Манжийн эрхшээлийн үед Монгол нутагт 55-аас дээш тасалгаа буюу өрөөтэй сүм байгуулахад Манжийн хаан нэр шагнаж олгодог хуультай байсан учир 1906 онд Бадаргуулт төр хаан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээх нэр шагнажээ. Гэвч ард түмний дунд “Чойжин ламын сүм” хэмээх нэрээрээ дуудагдсаар ирсэн түүхтэй. Өдгөө их хотын нүд гялбам шилэн барилгууд дунд зуу гаруй жилийн түүхтэй Чойжин ламын сүм музей байрладаг. Монголын сүүлчийн хаан, VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү Г.Лувсанхайдав олноо Чойжин лам хэмээн танигдсан бөгөөд 1904-1908 онд энэхүү сүмийг өөрийнхөө нэрээр нэрлэн, байгуулсан ч гэдэг.
Сүсэгтэн олны дунд “Нууц тарнийн сүм” хэмээн алдаршсан Монголын бурхны шашны түүх, соёлын хосгүй үнэт өвийн нэг бол Чойжин ламын сүм музей юм. Өнөөдөр энэ сүм музейн газар дээр шинэ барилга барих эсэх асуудал олны анхаарлыг татаж байна.
Захиалагч: Соёлын яам
Зөвшөөрсөн: Хотын захиргаа
Гүйцэтгэгч: Сүлд проeкт ХХК
Барилгын өндөр: 6 метр
Барилгын хэмжээ: 54х12 метр
Хамрах талбай: Чойжин ламын сүм музейн 2.0 га газарт
Үзэсгэлэнгийн зориулалттай, үйлчилгээний газруудтай.
Энэ асуудалд Соёлын сайд Ч.Номин “Чойжин ламын сүм музейн урд зүлгийг устгаж ямар ч барилга барихгүй. Харин музейн захиргааны зүгээс сан хөмрөгөө хадгалан хамгаалах олон улсын стандартад нийцсэн байр савтай болох, үйлчлүүлж байгаа зочдын наад захын тав тухыг хангах ариун цэврийн өрөө, ажиллаж буй хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжийг хангах хүсэлтийг олон жилийн турш тавьж ирсэн байдаг.
Энэ бүгд нь шийдвэрлэх ёстой зүй ёсны шаардлагууд. Харин өнөөдрийн байдлаар уг газарт барилга барих ямар нэгэн шийдвэр болон төсөв төлөвлөгөө байхгүй болно. Зөвхөн боломжуудыг судлах шатандаа явж байна" гэдэг байр суурийг илэрхийлсэн.
"ХАМТРАН АЖИЛЛАДАГ КОМПАНИДАА Л САНАЛ ТАВЬСАН ХЭРЭГ"
Энэ талаар “Сүлд проект” компанийн захирал Г.Нямцогтоос тодрууллаа.
-Чойжин ламын сүм музейг нурааж, шинэ барилга барина гэдэг асуудал олны бухимдлыг төрүүллээ. Танай компанийн зүгээс ямар зураг төсөл гаргасан талаараа тайлбарлахгүй юу?
-Чойжин ламын сүм музей нь ямар ч халаалтгүй, музейн сан хөмрөг байдаггүй. Тийм учраас шинэ байртай болох асуудлыг олон жил ярьж ирсэн. Одоо шинээр барих зургаан метр өндөртэй барилгын зураг төсөл дээр нэг давхар нь газар доор байрлах юм. Музейн урд хэсэгт гэсэн үг. Хотоос архитектурын даалгавар гарч, урд талаасаа барилга харагдана. Харин хойд талаасаа дээвэр нь битүү ногоон байгууламж харагдана.
Эхний зураг төслөө л төлөвлөснийг Чойжин ламын сүм музейг нураах гэж байна гэж шүүмжилж байна.
-Танай компанийг энэ төсөл дээр хэрхэн шалгаруулсан юм бэ?
-Одоо салбарын яамтайгаа зөвшилцөж, хотоос архитектур төлөвлөлтийн даалгавар гарна. Тэрний үндсэн дээр эскиз нь батлагдах шатандаа явж байгаа. Эскиз зургийг тендерээр шалгаруулдаггүй. Харин архитекторуудын дунд уралдаан зарлах учиртай юм. Үүнд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдана. Гэтэл өнөө төсөв мөнгө байхгүй, байнга хамтран ажилладаг компанидаа л санал тавьсан хэрэг.
Дараагийн шатандаа шилжвэл тендер шалгаруулж болно. Тэгвэл манай компанийн эх загвар гэдгээрээ тендерт давуу эрхтэй оролцох боломжтой.
-“Сүлд проект” компани нь түүхэн дурсгалт барилга сэргээн засварласан туршлага бий юу?
-Манай компанийн хувьд Чойжин ламын сүм музейн үйл ажиллагааг хаахгүйгээр, ногоон байгууламжаа хадгалах болно. Түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах зураг төслийн ажлыг голдуу хийдэг. Үүний хэмжээнд архитектурын ямар ч зураг хийх боломжтой. Мэргэжлийн хүмүүс бий.
Салбарын залуус маань энэ асуудалд уралдаан зарлах ёстой гэдэг байр сууриа илэрхийлж байна. Энэ нь бас зөв.
Өнгөрсөн 2022 оны улсын төсвийн төсөлд түүх, соёлын өвийг хамгаалах, соёл урлагийг дэмжихээр Богд хааны ордон музейг сэргээн засварлахад 2.6, Чойжин ламын сүм музейд 1.7, Улсын драмын эрдмийн театрт 1.2, Дуурь бүжгийн эрдмийн театрт 1.9 тэрбум төгрөг тусгасан. Салбар яамнаас Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах 1.7 тэрбум төгрөгийг төсөвлөж, нээлттэй тендерийг зарласан.
Үүнээс гадна тус музейн урд хэсэгт шинэ барилга барих ажлын зураг төслийг баталж, ирэх онд батлуулахаар төлөвлөж буй нь энэ юм.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ ТӨВИЙН ДУЛААНД ХОЛБОГДООГҮЙ
Тус музейн төвийн дулаан, төвлөрсөн шугамд огт холбогдоогүй. Өөрөөр хэлбэл энэ сүм музейд огт халаалт байхгүй. Мөн газрын гүндээ цэвдэгтэй учраас музейд жилийн дөрвөн улиралд гадна агаарын хэмээс хүйтэн байдаг талаар ажилтнууд нь хэлж байв. Чойжин ламын сүм музей нь зориулалтын үзэсгэлэнгийн заал, танхимгүй ч сүмийнхээ үндсэн дэглэлийг түр хугацаанд өөрчлөн сэдэвчилсэн, түр үзэсгэлэн зохион байгуулж түүх соёлын дурсгалыг сурталчлан ажилладаг талаар тус музейн эрдэм шинжилгээний ажилтан өмнө нь ярьж байв.
Музейн зүгээс 2017 онд Соёлын өвийн үндэсний төв, Физикийн хүрээлэнд хүсэлт гаргаж, музейн барилгыг халааж болох эсэх талаар судалгаа хийлгэсэн байдаг.
Уг судалгаагаар музейн барилгыг халаахаас өмнө дулаан алдалтыг нь шийдэх ёстой. Ингэхдээ дурсгалт барилгын гадна тоосго өрж, үүдэнд нь жижиг өрөө барихаар музейн эх төрх нь алдагдана. Тиймээс музейн шинээр барилга байгууламж барьсан тохиолдолд л төвлөрсөн шугамд холбогдохоос биш хэрмэн хашаанд байгаа барилгыг дулааны шугамд холбох ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарч байсан.
Музейн захирал Д.Отгонсүрэн тухайн үед “Манай музейн хувьд 100 гаруй жилийн түүхтэй соёлын дурсгалт барилга. Анхнаасаа сүм хийдийн зориулалтаар барьсан. Музейн барилгыг 1960-аад оны үед Хятад улстай эдийн засаг, соёлын сайн харилцаатай байхдаа томоохон сэргээн засварлах ажлыг хийсэн. Тэрнээс хойш бүтэн сэргээн засварлалт огт хийгээгүй. Зөвхөн музейн дээврээ хэсэгчилж, засварлаж ирсэн. Сэргээн засварлалт хийхийн өмнө судалгаа, шинжилгээ хийж, зураг төсвийн үнэ гарах ёстой. Дараа нь сэргээн засварлах ажил эхэлнэ. Гэхдээ сүм музейн барилгыг нурааж, шинээр барихгүй. Барилгаа л арчилж тордоно” гэдгийг хэлж байв.
МОНГОЛЫН ТӨР, ШАШНЫГ ХАМГААЛАГЧ ЧОЙЖИН ЛАМ
Чойжин лам нь 1872 онд Төвөдийн Лхас хотын түшмэл, Далай ламын санхүүч Гончигцэрэнгийн тав дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр 1874 онд VIII Богд Жавзандамба хувилгаанаар тодорсон ахыгаа даган хоёрхон настайдаа Монгол орноо гэр бүлийн хамт залагдан ирсэн аж.
Чойжин ламыг Монголын бурхны шашныг хамгаалуулах зорилгоор 1883-1884 онд Хүрээний Хамба номун хан Балданчоймбол VIII Богд Жавзандамба хутагттай зөвшилцөн догшин сахиус оршоосон Чойжин болгохоор Төвөд орноос Сэтэв сахиусны өмнөөс буудаг гүдэнбэ ламыг урин ирүүлжээ.
Ийн Лувсанхайдавыг догшин сахиус оршоон буулгах эрдэм ухаанд сургаснаар Монгол Улсын төр, шашныг хар зүгийн хортон дайсан, тэрсүүд бүхнээс хамгаалагч монгол төрийн сахиусны гүдэнбэ ламтан болсон байна.
МУЗЕЙГ ИХ МӨСТЛӨГТЭЙ, ДОГШИН ГАЗАР БАЙГУУЛСНЫ УЧИР
Түүний анхны сүм өргөөг 1899-1901 онд “Занхан” сүм нэртэйгээр бүтээсэн боловч 1903 оны өвлийн сүүл сараар Их хүрээнд гарсан түймэрт өртөж, бүрмөсөн шатжээ. Хутагт Г.Лувсанхайдавын хоёр дахь сүмийг барихаар “Далхын дэнж” буюу одоогийн энэ газрыг тухайн үеийн тэргүүн газар шинжээч лам нараар шинжүүлэхэд “Хүрээний хамгийн их мөстлөгтэй, догшин газар учир сахиус оршоох тусгай зан үйлд нэн тохиромжтой” хэмээжээ.
Түүний эхний сүм шатсаны дараагаар шашин номын үйл ажиллагааг залгуулах сүм хэрэгтэй байсан учраас 1904 оноос хүрээний уран Омбо тэргүүтэй 300 гаруй урчууд сүмийг урлан бүтээсэн байна.
Сүм өргөөг бурхан тахил, эдлэл хэрэглэлийн хамт бүтээн босгоход 69.230 лан, долоон цэн, найман пун мөнгө зарцуулсан бөгөөд эдгээр зардал мөнгөний ихэнхийг Жавзандамба хутагтын шавь нар гаргажээ. Сүмийн сүншиг, хөгжмийн зэмсэг, бурхдын зураг зэргийг монгол урчууд зарим бурхан тахил эдлэл хэрэглэлийг Бээжин, Долнуурын пүүст захиалан хийлгэсэн байна.
Ийн 1930-аад оны эцэст олон сүм хийд шашин номын үйл ажиллагаагаа зогсоосны нэг нь Чойжин ламын сүм байсан бөгөөд 1937 оны хэлмэгдүүлэлтийн жилүүдэд сүмийг хаан битүүмжилж, лам нарыг нь тараасан байна.
Гэхдээ Чойжин ламын сүмийн барилга байгууламж бусад хийдүүдийн адил устаж, үгүй бололгүй үлдэж чадсан юм. Энэ тухай аман болон бичгийн баримт олон байдгаас дурдвал 1930 онд Оросын уран барималч Васильев Чойжин ламын сүмийг үзээд уран барилгын хийцийн хувьд дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв болохыг тодорхойлсон байдаг ажээ.
Холбоотой мэдээ