УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж анхны хэлэлцүүлгийг явуулж, гишүүд торогтоо ажиллахаар боллоо. Та Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тоо, тогтолцоог өөрчлөх асуудалд ямар байр суурьтай байна вэ?
–Анх Үндсэн хуулиа батлахдаа л гишүүдийн тоог багадуулаад баталчихсан юм болов уу гэж боддогддог. УИХ-ын гишүүд давхар дээлтэй байж болох хууль эрх зүйн орчин бүрдсэн. Тийм учраас УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах, олон байнгын хороонд орж ажиллаж байгаагаас үүдэн батлан гаргаж байгаа хуулиа уншиж судлах, нэг салбараараа мэргэшихэд асуудал бэрхшээлүүд үүссээр ирсэн. Өмнө нь иргэдийн олонх гэсэн зарчмаар буюу чуулганы хуралдаанд суусан гишүүдийн олонхын дэмжлэгээр хууль батлах, зарим тохиолдолд хүний өмнөөс картыг нь уншуулаад хууль батлах тохиолдол байсан. Гучин жил ийм жишгээр явж ирсэн.
Хуулийн олон талаас хэлэлцэгдэж, судлагдсан байх зарчим алдагдаж, учир дутагдалтай явж ирсэн нь яалт ч үгүй үнэн. Миний хувьд анхнаасаа тоо, тогтолцооны өөрчлөлтийг дэмжинэ гэдгээ илэрхийлсээр ирсэн.
-Иргэдийн хувьд УИХ-ын гишүүний тоог 50 хувиар нэмэгдүүлж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Тэгвэл тоо, тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай гэдгийг сонгогчиддоо хэрхэн тайлбарлаж, дэмжлэг авах бодолтой байна вэ?
-Хяналт тавих хүний тоо олон байх тусмаа сайн. Тухайлбал, улсын төсвийг 76 хүн хэлэлцэж баталдаг байсан бол одоо 152 хүн уншиж, судлан дүгнэлт, шийдвэр гаргах боломж бүрдэж байна. Хоёрдугаарт, тойргийн асуудлуудаас гадна улс, орны хэмжээний асуудлыг хардаг болно.
Ер нь бол Үндсэн хуульд тоо, тогтолцооны өөрчлөлтийг тусгаж өгч байж дараа дараагийн томоохон реформуудыг хийх боломж бүрдэнэ хэмээн харж байна.
Төрийн оролцоо өндөр байх тусам авлига тэр хэрээр цэцэглэж байдаг. Тийм учраас авлигыг бууруулах гол хөшүүрэг нь төрийн оролцоог багасгах явдал.
-Үндсэн хуульд 4-5 асуудлын хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар яригдаж байсан. Гэсэн хэдий ч зөвхөн тоо, тогтолцоог өөрчлөх болсныг юу гэж харж байна?
-Уг нь анхнаасаа ярьж байсан 4-5 асуудлаа оруулж ирээд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхээсээ иргэдээсээ асуусан бол… гэж бодоод л байгаа юм. Цаашид УИХ-ын гишүүдийн тоог 152 болгосноор солонгын долоон өнгө шиг намуудын төлөөлөл парламентад орж ирнэ гэж үзэж байгаа.
Тэр үед дахин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хүндрэлтэй л болох байх. Магадгүй тэр олон төлөөллийн саналыг нэг байр суурин дээр нэгтгэхэд ч хүндрэл үүсэх магадлалтай.
Тиймээс цаашид дахин Үндсэн хуульдаа хүрч чадах эсэх нь эргэлзээтэй болно. Уг нь сая яригдаж байсан өөрчлөлтүүдээ бүгдийг нь хийчихсэн бол…
-Өмнө нь УИХ-ын гишүүд тойргийнхоо сонгогчдоос гишүүдийн тоог нэмэх, ҮХНӨ хийх эсэх асуудлаар санал аваад татгалзсан хариу сонссон. Энэ удаа ч бас тоо, тогтолцооны өөрчлөлтийг хүлээж авах сэтгэлзүй тааруухан л харагдаж байна шүү дээ?
-Өмнө нь гишүүдийн тоог 152 болгоё гэсэн нарийн тоо яригдаагүй. Ер нь УИХ-ын гишүүний тоог нэмэгдүүлбэл ямар вэ, пропорциональ тогтолцоогоор сонгуулиа явуулбал яах бол гэдэг дээр иргэдийн санал бодлыг сонсох зорилготой байсан. Харин одоо нэгэнт хуулийн төсөл нь ороод ирчихсэн учраас төслийн хүрээнд асуудлыг ярина. УИХ-ын гишүүний тоог 152 болгосноор ийм ийм давуу талтай. Эрсдлийн хувьд ийм байна гээд сонгогчидтойгоо нээлттэй л ярилцана. Гишүүдийн тоог нэмэхээр шууд төсөв данхайна гэж ойлгох нь өрөөсгөл л дөө. Харин ч төсвийн хяналт сайжирч, оновчтой зарцуулалт хийгдэх магадлалтай.
Энэ нь эргээд тухайн үеийн парламентыг бүрдүүлж байгаа хүмүүсийн боловсрол, мэдлэгтэй шууд хамааралтай л даа. Одоо парламентын гишүүдийн тоо цөөн байгаа учраас орж ирсэн хуулийн төсөл дээр санал хэлэхийг хүссэн гишүүн бүрийн үгийг сонсдог.
Харин парламентын гишүүн олонтой бусад оронд тухайн хуулийн төсөл дээр хэн хэн санал хэлэх, тоог нь хязгаарлаж, намын бүлгээс нь саналыг нь багцалж оруулж ирдэг. Үүний үр дүнд попрох асуудал багасдаг. Хэрэв 152 хүн бүгдээрээ санал хэлнэ гэвэл нэг хуулийн төслийг хэлэлцээд эхэлвэл хэдэн сараар үргэлжлэх хэрэг гарна. Тийм учраас Улсын их хурлын Дэгийн тухай хуульд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орох байх. Ямартай ч өнөөдрөөс хуваарийн дагуу тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх хуулийн төслөө танилцуулж, сонгогчдынхоо санаа бодлыг сонсохоор ажиллаж байна.
–Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг хөндсөн. Улсын одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзвэл ийм нөөц бололцоо байна уу?
-Энэ жилийн тухайд нэг хүнд оногдох ДНБ хамгийн өдөр үедээ хүрэх цикл харагдаж байна. Төсвийн орлого 600 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна лээ. Миний бие хоёр долоо хоногийн өмнө эрчим хүчний найдвартай хангамжийн талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Эрчим хүчний асуудалдаа анхаарч нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэх арга, боломж алга. Нүүрсний цахилгаан станц барих талаар бодож байгаа бол улсын төсөв дээр санхүүжилтийг нь яаралтай суулгаж өгч, бүтээн байгуулалтыг нэн даруй эхлүүлэх ёстой.
Гадны санхүүжилтээр нүүрсний цахилгаан станц барих ямар ч боломжгүй болчихсон. Энэ мэтчилэн улс орны хөгжил дэвшил, ирээдүйн эдийн засагт чухал нөлөө бүхий мега төслүүддээ анхаарал хандуулах цаг нь болсон.
Өвөл болохоор агаарын бохирдол, утаа, эрчим хүчний дутагдлын талаар улиг болтлоо ярих биш тодорхой хэмжээний мөнгөтэй болж байгаа энэ үедээ эрчим хүчний асуудалдаа анхаарал хандуулаач ээ гэдэг зорилгоор асуулга явуулсан. Ер нь бол цалин, хөлсийг нэмэх шиг амархан юм байхгүй. Өөрөөр хэлбэл 600 тэрбум төгрөгийн эерэг үзүүлэлттэй гарсан бол түүндээ тааруулаад цалин хөлсийг нэмэгдүүлээд л боллоо. Зарим хүн цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбож ойлгоод байх шиг байна лээ.Миний хувтьд тэгж харахгүй байна. Яалт ч үгүй сүүлийн хэдэн жил цар тахлын нөлөөгөөр иргэд, аж ахуйн нэгжүүд туйлдаа хүрсэн. Тийм учраас тодорхой хэмжээнд одоо байгаа цалин, тэтгэврийн хэмжээг хөдөлгөх боломж бол бий. Цалин хөлсийг огт нэмж болохгүй гэж харахгүй байна.
Гэхдээ бүгдийг нь нэгдсэн журмаар хөдөлгөхөөс илүү тодорхой хэмжээнд хөдөлгөх ёстой гэж үзэж байгаа зорилтот бүлгүүдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг хөдөлгөх нь зүйтэй. Гэхдээ бид заавал ҮХНӨ оруулж, УИХ-ын 152гишүүнтэй болсныхоо дараа улс орны хэмжээний төслийг хөдөлгөх биш одоо илүү гарч байгаа мөнгөөрөө цахилгаан станц барих санхүүжилтээ шийдэж өвлийг өнтэй давдаг болмоор байна.
-УИХ-ын 152 гишүүний 50 хувийг пропорциональ тогтолцоогоор 50 хувийг нь жагсаалтаар сонгодог байх асуудал дээр ямар саналтай байна?
-Хэрэв Үндсэн хууль дээр пропорциональ тогтолцоогоор 50:50 гэж оруулж ирж байгаа бол Улс төрийн намын тухай хуульд Шилэн дансны тухай хуулийг улам тодорхой болгож, жагсаалтаар ямар шалгуур, шаардлага хангасан хүн орох зэрэг асуудлыг хөндөж гаргаж ирэхгүй бол болохгүй. Жагсаалтаа хэдэн тэрбумаар зардаг гэх ойлголт иргэдэд нууц биш болоод удаж байгаа шүү дээ. Жагсаалтаар дандаа болж бүтэхгүй хүмүүс орж ирлээ гэх хардлага, сэрдлэг санхүүжилтийг шилэн болгохгүйгээр арилахгүй.
Хэрэв пропорциональ тогтолцоог Үндсэн хуульдаа оруулах гэж байгаа бол Улс төрийн намын тухай хуульд санхүүжилттай холбоотой зүйл заалт дээр иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагынхан, иргэний нийгмийнхэн зарчим, ёс зүйгээ барьж хянуур хандахгүй бол болохгүй. Аль нэг улс төрийн нам 100 сая төгрөг авч нэр дэвшүүлж байсан. Түүний өмнөх сонгуулиар эхний тавд жагсаавал тэдэн тэрбум, 10-т жагсаавал тэдэн тэрбум төгрөг гээд мөнгөний тоо заачихсан байсныг бүгд мэдэж байгаа.
Хэрэв жагсаалттай холбоотой, нэр дэвшихтэй холбоотой мөнгө төгрөгний асуудал гаргавал Эрүүгийн өндөр хариуцлага хүлээлгэх зүйл заалт оруулах хэрэгтэй. Энэ бол төрийн эрх мэдлийг мөнгөөр лангуун дээр худалдаж байгаагаас ялгаагүй зүйл.
-Улс төрийн намууд болоод нэр дэвшигчид сонгуулийн зардал, хандиваа ил тод, шилэн болгох асуудлыг зохицуулах хууль, эрх зүйн орчин одоо ч хангалттай бий. Гэтэл хэрэгжилт хангалтгүй байсаар ирсэн. Улс төрийн намын тухай хуульд энэ талаар дахин оруулж өгсөн ч хяналт сул, хэрэгжилт хангалтгүй бол үр дүн гарахгүй юм биш үү?
-Тиймээс мөнгө гаргах хэрэгцээг нь аль болох багасгаж өгөх хэрэгтэй. Сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчээс гарах мөнгөн зардлыг дундаж орлоготой иргэн гаргаад дэвших боломжтой тэр хэмжээнд авч ирэх ёстой. Мөн намаас гаргаж байгаа сонгуулийн зардлын хязгаарлалтыг ч хамгийн бага дээр авч ирэх ёстой. Сурталчилгааны зардал өндөр хэвээр байвал жагсаалтаар орж ирэх хүмүүсээс намууд мөнгө авах нь тодорхой. Магадгүй мөнгөн дүнгийн босго тавина.
Үүнийгээ аль болох бидэнд мэдэгдэхгүйгээр л хийхийг бодно. Тийм учраас сонгуулийн сурталчилгааг маш бага зардлаар хийхээр хуульчлах ёстой.
Магадгүй нэг нэр дэвшигч хамгийн дээд тал нь 50 сая төгрөгөөс илүү мөнгө зарцуулж болохгүй гэх мэтчилэн нарийн зааж өгөх ёстой. Мөнгө, бэлэг сэлт, эд материал тараах бүх боломжийг нь хаа.
-Эцсийн дүндээ иргэд сонголтоо хийнэ. Өнгөрсөн хугацаанд мөнгөнд туйлж ирсэн сонгогчдоо шинэ дадалд хэрхэн сургах вэ. Сонгогчийн боловсролыг нь яаж дээшлүүлэх вэ?
-Хуулиар л хааж өгнө. Шинэ соёлд иргэд, улстөрчид хэн хэн нь сурахаас өөр арга байхгүй. Тэгэхгүйгээр суратлчилгаандаа 700-800 сая төгрөг зарцуулах боломжтой байдлаар хуульчилчих л юм бол мөнгөний сонгууль цаашид ч үргэлжилнэ.
Боловсролтой, мэдлэгтэй хүмүүс нь парламентад орж ирдэггүй, багш, эрдэмтэн судлаачид орж ирдэггүй гэх шүүмжлэл хэвээр л байна. Мөнгөний сонгуулийн тогтолцооноосоо салж чадахгүй бол гишүүдийн тоог 300 болгосон ч 300 мөнгөтэй хүн л орж ирнэ гэсэн үг шүү дээ.
-Аялал жуулчлалын тухай хууль саяхан батлагдсан. Хууль батлагдснаар манай улсын аялал, жуулчлал хэрхэн хөгжиж эдийн засагт ямар бодит өөрчлөлт гарах вэ?
-Монгол Улс 2019 онд хамгийн олон тооны жуулчин буюу 500 мянган жуулчин хүлээж авсан гэх тооцоо судалгаа бий. Энэ үед манай улсын эдийн засагт 200 гаруй сая ам. долларын өгөөжтэй байсан. Тиймээс аялал жуулчлалаар дамжуулж олох эдийн засгийн үр өгөөжөө хэрхэн яаж, нэмэгдүүлэх, жуулчдын тоог яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт тус хуулийн үзэл баримтлал оршиж байгаа.
Аялал, жуулчлалыг нэмэгдүүлэх хөшүүрэгүүдээ олон болгох, үүд хаалгаа нээж, салбарын бодлогыг нь төр гэхээсээ илүү хувийн хэвшил нь өөрөө тодорхойлдог байх боломжуудыг нь нээж өгсөн.
Мөн аялал жуулчлалыг жилийн дөрвөн улирал зохион байгуулахын тулд ямар ямар эвент хэзээ зохион байгуулах, төсөвт хэдэн төгрөг суулгах вэ гэх мэтээр аялал жуулчлалын дэд бүтцээ тодорхой болгоно. Мөн аялал жуулчлалыг төрөлжүүлж хил орчмын, эмнэлгийн, байгалийн үзэсгэлэнт газрууд гэх мэтээр зураглалаа нарийвчилж гаргана.
-Гадаадаас ирсэн зочид, гийчдэд манай үзүүлж байгаа үйлчилгээ таалагдахгүй, хүлээлтэнд нь хүрэхгүй байх тохиолдол олон. Аялал, жуулчлалын стандартыг мөрдөж ажиллаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэх хариуцлага бий юү. Зуны улиралд таван гэр бариад л жуулчны бааз гэж дур зоргоороо аашилдаг нь олон шүү дээ?
-Стандарт, хэм хэмжээтэй холбоотой зүйл заалтууд энэ хуульд орж ирсэн. Хувийн хэвшлүүд нэгдэж бий болгосон төрийн бус байгууллага нь яамтайгаа хамтраад, гэхдээ ТББ нь давамгайлж стандартуудаа өөрсдөө тодорхойлоод яамтайгаа хамтарч батална. Ингээд эргээд тухайн ТББ хяналт тавих эрх нь үүсгэчихсэн байгаа.
-Эцэст нь нэг зүйл асуухад та Хөгжлийн банктай холбоотойгоор шалгагдаж байгаа. Энэ хэрэг ямар шатандаа явж байна?
-Би хуулийн дагуу шалгуулж байгаа. Энэ шүүх хурлын дараа тос, усаараа ялгараад хэн нь хэн байсан нь нэг талдаа гараад ирэх болов уу хэмээн найдаад сууж байна.
-Та шүүх дуудсан цагт очиж мэдүүлгээ өгч байна уу?
-Мэдүүлэг өгч байгаа. Санаа тавьсанд баярлалаа.