Сурвалжлага: Монголчуудын ам өмхий үнэртэй байна

Хуучирсан мэдээ: 2023.05.09-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Монголчуудын ам өмхий үнэртэй байна

Сурвалжлага: Монголчуудын ам өмхий үнэртэй байна

“… Манай хүүхэд одоо 10 настай. Чипс, чихэр, печениэс авхуулаад хүссэн зүйлийг нь авч өгсөөр байгаад одоо шүдний ихэнх нь хорхой идчихсэн”. Сарын өмнө шүд нь өвдөөд шөнө унтаж чадахгүй уйлсаар байгаад маргааш өглөө нь  шүдний эмнэлэгт очиж үзүүлсэн. Таван шүдэнд нь эмчилгээ хийлгэлээ. Хүүхдэдээ амттан авч өгсөн ч идсэнийхээ дараа заавал шүдээ угаах хэрэгтэй гэдгийг ойлгуулж, заах ёстой юм билээ” гэж Т.Энхцэцэг ярилаа. Тэрбээр хүүгийнхээ шүдийг эмчлүүлж яваа аж.

Сүүлийн үед монгол хүүхдүүдийн шүд хар багаас нь өвчлөх болсныг эмч нар хэлдэг. Энэ нь чихэрлэг амттаны хэрэглээ ихэссэнтэй холбон тайлбарлах нь бий. Үнэндээ ч эцэг эхчүүд хүүхдүүдээ баярлуулах нэрээр чихэр,жимсээр хооллох нь элбэгшсэн. Энэ нь шүдний цооролтод нөлөөлж, улмаар дотоод эрхтнүүдийн өвчлөл үүсгэх шалтгаан болдог байна.

"Монголчууд шүд, амны хөндийгөө муу арчилдаг. Ихэнх нь амны хөндийн үрэвсэлтэй. Үүнээс  нь болоод амнаас нь муухай үнэртэх нь цөөнгүй". Энэ бол шүдний эмчийн яриа. Шүдээ үзүүлэхээр ирсэн үйчлүүлэгчдийн дийлэнх нь амны эвгү үнэртэй ирдгийг хэлсэн юм.

Монголчуудын хувьд амны хөндийн эрүүл ахуйн ойлголт нь төдийлөн хангалтгүй байдаг  учраас шүдний өвчлөл нь бусад улсуудтай харьцуулахад нэлээд өндөр хувьтай байдаг аж. Эрүүл байхад амны хөндийн арчилгаа маш чухал, тиймээс иргэд шүдний эмнэлэгт гурван сар тутамд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй байдаг. Гэвч үүнийг хүмүүс төдийлөн мэддэггүйгээс болж шүдний цоорол хүндэрч, тэвчиж чадахгүй өвдөлт мэдэрснийхээ дараа эмнэлэгт хандах нь элбэг.

Ихэнх иргэд урьдчилан сэргийлэх эмчилгээ гэхээс илүүтэйгээр шүдний цоорлын хүндрэл болгож, эмнэлэгт хандсанаар эдийн засгийн хувьд ч багагүй төлбөр төлөхөд хүрдэг аж. Өвчилсөн шүдээ эмчлүүлж, ломбодуулахад 300 мянган төгрөг зарцуулах нь наад захын үнэ. Цаашлаад  өвчлөлийн зэрэг, эмнэлгийн орчин, үйлчилгээний чанар, стандартаасаа шалтгаалаад үнэ нэмэгддэг.

Цоорлын хүндрэл нь сувгийн эмчилгээнд орох цаашлаад шүдийг авах хүртэл сөрөг нөлөөтэй. Тэгэхээр шүдний цоорол болон цоорлын хүндрэлээс сэргийлэхэд амны хөндийн арчилгаа болон урьдчилан сэргийлэх үзлэгийг хэвшмэл болгох хэрэгтэйг шүдний эмч нар хэлж, сануулдаг.

"PDIC" эмнэлэг өглөөний 08.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл ажилладаг.  Үдээс хойш, ажил тарж байгаа болоод ч тэр үү, үйлчлүүлэгч цөөтэй байлаа.  эмчилгээний их эмч Н.Мөнхмөрөн "Амны хөндийн өвчлөл дундаас шүд цоорох өвчлөл элбэг тохиолддог. Шүд цоорох өвчний хүндрэл илүү байгаа гэсэн үг. Мөн тулгуур эдийн өвчлөл хамгийн их тохиолдож байна. Тулгуур эдийн өвчлөлд буйлны үрэвсэл, шүдний тулгуур эдийн үрэвсэл зэрэг ордог. Шүд цооролт, тулгуур эдийн үрэвслийн гол шалтгаан нь амны хөндийн арчилгаа дутуу байх, идэж буй хоол хүнсний сонголт хэт хүчиллэг байх эсвэл хоолны сонголт буруугаас болж үүсдэг. Хүүхдийн амны хөндийн өвчлөл илүү элбэг тохиолдож байна.

Эхчүүд дөнгөж сүүн шүд нь ургаж байгаа хүүхдэд хөхөө хөхүүлээд хонодог. Үүнээс болоод амны хөндийд хүчиллэг орчин үүссэнээс болж сүүн шүд эрт цоорох нь түгээмэл болжээ.

Бага насны хүүхдүүдэд ундаа, чихэр ихээр авч өгснөөс мөн өглөө, оройдоо шүдийг нь угаалгах нь цөөхөн байна. Зарим эцэг эхчүүд сүүн шүдтэй хүүхдийн шүдийг угаах ёстой юу гэж асуудаг. Сүүн шүд ч гэлтгүй, байнгын шүд ч гэлтгүй маш сайн угааж арчилгааг нь зөв хийснээр өвчлөлд өртөхгүй байх боломжтой" гэлээ.

АМНААС ЭВГҮЙ ҮНЭР ХАНХАЛДАГ ХҮНТЭЙ ХАРИЛЦАХ, ОЙРТОХ ХЭЦҮҮ БАЙДАГ

Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд тулгардаг нэг асуудлын нэг нь монголчуудын амны хөндийн эвгүй үнэр. Монголчуудын дийлэнх нь, хөгшин залуу, хүүхэд гэлтгүй амны хөндийн эвгүй үнэртэй.

Н.Мөнхмөрөн эмч ярихдаа "Хоол идсэнийхээ дараа шүдээ угааж, сод, давстай усаар зайлахгүй бол хоолны үлдэгдэл хуримтлагдаж шүд өнгөртэй болдог. Шүдний өнгөрийг дутуу цэвэрлээд байвал аажимдаа хатуурч муухай үнэртэй чулуу болж тогтоно. Чулуу буйлыг үрэвсүүлж, буйлнаас цус шүүрч үнэр улам ихэснэ. Зарим хүн чулуугаа авхуулахаар шүд сийгдэг гээд эмчид ханддаггүй, бохир нянгаар үрэвссэн зүйлээ тээгээд, муухай үнэр ханхлуулаад явдаг" тухай ч ярив.

Улс орон даяар зохион байгуулсан эрт илрүүлэгт хамрагдсан нэг сая иргэний өвчлөлийн статистик мэдээгээр 0-17 насны хүүхдүүдэд амны хөндийн өвчлөл их байна гэх судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Тодруулбал, Монгол Улсынд 5-6 насны хүүхдийн 87.3-96.2 хувь, 12-с дээш насны хүүхдэд 65.3-аас дээш хувьд нь шүд цооролттой гарсан байна.Насанд хүрэгчдийн 98 хувь нь шүдний цооролтой байна. Шүдний цоорлын талаар АУШИС-ийн эрдэмтэн, докторуудын хамгийн анхны судалгаа Монгол Улсад 1980 онд хийсэн. Тухайн үед шүдний цоорлын тархалт өндөр байсан. Харин өнөөдөр 40 гаруй жилийн дараах судалгааг авч үзвэл мөн л ялгаагүй шүдний цоорол өндөр буюу өвчлөл нийт хүн амын 80-90 хувьд байна. Хэдийгээр Монголын Засгмийн газраас үе, үе "Эрүүл шүд" хөтөлбөр зарладаг ч үр дүн муутай байгаагийн илрэл нь өнөөдрийн монголчуудын амны хөндийн эвгүйн үнэр юм.

Шүдний өвчин нь халдварт өвчин учраас жирэмсэн ээжүүд төрөхөөс өмнө амны хөндийгөө эрүүлжүүлэх шаардлагатай. Түүнчлэн хүүхэд төрсөн цагаас амны хөндийн арчилгаа хийх, шүд ургасан даруйд сойз ашиглан угаах, заавал өвдсөн хойно нь биш шүдний үзлэгт тогтмол үзүүлж урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна.

Мөн амны хөндийн ариун цэврээ сайтар хангаагүйн улмаас амнаас эвгүй үнэр гарах тохиолдол түгээмэл байдаг аж. Амнаас эвгүй үнэр ханхалдаг хүнтэй харилцах, ойртох хэцүү байдаг талаар иргэд ярьж байлаа.

Иргэн Д.Цолмон “ Манай нэг танилын амнаас эвгүй үнэр байнга үнэртдэг. Ойр зайнаас харилцах үнэхээр хэцүү байдаг учраас аль болох зайгаа барьдаг болсон. Нэг удаа эвгүй байсан ч зориглоод үнэнийг нь хэлчихсэн. Өглөө оройдоо шүдээ угаадаг гэсэн ч эвгүй үнэр гараад л байдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь би их үнэрч, эмзэг болохоор ч тэр үү, хүнд тусдаг байж магадгүй” гэлээ.

Харин 30 гарсан залуухан бүсгүй амны хөндийн эвгүй үнэрээсээ болоод байнга бохь зажилдаг болохоо нуусангүй. Тэрбээр шүдээ өглөө оройдоо байнга угаадаг ч амны хөндийн эвгүй үнэр нь огт арилж өгөхгүй байгаа нь түүний санааг зовоож буй аж. Тиймээс шүдний эмнэлэгт ирж, эмчилгээ, зөвлөгөө авахаар шийджээ.  Үнэхээр түүнтэй ярихад амнаас нь эвгүй үнэртэх нь надад ч мэдрэгдэв. Амны хөндийн эвгүй үнэр монголчуудын гол асуудал болоод удсан.  Учир нь, нүүдэлчний уламжлалаасаа салаагүй монголчууд шүдээ угаахдаа хэлээ угааж хэвшээгүй, тиймээс хэлэн дээр нь өнгөр хуримтлагдаж, нян нь үржээд амнаас нь эвгүй үнэр гардаг байна.  Тэрчлэн  шүдээ угаах үед 25-ны агт араа буюу хамгийн арын шүд муу угаагдадаг,  шүд буйлны завсарт хоолны үлдэгдэл үлдэн ялзардаг. Амны хөндийд цоорлын хүндрэл болсон том хөндийтэй, архаг үрэвсэлтэй шүднүүд байх нь амнаас эвгүй үнэр гарахад хүрдэг аж.

АМНААС ЭВГҮЙ ҮНЭР ГАРАХ НЬ ШҮД ЦООРЛООС ҮҮДЭЛТЭЙ

“Амнаас эвгүй үнэр гарах эхний шалтгаан нь шүд цооролтоос хамааралтай. Цоорсон шүдний хөндийгөөс эвгүй үнэр гардаг. Мөн буйлны үрэвсэл, шүдний чулуу, хэлний өнгөр цаашлаад ходоод гэдэсний өвчлөлөөс шалтгаалан амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог. Шүдний чулуу нь ихэвчлэн дээд, доод үүдэн шүдний дотор талд, зарим тохиолдолд араа шүднүүдийн дотор талд үүсдэг бөгөөд шаргал, хүрэн бараан өнгөтэй харагдана.

Шүдний чулуу нь амны хөндийн арчилгаа муу, шүд угаалт дутуу, хоол хүнсийг хэт зөөлрүүлж идэх, шүдний өнгөрөө дутуу арилгаснаас болж чулуу үүсдэг.

Түүнчлэн тамхи татах, кофе их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн шүд мэдэгдэхүйц чулуужсан байдаг. Хэрэв шүдний чулуу нэгэнт үүссэн бол түүлгэж, цэвэрлүүлэх шаардлагатай. Харин шүдний чулуугаа түүлгэсний дараа амны хөндийн арчилгааг сайтар сахиж, шүд угаалтыг улам сайжруулснаар амны эвгүй үнэр ерөнхийдөө арилна” гэж их эмч Н.Мөнхмөрөн зөвлөв.

Шүд цоорох мөн шүдний өнгөр чулуунд маш их бактерийн бөөгнөрөл агуулагдаж ходоод гэдэс рүү цуг зажлагдан, залгигдаж байдаг аж. Хүмүүсийн гаргадаг нэг том алдаа нь хоолыг бутлах, жижиглэх үйл явцыг амны хөндийд бүрэн хийж чадахгүй шууд залгидаг.

Тиймээс ходоодонд очсон том том бүхэл хоолнууд ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж цаашлаад ходоод гэдсэнд шимэгдэж чадахгүйн улмаас ходоод гэдэсний замын өвчлөл үүсэх шалтгаан болдог.

Хоолоо 32-оос дээш удаа зажилж идвэл маш сайн гэж үздэг. Эрүүл бие амны хөндийгөөс эхэлнэ. Хоол боловсруулах замын хамгийн эхний үйл ажиллагааг явуулдаг амны хөндийгөө эрүүл байлгах хэрэгтэй гэдгийг мөн захисан юм.

Амны хөндийн эвгүй үнэ гарах нэг шалтгаан нь тагнайн гүйлсийн үрэвсэл байх талтайг хамар, хоолойн эмч хэллээ. Хоолой нь байнга өвддөг хүмүүсийн нүхжилт ихэсч, тэнд нь хоолны үлдэгдэд, нян бактери хуримтлагдсанаар амнаас муухай үнэр гарахад хүрдэг. Тиймээс хоолойгоо давс, содтой усаар байнга зайлах хэрэгтэй гэв.  Амнаас нь эвгүй үнэр гарч буй хүн юунаас шалтгаалж буйг оношлуулж, яаралтай эмчлүүлэхийг эмч нар зөвлөв. Харин дотрын эмч нарын хувьд уушиг, ходооноос болж амнаас эвгүй үнэр гардаг болохыг ч зөвлөв:. Уушигны бронхит,  ходоод гэдэсний үрэвсэл, шархлаа, хүчиллэг ихдэх, хоолны үлдэц ялзарсантай холбоотойгоор амнаас эвгүй үнэр гардаг. Тэгэхээр амны хөндийн эрүүл мэндийг сахиж, өглөө оройд шүдээ сайн угаах, хоол идсэнийхээ дараа амаа зайлах, цүнхэндээ байнга шүдний утас авч явч дадах хэрэгтэй. Мөн дотоод эрхтний эрүүл мэндийг шинжлүүлж, эмчлүүлэх хэрэгтэй. Тэгж байж л амны муухай үнэрээс салахыг шүдний эмч ч, чих, хамар, хоолойн эмч, дотрын эмч ч зөвлөж байна.

Э.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
10
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж