Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгав

Хуучирсан мэдээ: 2023.05.08-нд нийтлэгдсэн

Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгав

Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгав
Нэмэлт 17:50
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЗ/275-т дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Б.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай санал ирүүлснийг хүлээн авахаас татгалзаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Уг шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2023 оны тавдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын гомдлыг хүлээн авч, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулан яллагдагч Б.Ганхуягийг “…гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй…” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2023 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нүүрсний хэргээр хоригдож байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн Баасан гаригт /2023.05.05/ батлан даалтаар суллажээ. Цагдан хорих хугацаа нь дууссанаар сулласан гэдгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэлийн ажилтан мэдэгдлээ.

Өмгөөлөгч нар нь “Б.Ганхуягийг цагдан хорих хугацаа дуусч буй тул батлан даалтаар суллаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг ийнхүү Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн, шийдвэрлэжээ.  Гэхдээ түүнд  хилийн хориг  тавиагүй юм байна. Тэрбээр таван сар орчмын хугацаанд хоригдож байгаад суллагдаж буй аж.

Хэргийг нэхэн сануулахад, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар нүүрсний хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэр бүхий найман хүнийг саатуулсан юм. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилжээ. Тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрсэн. Мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэн гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байв.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо "хөрөнгө оруулалт" нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татсан юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий захирал асан Д.Ариунболдыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр сулласан бол мөн тус компанид Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Х.Нурлат суллагдсан. Ийнхүү нүүрсний хэргээр яллагдагчаар татагдан, шалгуулж байсан "цагаан захтан"-ууд суллагдсаар бүгд наранд гарлаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж