүхий л аж ахуй нэгжийн тогтолцоо зээлд суурилдаг. Ялангуяа уул уурхайн салбар үйл ажиллагааны зардал өндөртэй. Ухаа худгийн уурхайн хөрс хуулалт, олборлолтын үйл ажиллагаанаас зуун хувь зээлээ төлж барагдуулахаар хүсэлтээ гаргасан.

-“Энержи Ресурс” ХХК-тай Ухаа худаг уурхай хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулахаар хэдэн жилийн хугацаатай гэрээ байгуулсан бэ?

-Анх манайх Баруун наран уурхайтай 2018 онд “Энержи Ресурс” Ухаа худаг уурхай руу шилжсэн. Тус компанийн гэрээ хоёр жилийн хугацаатай хийгддэг, дунд нь таван жилээр нэг удаа, гурван жилээр нэг удаа сунгагдсан. Одоо ч мөн хамтын ажиллагааны урт хугацааны гэрээтэй ажиллаж байна.

-“Вертекс майнинг партнерс” ХХК Хөгжлийн банкнаас тоног төхөөрөмж шинээр худалдан авах зорилгоор зээлийн санхүүжилт авсан юм уу эсвэл бусад банк санхүүгийн байгууллагын өр төлбөрөө барагдуулахаар зээл авсан юм уу?

-Түрүүн хэлсэнчлэн Ухаа худаг уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор тоног төхөөрөмж худалдан авах зорилготой.

-Гэтэл  "Хера Экуйпмент" ХХК-ийн Хас банкин дахь Хас лизингэд байгаа өр төлбөрийг Хөгжлийн банкнаас авсан 33 тэрбум төгрөгөөр төлж барагдуулаад байдаг нь ямар учиртай юм бэ?

-Тодорхой жишээн дээр тайлбарлая. Манайх Херо айкобмент компаниас тоног төхөөрөмж худалдан авч түрээсэлдэг. Та ипотекийн зээлээр надаас орон сууц худалдан авсан байлаа гэж бодоход би танаас ипотекийн зээлээр орж ирсэн мөнгийг авчихаад тэрийгээ юунд зарцуулах нь миний эрх. Вертекс харин энэ санхүүжилтээ яг тоног төхөөрөмж худалдан авсан компани руугаа шилжүүлсэн эсэх асуудал нь зээлийн зарцуулалтын асуудал. Тоног төхөөрөмжийг нийлүүлж буй компани үүнийгээ аваад, өмнөх тоног төхөөрөмжөө татахад зориулсан санхүүжилт рүү хийх нь зөв болов уу.

-"Вертекс майнинг партнерс” ХХК нь 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хавсралтад эргэн төлөлтийн хуваарийг баталсан. Энэ хуваарийн дагуу зээлээ төлж байсан уу?

-Манайх эхний 12 сард үндсэн зээлээс чөлөөлөгдсөн. 13 дахь сараас үндсэн зээлээ төлөх хуваарьтай байсан. Зээлийн хүүгийн төлөлтийг хуваарийн дагуу төлж байсан ч цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсонги байдалд орж үндсэн төлбөр тасалдсан. Энэ талаар Хөгжлийн банкинд тухай бүрт албан бичиг хүргүүлсэн. Энэ дагуу Хөгжлийн банкнаас зээлийн нөхцлийн санал ирж байсан. “Танай эргэн төлөлтийг 2023 оны нэгдүгээр сараас үндсэн төлбөрийн графикийг хойшлуулж өгье” гэх санал ирж байсан. Манайх 2022 оны зургадугаар сарын 28-нд 33 тэрбумын зээлээ төлж барагдуулсан.

-Таны өгсөн мэдүүлгээр үндсэн зээлийн төлбөр болох 2021 оны хоёрдугаар сараас эхлэн төлөх ёстой байсан. 2022 оны гуравдугаар сар буюу мөрдөн байцаалтын үйл ажиллагаа эхэлж байхад төлөлт хийж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн төлбөрийг төлсөн байгаа вэ?

-Цар тахлын нөлөө уул уурхайн салбарт хүнд цохилт болсон. Урд хөрш хилээ хаасантай холбоотой нүүрсний экспорт зогсонги байдалд орсон. 2022 оны гуравдугаар сарыг хүртэл өдөртөө 30-50 машин нүүрс гардаг байсан үе. Тэгэхээр олборлолтын үйл ажиллагаа зогссон. Энэтэй холбоотой давагдашгүй хүчин зүйл үүсээд байгаа тул МХАҮТ-аас гэрчилгээ авч Хөгжлийн банкинд хүсэлтээ өгсөн байдаг. Хөгжлийн банк энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Нийтдээ үндсэн төлбөр 33 тэрбум, хүүгийн төлбөрт 9.9 тэрбум төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 200 сая төгрөг төлсөн.


Х.Ганхуягийн өмгөөлөгч “Вертекс майнинг партнерсХХК-ийн төлөөлөгчөөс асуулт асууж байна.

-Х.Ганхуяг нь танай ХХК-аас хувьцаа эзэмшдэг үү?

-Манай компаниас хувьцаа эзэмшдэггүй, ногдол ашиг авдаггүй.

-Прокуророос миний үйлчлүүлэгч Х.Ганхуягийг буруутгахдаа ЭХ-ийн тусгай анги 22.1-ийг журамлаад Г.Амартүвшин буюу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг хатгаж зээл олгуулан “Вертекс майнинг партнерсХХК-д эдийн засгийн давуу байдал олгосон гэдгээр яллаад байгаа юм. Тэгэхээр танайд эдийн засгийн ямар давуу байдал олгоод байгаа юм бэ?

-Үүнийг сайн ойлгохгүй байна. Зээл аваад эдийн засгийн давуу байдал олгоно гэж байж болдог юм уу. Зээл авч байна, эргээд гэрээний дагуу хүү төлж байна. Ямар нэгэн байдлаар журам зөрчөөд авсан бол өөр асуудал. Зээлийн хүсэлтийг 2019 оны зургадугаар сард бичгээр гаргасан байдаг. Хөгжлийн банкнаас наймдугаар сард цахимаар авна гэх чиглэлийг өгөөд материалаа өгөөд нийтдээ зургаан сар судлуулж байж зээл авсан. Бид өөрсдийгөө Хөгжлийн банкны шаардлагыг хангаж байна гэдэг учраас зээл авсан байдаг. Давуу байдал огтоос олж аваагүй, авах боломж ч байхгүй.

09 : 11
2023-5-9

Шүүх хуралдаан үргэлжилж байна

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 17 дахь өдрөө үргэлжилж байна.


Шүүгдэгч Б.Шинэбаатартай холбоотой асуулт хариулт үргэлжилж байна. Түүний өмгөөлөгч Эрдэнэт үйлдвэрийн нэхэмжлэгчээс асуулт асууж байна.

Албан хэрэг хөтлөлтийн журам зөрчигдсөн гээд ярилаа. Энэ эрүүгийн хэрэг юм уу?

-Манайх дотроо хэрэглэдэг процессыг хэлсэн.

Тэрэн дээр үндэслээд миний үйлчлүүлэгчийг буруутгаад байна?

-Бүх асуудал дээр биш Төрийн болон орон нутгийн үйлчилгээ худалдан авах хууль, манайхаас 2013 онд батлагдсан худалдан авах ажиллагааны түр журмыг холбогдох заалтуудыг зөрчиж гэрээ байгуулсан байна.

Хоёр байгууллагын хооронд хийсэн гэрээг танай хуулийн хэлтэс хянасан байсан байна шүү дээ? Хуулийн хэлтэс гэрээ байгуулаад Эрдэнэт үйлдвэрт мөрдөгдөх хэм хэмжээг зөрчөөгүй байна л даа?

-Хуулийн хэлтэс гэрээнд гарын үсэг зурдаггүй. Хувь эзэмшлийн хэмжээ өөрчлөгдөөд 49 хувь Монголын талд ирсэнтэй холбогдуулаад Эрдэнэт үйлдвэрт 49 хувиас томилогдож очсон албан тушаалтнуудад таны асуусан хуулийн асуудалд ажилласан.

-20 мянган км явсан энэ хоёр машин чинь 17 хувиар элэгдсэнд тооцох уу?

-Хоёр жил гаруй хугацаа шүү дээ. Гарааш байдаггүй байлгүй дээ. Адаглаад дугуй элэгдэл байдаг байх. Манайхаас гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс мэдэж байгаа.

-Шинжээчийн дүгнэлтийг та зөв гэж үзэж байна уу?

-Би хүлээн зөвшөөрч байгаа.

-Энэ гэрээ өчигдрийн зарим хэрэг дээр ярьсанчлан та бүхэн Эрдэнэт үйлдвэрээс гомдол гаргаад энэ хэрэг шалгагдсан юм уу эсвэл бусдын хүсэл зоригоор та хохирогч иргэний нэхэмжлэгчээр зогсч байна уу?

-Нийлүүлсэн Белазад Сангийн яамны шинжээч ажиллаад тухайн асуудал нь өндөр үнэтэй нийлүүлэгдсэн гэрээнд орж байна, тус асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулах дүгнэлт гарсан. Үүний дагуу АТГ шалгасан.


“Говийн зам” ХХК-ийн үйлдэлд хохирогчийн төлөөлөгчөөр ЗГХЭГ-ыг татжээ. Энэ талаар нэхэмжлэгчээс асуулт асууж байна. 

-Та ЗГХЭГ-ын төлөөлсөн итгэмжлэгчээр хэрэгт байгаа юу?

-ЗГХЭГ-аас хүргүүлсэн албан бичгийн дагуу ЗГ-ын хууль ёсны хохирогчийн төлөөлөгч байна гэх мөрдөгчийн тогтоол гарсан.

-Хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэгт хохирлын асуудлыг тухайлан судалж байгаад мэдүүлэг өгье гэдгийг тухайн хавтаст хэрэгт өгсөн байдаг. Шүүх хурал дээр Хөгжлийн банкны гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна гэдэг мэдүүлгийг Сангийн яамнаас өгсөн. Яг одоогийн байдлаар хохирогчоор тогтоогдсон хүний хувьд “Энержи ресурс” компани иргэний хариуцагчаас хэдэн төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа вэ?

-Нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй. Та түрүүн намайг Засгийн газрын хууль ёсны хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж тодотгосон. Таны асуулт тань зөрөөд байна. Шинжээч болон прокурорын яллах дүгнэлтэд 36 тэрбум гэж тодорхойлсон. Үүнийгээ дэмжиж оролцож байна.

-Шинжээчийн дүгнэлттэй танилцсан байгаа юу? Хассан зардлын талаар хариултыг өгөөч?

-Би Сангийн яамны Хууль эрх зүйн газрын даргын албан тушаалыг хашдаг. Хууль эрх зүйн тооцоолол учраас энэ дээр тооцоо хэлэх боломжгүй байна.

-Мэргэжлийн үүднээс чинь асуухад санхүүгийн зардал, эх үүсвэрийн зардлыг гаргах боломжгүй гэдэг дүгнэлт 36.4 тэрбумаас 35.5 нь гарах боломжгүй буюу олон улсын банк санхүүгийн хүүгийн зардал гаргах боломжгүй гэж дүгнэсэн. Та мэргэжлийн үүднээс хүүгийн зардлын талаар мэдэх зүйл байна уу?

-Мэдэх зүйл байхгүй.

-“Энержи ресурс”-ээс нэхэмжилж байгаа зүйл бий юу?

-Шинжээчийн дүгнэлт болон прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар танайхыг иргэний хариуцагчаар  татсан. Танай хэрэг шийдэгдтэл энэ хүрээндээ Хөгжлийн банкны учирсан хохирлыг барагдуулах нь зүйтэй.

-Засгийн газар “Энержи Ресурс”-тэй ямар хэмжээнд оролцсон юм бэ? Бид ямар үүргийн дагуу шаардах эрхээ хэрэгжүүлээд зогсч байгаа билээ?

-Холбогдох нотлох баримтын хүрээнд Засгийн газрыг Хөгжлийн банкны хэрэгт хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол байгаа. Энийг яагаад тогтоосныг мөрдөгч, прокурор мэдэж байгаа. Тэдний өмнөөс би хариулж болохгүй шүү дээ.

Хохирогчийн өмгөөлөгч асуулт асууж байна.

-Зүйлчлэл өөрчлөгдөх юм бол Хөгжлийн банк хохирогч байх боломжгүй болно. Энэ мэтгэлцээний шатанд яригдах байх. ЗГ Хөгжлийн банкны хохиролтой холбоотой тусгайлсан ямар шийдвэр гаргасан бэ?

-Хохиролтой холбоотой уг хохирол нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй учраас ямар нэгэн шийдвэр гараагүй. Энэ хохиролд хууль ёсны хохирогчоор намайг томилжээ.


Иргэний хариуцагч “Энержи Рерурс” ХХК-ийн төлөөлөгчдөөс асуулт асууж байна.

-Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуулт асууя. Шинжээчийн дүгнэлтийг үзэхэд эдийн засгийн шинжилгээ талыг баримталж дүгнэлт гаргалаа гэж байгаа юм. Гэсэн мөртлөө сайдын зааврыг баримтлаад дүгнэлт гаргалаа гэсэн байгаа юм. Шинжээчийн дүгнэлтийг танай байгуулага юу гэж үзэж байна вэ?

-Тэр сайдын заваар нь өөрөө барилга угсралтын ажлын төсөв зохиох заавар. Барилга угсралтын ажлын төсөв. “Говийн зам” ХХК бол барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн этгээд биш ээ. Хэдийгээр ЗГ-тай байгуулсан барих ашиглах шилжүүлэх гэрээнд гүйцэтгэгч гэж явж буй боловч тус компани төсөл хэрэгжүүлсэн компани. Тэр төслийг хэрэгжүүлэхдээ толгой компани Энержи Ресурсаас бүх санхүүжилтийг авч тухайн замыг барьсан. Барилга угсралтын төсөв зохиох заавар 16 зүйл буюу тэдгээр нь удирдлагын зардалтай холбоотой хэсэг.


“Чингис хаан” банкны хууль ёсны төлөөлөгчөөс асуулт асууж байна.

-Чингис хаан банк 2018 онд Банкны тухай хуулийн 6.1.1-д зааснаар мөнгөн хадгаламж явуулах үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллага байсан уу?

-Чингис хаан банк нь 2013 оны Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвшөөрлийн хүрээнд олгогдсон үйл ажиллагаагаар ажиллаж байна. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн хязгаарлагдсан зүйл байхгүй. Мөн үнэт цаас гаргах эрх нь холбогдсон байдаг. Монголбанкнаас өгсөн зөвшөөрөлд хадгалах, хадгалуулах, өөрийн зээлдэгчийн хүрээнд мөнгөн хадгаламж татан төвлөрүүлэх эрх олгогдсон байдаг.

-Хөгжлийн банк нь Чингис хаан банкны зээлдэгч байгууллага мөн үү?

-Мэдүүлэг заасан дээр байж байгаа. Мэдүүлэгтээ бүгдийг нь дэлгэрэнгүй ярьсан. Ямар дээрэнгүй өнгөнөөс ярьдаг юм бэ.

-2018 оны арванхоёрдугаар сард Чингис хаан банк Монгол банкны зохистой харьцааг хангаж байсан уу?

-Хангаж ажилласан.

-2019 оны 7,11-р сард Хөгжлийн банкнаас Чингис хаан банкинд байршуулсан 25 тэрбум төгрөгийг татах тухай албан бичгийг хүргүүлсэн байдаг. Энэ албан бичигтэй холбоотой Чингис хаан банк ямар арга хэмжээ авч ажилласан бэ. Хөгжлийн банкинд 25 тэрбумыг буцаан төвлөрүүлсэн үү?

-Мөнгөн хадгаламжийн гэрээнд талуудын эрх үүргийг маш тодорхой заасан. Тодорхой хугацаанд мөнгөн хадгаламжийг байршуулна. Хугацааны эцэст хүүгийн орлого болон үндсэн төлбөрөө гаргуулж авах. Тэр хугацаанд хадгалагч, хадгуулагч аль аль нь өөрийн санаачилгаар цуцлах эрх байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эрдэмтэн 2023-05-09 202.131.251.130

Х.Ганхуяг гишүүнд зохих ялыг нь өг. Их том ярьдаг нөхөр. Баахан мөнгө шаачихаад , их ухаантан царайлаад , ямарч гэм зэмгүй юм шиг явж болохгүй.Зүгээр нэг цайны мөнгө аваагүй бна.Нотолгоо хангалттай, тайлбар хангалтгүй бол зохих ялыг үүрүүл.Ардын намын шинэ үеийн ичих булчирхайгүй хулгайч нарын нэг гэдэг нь тодорхой бна.

Avatar

Нэргүй 2023-05-09 103.26.193.222

Амартүвшин билүү нэг луйварчин гишүүн бас л пээдийгээд байсан биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж