Хуучирсан мэдээ: 2023.05.09-нд нийтлэгдсэн

Таваар тоглогчид…

Таваар тоглогчид…

ИШШ 5

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь өнөөдрийг “Аугаа эх орны дайны ялалтын баяр” гэж “элгэмсэх” бол иргэд нь Орос, Украиныг өмөөрөн хуваагдаад толхилцоод сүйд. Хэзээнээсээ монголчууд хэрүүлийн алимандаа дуртай. Хэнд ч хэрэггүй хэрүүлийн алим шидчихээд ар хударгаар нь амжуулахдаа ч тэд гаргуун…

Цөөхөн, цөлх монголчуудын сэтгэлгээнд хэрхэн тааруулж, ямар драмм тавихаа тэд тун чиг нарийн тооцоолно. Алунгоо эхийн таван сум, таван махбод, таван мэдрэхүй, таван тансаг идээ, таван хошуу мал  гэгчлэн үлгэр, домог уламжлалаар нь дамжуулаад бат нот шингэсэн тавын тоог хэрхэн тархи угаах хэрэгсэл болгож ашиглаж буйн цөөхөн жишээг энд дурдах болно. Соц үеийн суртал ухуулгаар "ОНЦ" дүнг илэрхийлдэг асан тавын тоо орчин цагийн пиарт зайгаа тавьж өгсөнгүй. Шинэ юм гэж сайтар мартагдсан хуучин юм.

СОЦИАЛИСТ ТАВАН ХОШУУ

“5” гэхээр “онц” гэдэг бодол соц үеийн “бүтээлийн” сэтгэлгээнд шууд бууна. Багачуудыг эс тооцвол энэ сэтгэлгээ бидний дунд бат оршсоор л байна. С.Баяр ч энийг сайтар анзаарсан. Тиймээс таван төгөлдөршил гэж бодлогоо тодорхойлж байв… Социалистуудын сүлд тэмдэг болсон од таван хошуутай. Бид тэрхүү таван хошууг Оросыг эргэлт буцалтгүй дагасан 1940 хойш сүлдэндээ залжээ. Өнгөрсөн нийгмийн улс даяараа жагсдаг “Майн баяр” ч тавдугаар сарын 1-нд болдог. Октябрийн хувьсгал ялснаас хойш уг өдрийг Орост албан ёсны баяр болгон зарлаж, Ходынскийн талбайд “Майн баяр”-ын анхны жагсаал 1918 онд хийжээ. Тэднээс хувьсгал импортлосон бид ч юугаар дутах вэ? Монгол Ардын Засгийн Цэргийн Яамнаас “Майн нэг”ний баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 1922 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн З-р дугаар тушаалаар "Майн баяр"-ыг тэмдэглэж эхлэх нь тэр. Таван хошуу малаа ч сүлдэндээ залсан нь ч бидний санаа биш Сталиных. Одоо хэр нь “Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино урлаг” гэж Ленинг хэлсэн хэмээн гөрдсөн тэрбээр хамгийн дөт замаар тархийг нь угаах боломж гагцхүү кинонд шингэж байсныг харсан бололтой. Үүний тусламжтай оросууд толгойг угаасан шигээ монголчуудыг ч мунхруулжээ.

Монгол өөрсдийгөө мэддэг болсон ч ужиг өвчин үе үе хөдлөөстэй. Оросууд одоо ч бидний заримынх нь зүрх сэтгэлд “янаг” хэвээрээ.

ЧӨЛӨӨТ ТАВАН МОНГОЛ

1940 оны МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр  300 мянган төгрөг олгож “Ленфильм” студид бүтээлгэсэн “Сүхбаатар” кинонд Ардын хувьсгалын анхны долоо бус “Чөлөөт таван монгол” гэж гардаг. Чөлөөт таван монголын нэг нь Чимэд байх жишээтэй. Хэнийг нь дайсан, хэнийг нь баатар болгон харуулах марксист түүх бичлэгээ зохиож эхлээгүй байснаас ийнхүү бүдгэрүүлжээ. Ганц тодорхой зүйл гэвэл Д.Сүхбаатар, Х.Чойбалсан хоёрыг хамгаас илүү үнэнч нөхөр болгон харагдуулсан. Зарим кадрт Янжмаагаас илүү янаг тэврэлдэнэ гээч… Мэдээж Х.Чойбалсан улсыг удирдаж, дахин шүтэх баатраар Д.Сүхбаатар, түүний гэргий Янжмааг тодорхойлоод байхуйд өөр яах ч билээ. Найруулагчаас эхлээд Сүхбаатарт хүртэл Орос хүн тоглосон уг бүтээл бодит үнэнтэй нэг зүйлээрээ тохирдог. 1920 оны есдүгээр сарын 16-нд ОК(Б)Н-ын төв хорооны Сибирийн товчооны Дорно дахины ард түмний секцийн тэргүүлэгчдэд Монгол-Төвдийн хэлтсийн эрхлэгч С.Борисовын өргөсөн “Маш нууц” дардастай бичигт Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нарыг “Монгол-Төвдийн хэлтсийн ажилтан” гэж тодорхойлсон бөгөөд тэдний хүнсний асуудлыг нь шийдэж, цалин олгож өгөхийг хүссэн баримт байх. Анхны долоогоос Д.Сүхбаатар учир битүүлгээр, С.Данзан, Д.Бодоо, Д.Чагдаржавыг буудаад алчихсан, Д.Догсомыг киног хийж эхлэхээс жилийн өмнө баривчлаад 1941 онд ЗХУ-ын шүүхээс дээд хэмжээ өгч цаазалсан, Д.Лосол "Японы тагнуул" гэх хилс хэргээр гүтгэгдэн шоронд нас баржээ. Х.Чойбалсан л энэ киног үзэж таашаал авсан аж.

ШУДАРГА  ТАВ…

Яагаад шударга дөрөв, эсвэл зургаа биш гэж… "Долоон бурхан харвадагүй" гэдэг догма хүртэл зохиогоогүйсэн бил үү?  Тавыг зүгээр ч нэг сонгоогүй. Монголчуудад цээжилж тогтооход хамгийн амархан цифр төдийгүй соц үеийн бүтээгдэхүүнд "5"-ын тоо бол шууд онц, мундаг гэсэн бодол автоматаар төрүүлнэ. Тэдний энэхүү тархи угаалт буюу "пиар" нь тунчиг амжилттай болсон.  УИХ-ын даргаа эсэргүүцсэн таван гишүүн өөрсдийгөө ийн өргөмжлөөд “хувьсгал” хийсэн билээ. Хоржоонтой нь “чөлөөт тав”-ын адилаар тэднээс хоёр нь өнөөдөр эрх мэдэлтэйгээ үлдсэн бол хожим хэд нь зүхүүлэхийг хэлэхэд эрт байна. Чөлөөт таваас нэг зүйлээр маш тодорхой ялгарсан нь “шударга тав” албан тушаал горилохгүй гэж гонгиносон ч горилогсод байсан нь хөдөлбөргүй тогтоогдсон. Уг нь тэд Алунгоо эхийн домгоо барьсан бол… Тэр домогт “Та таван хөвүүн миний ганц хэвлийгээс төрөв. Та нар тугаарын таван мөс мэт ганц ганцаар болбоос, тэр нэжгээд мөс мэт хэнд ч хялбархан дийлэгдэнэ. Тэр цугласан мөс мэт хамт нэгэн эетэн болвоос та нар хэнд ч хялбар яахан дийлдэх” гэдгийг сануулах юун. Шударга тавын шимийг хамгийн ихээр хүртэж, амташсан "хөвүүн" цааш…

ТАВАН “Ш…”

Утаа, түгжрэл, ажилгүйдэл, ядуурал газар авч, юмны үнэ тэнгэрт хадсан энэ ороо бусгаа цаг үед Л.Оюун-Эрдэнийн ганц аврал нь мөнөөх л тавын цифр. Ард иргэд талхны мөнгөгүй байгаадаа бухимдахаас илүүтэй шударга ёс нэхэж бухимдаж байгааг тэд анзаарсан. Бурууг өнгөрсөн үзэл суртал шиг өмнөх рүү чихэж хэсэг явсан. Аргаа барсан. Дахин шинэ домог хэрэгтэй болсон. Тэд бодсон. Тэд ч гэж дээ мөнөөх л "пиарчин" нь зөвлөсөн хэрэг. Ингээд "5Ш" ажиллагаа гэгчийг эхлүүлсэн. Ус агаар мэт үгүйлэгдэж буй шударга ёсыг тогтоогч гол баатрын дүрд аль хэдийнэ тунчиг чадварлаг тоглоод эхэлсэн нь түмний нүднээ ил.  Тэрхүү гол баатрыг нь "огцруулах" атгаалжин хар мангасаар "ШЕЗ"-ийг тодруулж өрөвдүүлэх тактик хэрэглэсэн нь төдийлөн амжилт олсонгүй. Тэгсгээд намжлаа. Шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил ажиллагаа.

Ерөнхий сайдын шүгэлдээд байсан хэргээс өнөөдөр хэн хэн мултрав. Хэнийг шүүрдэж байна. Хэнийг улсын мөнгөөр үнэгүй шилжүүлэн авчрав. Хэнийг шилний цаанаас чихэр долоолгож байна вэ гээд бодоод үзвэл бас л ярвигтай дүр зураг бууна… Гарын таван хуруу аятай ах нартаа "салаавч", намын нөхдөдөө нуруугаа үзүүлж явсан тэд нэг нэгээрээ салхинд уруудсаар хоёулаа үлдлээ. Удахгүй нэг нь дунд хуруу шиг дурайгаад үлдэх вий. Мэдээж халаасандаа хэзээний дунд хуруугаа гаргачихсан л яваа. Хэн рүү гэж үү,

-Тань руу…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
БурууБуруу
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж