Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-д хүргэгдэн эмчлүүлж байсан гурван настай хүү Ц.Батзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Турк улс руу эмчилгээнд явсан. Хүү тус улсад гурван удаагийн хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал хэвийн байгааг ар гэрийнхнээс нь мэдээлсэн билээ. Харин хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хууль хяналтын байгууллага хийж байгаа бөгөөд ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөхгүй гэдгээ ар гэрийнхэн нь хэлсэн.
Хэргийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн. Тэгвэл прокуророос ээжийг нь яллагдагчаар татахаас татгалзах санал гаргасан байна.
Эргэн сануулахад, гурван настай хүүд хүнд гэмтэл учруулсан хэргээр саатуулагдсан сэжигтэн нь өмнө нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан, 1989 онд төрсөн Э гэгч. Тэрбээр өмнө нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулах зүйл ангиар ял шийтгүүлсэн. Мөн залилах гэмт хэргээр торгуулж байсан этгээд юм. Эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн нь 2022 оны арваннэгдүгээр сард хохирогч хүүгийн ээжтэй нь танилцаж, 2023 оны нэгдүгээр сараас хамт амьдарч эхэлсэн байна. Хэрэг гуравдугаар сарын 6-ны өдөр гарсан ч хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгсөн нь тогтоогдоод буй. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд шалгаж байгаа юм.
Хүүгийн аав М.Цогтбаатарын хэлж байснаар "Мөрдөн байцаалтын талаар би сайн мэдэхгүй. Хүүгийн маань биеийг асууж ээж нь огт холбогдоогүй, уг нь 48 цаг саатуулагдаад гарсан гэсэн.
Болсон явдлын талаар зургаан настай хүүгээсээ асуухад бага хүүг маань эртнээс зоддог, сандал өргүүлж зогсоодог байсан гэх зүйлийг ярьсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас өөр мэдээлэл байхгүй. Хүүгээ л хурдан эдгээхийг хүсч байна” гэсэн юм.
Ц.Батзаяаг Монголд эмчлүүлж байх хугацаанд эрчимт эмчилгээтэй хавсарсан нөхөн сэргээх эмчилгээг хийж байсан бөгөөд ар гэрийнхнийх нь хүсэлтээр гадаад улс руу эмчилгээнд авч явсан билээ. Ямартай ч тус хэргийг Баянгол дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.
Холбоотой мэдээ