ОХУ-ын Батлан хамгаалах яам, хөлсний цэргийн “Вагнер” бүлэглэл, Чеченийн удирдагч Рамзан Кадыровын арми хооронд мэдээллийн дайн үргэлжилж байна.
“Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин саяхан олон тооны цогцос харуулаад, нэгэн цагт “Вагнер”-ын гишүүн байсан хүмүүс гэж хэлсэн. Мөн тэрбээр Сергей Шойгу, Валерий Герасимов нарын удирддаг энгийн армийг доромж үгээр хэлжээ. Пригожиний хэлснээр “Вагнер”-ын армийн сумны хомсдолд ороод байна.
"Вагнер" бүлэг тавдугаар сарын 10-нд Бахмутаас цэргээ татаж магадгүй байгааг бид өмнө нь мэдээлсэн. Чеченийн удирдагч Рамзан Кадыров Бахмут дахь "Вагнер"-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж, тэдний цэргийг өөрсдийнхөөрөө солихыг зөвшөөрсөн гэж Пригожин мэдэгджээ. ОХУ-ын 10 сарын турш тэмцээд эзэлж авч чадаагүй хотыг Кадыровчууд эзэлж авч чадах уу гэсэн асуулт үүсч байна.
Путины арми хоорондын сөргөлдөөн дээд цэгтээ хүрч, Орос, Украины дайны тусдаа шинэ бүлэг нэгэнт үүсчээ. Пригожин Бахмутаас цэргээ татна гэж сүрдүүлсний дара Кадыров удирдлагыг гартаа авахыг оролдсоноор гурван талын хооронд мэдээллийн дайн үргэлжилж байна. Кадыров нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг оролдож байна гэж ажиглагчид үзжээ. Оросын арми удахгүй Бахмутыг эзлэнэ гэж бодож байгаа тул энэ гавьяаг нь Кадыров өөртөө наахыг хүсч байна.
Гэвч Кадыровын армийг шууд довтолгоонд гарахад бэлтгэгдээгүй арми гэж үздэг. Тэд өмнө нь фронтын шугамд гарч үзээгүй. Түүнчлэн Оросын нийгэмд "Кадыровчууд" болон "Вагнерчууд"-д хандах хандлага өөр байна. Пригожин сэтгүүлчидтэй шууд харилцаж, хэвлэл мэдээллийн янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг, телеграм сувгаар иргэдтэй харилцдаг гэдэг утгаараа олон дэмжигчтэй. Харин Кадыровыг Оросын нийгэм тэс өөр байдлаар хүлээж авдаг гэж үзэж байна.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ