Латви улсад олон арван жил амьдарсан оросууд цөөнгүй байдаг. Тэд Латвиас хөөгдөх вий гэж эмээж байгаа тул олон жил амьдарсан улсдаа үнэнч гэдгээ батлан, хэлний шалгалт өгөх гэж байна.
Латви биш орос хэлээр ярих нь өнөөг хүртэл асуудалгүй байсан. Гэвч Орос, Украины дайн нөхцөл байдлыг эргүүлсэн тул тэд латви хэлний анхан шатны шалгалт өгөхөөс өөр аргагүй болжээ. Оросуудын үнэнч байдал санаа зовоож байгаа тул ОХУ-ын паспорттой 20 мянга гаруй иргэнээс хэлний шалгалт авах гэж байгааг Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Дмитрий Трофимовс мэдэгдэв.
“Хэрэв намайг албадан гаргавал би явах газаргүй болно. Би энд 40 жил амьдарсан. Латви хэл сурах нь зөв ч гэлээ энэ дарамт нь буруу” гэж англи хэлний багш, хөтөч мэргэжилтэй Валентина Севастжанова хэллээ. Валентина Севастжанова өдгөө 70 настай.
ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украинд довтолсны дараа Латви улс Оросын телевизийн сувгуудыг хааж, дэлхийн хоёрдугаар дайны үеийн Зөвлөлтийн хөшөөг нураасан юм. Харин одоо орос хэл дээрх боловсролыг устгахаар ажиллаж байгаа аж.
Шалгалтад тэнцээгүй 75-аас доош насны орос иргэдийг оны эцэс гэхэд Латвиас явахыг шаардана. Хэрвээ явахгүй бол албадан гаргана гэж Дмитрий Трофимовс хэлжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ