1.
Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд англи хэлийг үндсэн гадаад хэлээр суулгаж өгсөн нь МАН-ын гишүүдийг матрын нулимс унагахад хүргэв. Н.Учрал “Англи хэлийг I ангиас заах нь үндэсний уламжлалд сөрөг", Ц.Даваасүрэн “Оросоос үлдсэн элит сургалтын тогтолцоо хамгийн сайн нь. Агуулга, стандартыг нь өөрчилж болохгүй”, Б.Энх-Амгалан “Монгол хүүхдүүд заавал англи хэл сурах албатай юу” гэх мэтээр англи хэлийг хоёрдагч хэл болохыг бүдүүн бүлгийнхэн эсэргүүцэж буй нь монгол дархлааг бодсондоо биш гэдгийг иргэд муухан гадарлахтайгаа. Угтаа ард түмнийг цагаан цаас гэж доромжилдог үе өнгөрсөн, англи хэл бол хэрэглээ, дэлхийн нийтийн хэл гэдгийг захын чавганц хэлээд өгнө. Гишүүдийн эсэргүүцлээс харахад өөрийнх нь хүүхдүүд дэлхийн боловсролтой хөл нийлүүлэх эрхтэй, эсрэгээрээ ардын хүүхэд англи хэлээр яривал Монголын дархлаа суларч, эх хэлэнд эрсдэл нүүрлэх юм гэнэ. БШУЯ-нд Төрийн нарийн бичгийн дарга хийж байсан, нэгэнтээ боловсролын салбарын бодлогыг нь тодорхойлж явсан хүний үг гэхэд УИХ-ын гишүүн Б.Баярсайханы бодол дэндүү ахархан.
Н.Учралын тухайд нэгдүгээр ангиас нь англи хэл заадаг “Их засаг” сургуулийнх нь бизнест сөргөөр нөлөөлнө гэдгээс эмээсэн нь бараг үнэний ортой байх. Ц.Даваасүрэнгийн хувьд Тавантолгой, Багануурын цахилгаан станц гээд Монголд ашигтай, хэрэгтэй төсөл болгоныг гацааж, нураадаг, түүний хэлсний яг эсрэгээр нь хийвэл Монгол зөвдөнө. Одоо “Оросын тогтолцоо хамгийн сайн нь” гээд улс төрийн пропаганда хийгээд эхэлсний цаана хэн байгаа нь нэн ойлгомжтойуншигдаж байна.
Монгол хүүхдүүдэд англи хэлний хичээл заахыг эсэргүүцэгчдийн ихэнх нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын пиарчид. "Хэл рүү халдана гэдэг хил рүү халдаж байгаагаас ялгаагүй" гэсэн УИХ-ын гишүүн асан Г.Уянгын суртал ухуулга үндсэндээ нарийн царигтай төмөр замаар хятад цэрэг танк орж ирнэ гэх үлгэрийн үргэлжлэл. Женкогийн зөвлөх байсан хүн энэ зэргийн тархи угаалтыг өлхөн хийх биз.
Эндээс дүгнэхэд элстэй гялгар уут цоолдог стратегиэ энэ удаад оросууд Монголын боловсролын салбарт хэрэгжүүлэхийг санаархаж байгаа нь илт. Ийм учраас Л.Энх-Амгалангийн өргөн барьсан хуулийн төслийг боловсрол талаасаа ч, бодлого талаасаа яаралтай батлах шаардлагатай гэсэн үг. Тэгээд ч даяаршсан нийгэмд дан ганц англи хэл сурах нь монгол хүүхдүүдэд хангалтгүй.
Үндсэний эрх ашиг, монгол дархлаагаа бодсон монгол хүн бүр үр хүүхдээ хэлтэй, хөлтэй болгох нь Монголын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болно. Харин ч Монголын ирээдүй “…..Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдсэн” хуучин хүү байваас үндэсний аюулгүй байдалд илүү аюултай. Эрдэм боловсролтой, эрүүл чийрэг монгол хүнийг бэлтгэх нь Монголын тусгаар тогтнолын баталгаа юм.
2.
"Русский язык"-аа ч олигтой сураагүй монголчууд Оросын зуун жилийн суртал ухуулгаас одоо ч ангижирсангүй. Өвөг, дээдсийг нь буудаж хороосон үүх, түүхээ мартсан сармагчингууд өнөөдөр оросууд монголчуудыг тэмбүүнээс салгаж өгсөн гэж эндүүрдэг, орос хэлийг сурснаар дэлхийтэй хөл нийлүүлнэ гэж андуурдаг. Боловсролгүй, ядуу монголчуудын тархийг угаахад амархан, ганц Женко шиг хүмүүс ганцаардахгүй болохыг монголчууд 10 гаруй жилийн дараа ойлгож байна. Арван жилийн өмнө Монголд Х.Баттулга шиг баатар байгаагүй. Монголчуудаар нь Монголын эдийн засгийг хорлодог, улс төрийг нь самардаг, улсын бодлогыг нь нураадаг, сэхээтнүүдийг нь хорьж, хөрөнгөтнүүдийг нь шоронд суулгадаг нь оросуудын нутагшуулсан технологи. Тэгвэл төмөр зам, эрчим хүчний төслүүд дээр хэрэлэглэсэн танид технологио боловсролын салбарт хэрэгжүүлэхээр санаархаж байгаа нь илэрхий болсон.
ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монголын хүүхэд залуус руу чиглэсэн пропаганда үе, үе хийдэг. Өнгөрсөн хавар гэхэд Монголын ЕБС-ийн 150 гаруй сурагч, багшид дайныг сурталчлах "Эр зоригийн хичээл"-ийг зохион байгуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Хэдийгээр БШУЯ-наас тухайн үйл явдлыг үгүйсгэж, Л.Энх-Амгалан сайдын зүгээс “Дайн сурталчлах хуулиар хориотой. Бид тусгаар тогтносон, ардчилсан улсын иргэд. Бидний үр хүүхдүүдийн тархийг элдэв бохир суртал ухуулгаар "угаах" аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой" гэсэн тайлбар өгсөн ч оросуудын зүгээс монголчуудын үгийг үнэндээ гөлөөг ч гэж тоогоогүй юм.
Орос хэлээр ярьдаг хилийн чанад дахь бүх хүнийг “эх орон нэгтэн” буюу “нэг улсын, нэг нутгийн хүмүүс” гэж тооцох асуудал өнгөрсөн 2022 онд ОХУ-ын Төрийн Думаар нь яригдах хэмжээнд өндөр авснаас харахад Монгол Улс боловсролын хөтөлбөртөө шинэчлэх хийх нь цаг үеийн шаардлага болсон байна. Учир нь, 2022 онд Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров Монголд айлчлах үеэр Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцсон тухай Б.Батцэцэг сайд сэтгүүлчдэд мэдээлж байсан. Орос, Монголын хамтарсан сургууль бол Оросын суртал ухуулгын бааз нэгээр нэмэгдэнэ гэсэн үг.
3.
Монгол Улсын Үндсэн хуульд “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхтэй, "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэж зааж өгсөн. Мөн "Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг" болохыг суулгаж өгсөн.
Харамсалтай нь, өчигдрийн болсон хоёр жагсаалаас харахад Монголын нийгэмд айдас, аюул ойрхон иржээ. Оросыг дэмжигчид нь цагдаагийн хамгаалалт дор, Оросыг эсэргүүцэгчид нь цагдаагийн хяналт дор үзэл бодлоо илэрхийлсэн нь ардчилсан гэх Монгол Улсыг дэлхийн шившиг болгов,. Нөгөө талаар Монголд үймээн самуун болбол Орос ч, Украин ч хохирохгүй. Тэгэхээр монголчуудад Монголын эрх ашиг нэгд байх учиртай.
Дэлхий сохор биш. Путины тавдугаар армиас болж, Монгол Улс жинхэнээсээ хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага болж мэднэ. Нөгөө талаасаа дайнаас дажин нь гэгчээр цөөхөн монголчуудад айлын асуудлаас илүү гэрийн амар амгалан чухал.
Гучин долоон оны их хэлмэгдүүлэлтийн үеэр Монголын 37 мянган хүнийг баривчлан шийтгэснээс 27 мянга гаруй нь буудуулж амь насаа алджээ. Энэ бол 100 хүрэхгүй жилийн өмнө болсон явдал, бодит түүх, монголчуудын туулж ирсэн гашуун зовлон. Ардчилал ялснаас хойшхи 30 гаруйхан жилд,
Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг монголчууд мартлаа гэж үү?!.
Холбоотой мэдээ