Төв Европын шинэ супер гүрэн: Польш

Хуучирсан мэдээ: 2023.05.09-нд нийтлэгдсэн

Төв Европын шинэ супер гүрэн: Польш

Төв Европын шинэ супер гүрэн: Польш

Зөвлөлтийн эзэнт гүрэн задарсны дараа Польш шиг ард түмний эрх мэдэл  ялалт байгуулж, хөгжил цэцэглэлтэд улс орноо хөтөлсөн орон хаана ч байхгүй. Польш улс өнөөгийн энэ ардчиллын замаа алдахгүй явж чадвал 2030 он гэхэд Их Британиас ч илүү чинээлэг улс болно гэдгийг ажиглагчид хэлж байна. Коммунизмын дараах гайхамшигт эдийн засгийнхаа ачаар тус улс автомашины зай үйлдвэрлэл, технологи зэрэг ирээдүйтэй салбаруудын голомт болжээ. Варшав энэ эдийн засгийн хүч чадлаа ашиглан улс орноо  Оросын эсрэг хамгаалах хүчирхэг байлдааны хүчин болгож, Москваг сөрөх хүсэл зориг нь хөрш зэргэлдээ олон орны холбоотон болгов. Украины дайны хариуд Франц, Герман зэрэг Европын нөлөө бүхий орнууд Польштой харилцаа бэхжүүлж, Варшавын нэр хүнд өсч байна. 

НАТО-ГИЙН ШАТРЫН ХҮҮ

Армийг нь харахад л тус улсын ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг харж болно. Варшав 300 мянган цэрэгтэй зэвсэгт хүчнээ хоёр дахин томсгож, барууны тоноглолоор зэвсэглэлээ сайжруулахаар төлөвлөж байна.Тус улсын армийн хэмжээ 200 мянгахан фронтын цэрэгтэй Францаас ч илүү томорсон. Үүнээс гадна АНУ-ын Химарс их бууны системийг 10 тэрбум ам.доллараар худалдан авахаар болсон  нь Варшавын томоохон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний нэг жишээ юм. Химарс их бууны систем нь Украины байлдааны талбарт маш үр дүнтэй зэвсэглэл гэдэг нь батлагдсан. Үүнээс гадна ЗХУ-ын үеийн МИГ сөнөөгч онгоцууд болон Т-72 танкуудыг сольж, "F-35 Lightning II" нисэх онгоц, "116 Абрамс" танкийн флотыг худалдан авч байна.

Армийн зэвсэг, техникийн шинэчлэлд нэлээдгүй хөрөнгө хаяснаар батлан хамгаалахын зардал энэ онд ДНБ-ийх нь дөрвөн хувьд хүрчээ. Өнгөрсөн онд энэ зардлын хэмжээ ДНБ-ий 2.5 хувьтай тэнцдэг байв.

Польш улс армийн зардлаа цаашид тогтвортойгоор нэмэгдүүлснээр тивийн НАТО-гийн бусад томоохон гишүүн Франц, Герман, Итали, Испаниас хоёр дахин их болно. Нөгөө талд Польшийн армийн төсөв 2030 он гэхэд батлан хамгаалахын зардлаа ердөө 2.5 хувьд хүрэхээр төлөвлөж буй Их Британийнхаас хамаагүй өндөр болсон. Ийнхүү Польш улс нь Умард Атлантын цэргийн эсвэл /НАТО/ байгууллагын шатрын гол хүүний нэг болов. Цаашлаад Польш улс удахгүй  НАТО-гийн Европын бүх гишүүн орнуудын хуурай замын байлдааны хамгийн том, хүчирхэг хүчин болох боломжтой. 

Калининградтай хуурай замаар хиллэдэг Польшийн цэргийн хүчирхэгжилт нь дан ганц Оросыг эсэргүүцэхэд биш НАТО дахь Герман улсын хүчин чармайлт, оролцоог нэмэгдүүлэхэд давхар шахалт үзүүлэх хэрэгсэл болж байна. Хэдийгээр канцлер Олаф Шольц Германы батлан хамгаалахын зардлыг өсгөхөө мэдэгдсэн ч энэ оны төсөв нь ДНБ-ийх нь дөнгөж 1.6 хувьтай тэнцэж байгаа нь НАТО-гийн хоёр хувийн доод хэмжээнд ч хүрэхгүй байгаа юм.

Герман улс Украины талаас хүссэн сум, зэвсэгийг нийлүүлж чадаагүйгээ далдлах зорилгоор Польш улсад Патриот пуужингийн системээ байршуулсан. Германчууд 1945 оноос хойш анх удаа Польшид  тодорхой хэмжээний цэргийн техникээ байршуулсан нь энэ.

Германчууд Оросын түрэмгийллийг эсэргүүцэх дургүй байгааг нь "Ирвэс 2" танктай холбоотой хэрүүл харуулсан. НАТО-гийн холбоотнуудын хүчтэй шахалтад орж, өнгөрсөн нэгдүгээр сард Польштой маргаан дэгдээсний дараа Герман орчин үеийн байлдааны танкуудаа Украинд нийлүүлэхээр тохиролцсон. Польш улсын зүгээс Германы зөвшөөрөлгүйгээр Киевт "Ирвэс" танкаа өгнө гэж Берлинийг сүрдүүлсэн юм. Эцэст нь Герман бууж өгч, Польш улс өнгөрсөн хоёрдугаар сард Украин руу танкуудаа илгээсэн бөгөөд сарын дараа Берлинээс ч мөн танкаа Киев рүү явуулсан. "Хойд урсгал-1, 2" байгалийн хийн хоолойн төслүүдээс шалтгаалан  Герман, Польшийн аюулгүй байдлын ашиг сонирхол зөрчилдсөн.  Нөгөө талд Хятадын дарга Ши Жиньпинтэй хэт ойртох болсон Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон НАТО-д итгэл төрүүлэх гишүүн байхаа болив. Ийнхүү Франц, Герман улсууд эвсэлд манлайллаа сулруулж, зай гаргасныг Польш улс нөхөхдөө тааламжтай байна.

Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда энэ сарын эхээр "дипломат довтолгоо" гэж нэрлэсэн үйл ажиллагаагаа эхлүүлж, олон улсад айлчлал хийж, Оросын зэрлэг түрэмгийллийн мөн чанарыг  дэлхийн өнцөг булан бүрт сурталчилсан. 

КОММУНИЗМЫН ДАРААХ ГАЙХАМШИГТ ЭДИЙН ЗАСАГ

Хүчтэй эдийн засагтай байж л дипломат, цэргийн манлайллыг үзүүлэх боломжтой. Польшийн эдийн засгийн хөгжлийг өдгөө тус улсын гурав дахь том, хоёр дахь хамгийн чинээлэг хот Вроцлаваас харж болно. Тус хот нь Герман, Чех болон бусад ашигтай зах зээлтэй ойр оршдог  учраас Европын тэргүүлэх өндөр технологийн төвүүдийн нэг болон хөгжжээ. Төмөр хөшиг нуран унасны дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнээс хамгийн түрүүнд чөлөөт зах зээлд шилжиж, ардчиллыг сэргээсэн нь польшууд.

1989 онд Польшийн ажилчдын нэг хүнд ногдох ДНБ нь Германы ажилчдын аравны нэгтэй тэнцэж байв. Харин 30 жилийн дараа хурдацтай эдийн засгийн өсөлт гайхамшгийг бүтээж, бүс нутгийн бусад орнуудтай эдийн засгийн ялгаа эрс багассан.

Худалдан авалтын паритетийг тохируулан тооцвол нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ Их Британид 35,000 фунт стерлинг, Францад 34,200 фунт стерлинг, Германд 39,800 фунт стерлинг байгаатай харьцуулахад Польшид 28,200 фунт стерлинг болжээ. Польш одоогийн хурдаараа 2030 он гэхэд Их Британийг гүйцэх болно. 

2000-аад он гарснаас хойш Польшийн нэг хүнд ногдох бодит ДНБ хоёр дахин нэмэгдсэн. Үүний эсрэгээр, Их Британи, Франц, Германы нэг хүнд ногдох ДНБ ижил хугацаанд 15-аас 24 хувь хүртэл өссөн байна. Үнэндээ Польшийн Варшав, Вроцлав зэрэг хотуудын амьжиргааны түвшин Берлин, Парис, Лондонгийнхтой хэдийнэ дүйцэхүйц болсон. Үүнийг дагаад залуусын амьдралын чанар сайжирсан нь ч дамжиггүй. Ерөнхийдөө амьдралын өртөг барууны Европтой харьцуулахад Польшид харьцангуй бага. Жишээлбэл, Вроцлав дахь байрны түрээсийн үнэ Лондонгийнхын тавны нэг орчим байдаг бол бааранд нэг пин шар айраг 1 фунт стерлингээс илүү үнэтэй биш юм.

Тиймээс Польш улс 2004 онд Европын холбоонд элссэний дараа Их Британи, Герман руу ажил хийхээр явсан залуус өдгөө эргэж ирцгээсэн байна. 

Эцэст нь Польш улсыг супер гүрэн болох хүчин чармайлтад гагцхүү дотоодын улс төр том саад болж болзошгүй. Тухайлбал, хуулийн засаглалыг алдагдуулж, олон нийтийн хэлэлцүүлгийг дарж байна гэсэн шүүмжлэл газар авч, улс төрд эмзэг байдал үүсээд удаж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж