АНУ зургадугаар сар гэхэд бэлэн мөнгөгүй болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2023.05.09-нд нийтлэгдсэн

АНУ зургадугаар сар гэхэд бэлэн мөнгөгүй болж магадгүй

АНУ зургадугаар сар гэхэд бэлэн мөнгөгүй болж магадгүй

АНУ-ын бодлого боловсруулагчид өрийн таазыг цуцлах эсэхээ шийдэж чадахгүй мухардалд ороод буй. Тэгвэл тус улсын Сангийн яам зургадугаар сарын 1 гэхэд төлбөр төлөх бэлэн мөнгөгүй болж болзошгүйг анхаарууллаа. АНУ-ын засгийн газар өрийн дээд хязгаартаа тулсан гэдгийг гурван сарын өмнөөс л анхааруулж байсан.

Ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр /2023.05.09/ Бүгд найрамдах намын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МкКарти болон бусад удирдагчтай уулзана. Өрийн тааз тогтоох ажлыг Конгресс хариуцаж байгаа бөгөөд одоогоор энэ хэмжээ 31.4 тэрбум ам.долларт хүрээд байна. 1960 оноос хойш АНУ-ын өрийн тааз 78 удаа нэмэгджээ. Заримдаа дээд хязгаарыг түр түдгэлзүүлж, заримдаа сэргээсээр ирсэн. Өрийн таазыг нэмэгдүүлэх эс бол түдгэлзүүлэх шийдвэрээ Конгресс гаргахгүй бол юу болохыг доор нэгтгэв.

Зургадугаар сарын 1-нээс хойш юу болох вэ?

АНУ зургадугаар сарын 1 гэхэд юм уу түүнээс хойших долоо хоногийн дотор санхүүгийн бүх үүргээ биелүүлэх хөрөнгөгүй болж магадгүй гэж Сангийн сайд Жанет Йеллен мэдэгдэв. 2011 онд тус улс үүнтэй төстэй нөхцөл байдалтай тулгарсан удаатай. Хэрэв ийм зүйл үнэхээр тохиолдвол АНУ 2011 онд хэрэгжүүлсэнтэйгээ адилаар гамшгийн төлөвлөгөөний дагуу ажиллах магадлалтайг Брукингсийн хүрээлэнгийн эдийн засгийн судалгааны ахлах ажилтан Вэнди Эделберг хэлэв. Үнэт цаасны хугацаа дуусахад Сангийн яам шинэ үнэт цаасыг дуудлага худалдаанд оруулах замаар үндсэн төлбөрийг төлөх аж. Гэхдээ Сангийн яам тухайн өдөр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол агентлагууд, Нийгмийн даатгалын шимтгэл эсвэл эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг бусад төлбөр хойшлогдох магадлалтай. Мөн Холбооны ажилчдын цалин ч хойшлогдож магадгүй юм.

Цаашид гарах үр дагавар бий юу?

“Өрийн дефолтгүй байсан ч ийм нөхцөл байдал нь зах зээл болон эдийн засагт маш их хохирол учруулах болно" гэж Оксфордын эдийн засагч Нэнси Ванден Хутен хэлэв. АНУ-ын Конгресс 2008 оны санхүүгийн хямралтай ижил төстэй зүйл хийж, банкуудыг аврах томоохон төлөвлөгөөг баталж чадаагүй. Энэ бүтэлгүйтэл нь хөдөлмөрийн зах зээл дээр хямрал үүсгэж, хууль тогтоогчдод дарамт учруулжээ. Мөн хүүгийн түвшин, ипотекийн зээлийн хүү өснө гэж үзэж байна. Энэ нь хэрэглэгчид болон корпорациудын зээлийн өртөг нэмэгдэхэд хүргэнэ.

АНУ-ын засгийн газар санхүүгийн үүргээ биелүүлэхээ зогсоовол энэ зун найман сая гаруй ажлын байр үгүй болж, ДНБ зургаан хувиар буурч болзошгүй гэдгийг Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөл анхааруулав.

Өрийн дефолт хэзээ болох вэ?

Аливаа улс орон өөр улс эсвэл түүний бондыг худалдаж авсан хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн санхүүгийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлбөрийн дефолтод орсонд тооцогдоно. Тухайн улс өрийнхөө зөвхөн тодорхой хэсгийг төлж чадахгүй бол хэсэгчилсэн дефолт гэж тооцогддог. Харин засгийн газар өрөө төлөхгүй гэдгээ зарласнаар өрийн дефолт болно.

Үнэлгээний агентлаг төлбөрийн хугацаа дууссаны дараа автоматаар 30 хоногийн хөнгөлөлтийн хугацаа олгодог. Энэ хугацаа дууссаны дараа дефолт зарлах боломжтой.

АНУ-ын засгийн газрын гадаад өр нь хамгийн их анхаарал татдаг асуудал мөн боловч энэ нь нийт өрийн дөрөвний нэг хувийг л эзэлдэг.

Дефолтын дараа юу болох вэ?

Дефолт зарласнаар үнэт цаасны зах зээлд ноцтой саад учирч, бусад санхүүгийн зах зээлд хүчтэй нөлөөлнө. Энэ нь айл өрх, аж ахуйн нэгжийн зээл, хүртээмжид ч нөлөөлнө. Цаашилбал энэ нь дэлхийн хамгийн найдвартай, хамгийн хөрвөх чадвартай зах зээлийн нэр хүндийг унагаж болзошгүй ажээ.

Гэхдээ хууль тогтоогчид аравдугаар сард санхүүгийн шинэ жилийн эхэнд богино хугацааны тохиролцоонд хүрч магадгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: AFP, THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж