Улстөрчид төрөөс хамааралгүй бизнес эрхлэх сонголттой туллаа!

Хуучирсан мэдээ: 2023.05.08-нд нийтлэгдсэн

Улстөрчид төрөөс хамааралгүй бизнес эрхлэх сонголттой туллаа!

Улстөрчид төрөөс хамааралгүй бизнес эрхлэх сонголттой туллаа!

Эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан, уул уурхайн лиценз авч, төрөөс зарласан тендер, концесс рүү хувийн компаниа оруулж, хөрөнгөө зузаатгаж ирсэн улстөрчдийн бизнесийг хориглох зорилгоор Засгийн газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан, өргөн мэдүүлснийг УИХ өнгөрсөн Пүрэв гаригаас /2023.05.04/ хэлэлцэж эхэллээ.

Уг төсөлд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор тусгасан юм.

Мөн энэхүү хуулийн үйлчлэл УИХ-д суудалтай намын дарга нар, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг УИХ болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд ч хамаарна.

Гол нь дээрх төсөл Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувилбараараа батлагдаж чадах уу гэдэг нь анхаарал татаж буй. Учир нь, өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд төрөөс зарласан тендер, концесс рүү хувийн компаниа оруулж, мөнгө цохин, төрийн өмчит компанид тэрбум, тэрбумын шахаа хийж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж ирсэн улстөрчид олон нийтийн эрх ашгийг өмнөө тавьж чадах уу гэдэгт мөн хариулт өгөх учиртай.

Учир нь, УИХ дээрх төслийг баталсан нөхцөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хамаарал бүхий компани улс, төсвийн хөрөнгө оруулалтаар зарласан тендер, концесс руу орох эрхгүй болно.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий компани болох “Нью Тур Сафарис” ХХК төрийн өмчит Үндэсний мэдээлэл технологийн паркт талбай түрээсэлж, Өргөө II кино театр нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болно гэсэн үг. Энд нэг зүйлийг онцлоход, тус компани дээрх газарт талбай түрээслэхдээ нэг м2-ыг нь 8614 төгрөгөөр түрээсэлж ирсэн.  Ард иргэд хотын төв хэсэгт нэг өрөө байр түрээслэхэд сард 800 мянган төгрөг төлж байхад Ц.Анандбазарын хамаарал бүхий компани хотын А бүсэд нэг м2-ыг нь 8614 төгрөгөөр үнэлэн талбай түрээслэхдээ цааш нь дамлан хэд дахин нугалж ашиг хийдэг.  Гэтэл төрийн өмчит зарим компани нь өөрийн гэсэн байргүйгээс хувийн хэвшлийн байранд өндөр төлбөр төлөн, түрээсэнд сар бүр хэдэн зуун сая төгрөг зарцуулж буй. Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Надад төртэй хутгалдсан бизнес байхгүй” гэж энэхүү төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед ярина билээ.  Няцаалт хийхээр иргэд үнэмшдэг гэж бодсон уу, эсвэл хэн ч энэ тухай мэдэхгүй гэж бодсон уу. Уг нь “Шилэн” ажиллагааны хүрээнд энэ бүх мэдээлэл ил болсон. Гэвч ийм илэрхий бизнес эрхэлж, төрөөс хямд үнээр талбай түрээсэлж байгаагаа төртэй хамааралтай бизнес эрхэлж байгаа гэж ойлгохгүй суугаа хүн хууль тогтоох шаардлага бий ч юм уу даа.

“Шилэн” ажиллагааны хүрээнд олон нийтэд ил болсон улстөрчдийн бас нэг саалийн үнээ нь Боловсролын зээлийн сан /БЗС/.

УИХ-ын дарга Г.Занданшатар хүү, охинтойгоо гурвуулаа БЗС-гаас зээл авч, гадаадын их сургуульд суралцсан баримт ил болсон.  Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ж.Энхбаяр болон УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн охин, Эрчим хүчний дэд сайд Н.Тавинбэхийн охин, Шадар сайд С.Амарсайханы хүү, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайн охин, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцангийн хүү, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин, УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Гандигийн охин гэхчлэн улстөрчдийн хүүхдүүд БЗС-гаас зээл авч суралцсан байдаг. Ардын хүүхдүүдэд олддоггүй БЗС-гийн тэтгэлэг улстөрчид болоод түүний хүүхдүүдэд олддогийн нууц ингэж ил болсон.

Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас МАН-ын 41 гишүүн хамаарал бүхий компанидаа зээл авсан баримт ил болж шуугиан тарьсан. Хөгжлийн банкнаас мөн л улстөрчид зээл авч, эрсдэлд оруулсан. Тэгвэл дээрх хууль батлагдсан нөхцөлд алба хаших хугацаанд нь энэ бүх зээл, тэтгэлэг хаалттай байх юм.

Харин хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан хувилбараар нь батлах нь уу, өнгө зүсийг нь хувиргаад өөрсөддөө хамаарахгүй баталж, эрх ашгийн зөрчил үүсгэх нь үү гэдгийг  харах л үлдлээ.

Хэрэв УИХ хуулийн төслийг батлахгүй төрхөмд нь буцаавал авлига, хээл хахуультай тэмцэх хүсэл сонирхол алга гэж үзэх үндэслэл үүснэ. Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэхүү хууль батлагдсанаар улс төр, бизнесийн хэт хамаарал зааглагдаж, төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёс зүйн заагийн эхлэл цэг болох юм" гэдгийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо онцолсон.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж