Солонгос мөрөөдөл тээн ирэгсэдийн урам хугарах болов

Хуучирсан мэдээ: 2023.05.08-нд нийтлэгдсэн

Солонгос мөрөөдөл тээн ирэгсэдийн урам хугарах болов

Солонгос мөрөөдөл тээн ирэгсэдийн урам хугарах болов

Дэлхий олон улсад жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Өмнөд Солонгос улсад энэ жил Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрөөр албадан хөдөлмөр эрхлэлт болон ялгаварлан гадуурхалтыг буруушаасан цагаач ажилчид цугларчээ.

Тус улсын Хууль зүйн яам энэ сарын 3-нд гаргасан мэдэгдэлдээ бичиг баримтгүй ажилчдыг хөөх амлалтаа дахин сэргээсэн. Өмнөд Солонгост хэдэн арван жилийн турш цагаач ажилчид амьдарсаар байна. Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт цагаач ажилчид зайлшгүй шаардлагатай гэдгийг засгийн газар нь мэдсэн ч мэдээгүй мэт, гомдлыг нь үл тоомсорлодог аж.

Өмнөд Солонгосын нийт хүн амын тал хувь нь нийслэл Сөүл хотод амьдардаг. Гэтэл газар тариалан, үйлдвэрийн төв болсон хөдөө орон нутаг нь тэгш бус хөгжил, хүн ам зүйн доройтолтой нүүр тулаад буй. Ойрын ирээдүйд хот, тосгодын дөрөвний нэг нь алга болох төлөвтэй байна. Тодруулбал, 228 хотын 59 нь алга болох аж. Үүний зэрэгцээ ирэх 40 жилийн хугацаанд хөдөлмөрийн насны хүн ам хоёр дахин буюу 17 сая орчим хүнээр буурна.

Тиймээс Өмнөд Солонгосын засгийн газар энэхүү хоосон орон зайг цагаач ажилчдаар нөхөж буй. Өдгөө 374 мянга орчим мэргэжлийн бус цагаач ажилчин Өмнөд Солонгост хууль ёсны дагуу оршин сууж байна. Тэдний талаас илүү хувь нь Зүүн өмнөд Азиас гаралтай бөгөөд Е-9 визтэй. Е-9 виз нь хөдөө аж ахуй, загасны аж ахуй, үйлдвэрлэл, барилга гэх мэт хүнд салбарт ажиллах виз юм. Энэ визээр ажиллахын тулд мэргэжлийн үнэмлэх юм уу ажлын туршлага шаардахгүй. БНСУ-ын засгийн газар энэ онд 110 мянган Е-9 виз олгохоор шийдвэрлэсэн нь 2004 оноос хойших хамгийн том квот юм. Үүнээс гадна 410 мянга гаруй бичиг баримтгүй ажилчин далд нөхцөлд ажиллаж байна. 

Цагаач ажилчдын хэрэгцээ шаардлага байгаа хэдий ч тэд хөдөлмөрөө мөлжүүлж, нийгмээс гадуурхагдах хялбархан бай болж буйг "The diplomat" хуудас хөнджээ.

Ажил олгогчид нь цагаач ажилчдыг амьдрахад тохиромжгүй газар байрлуулах нь түгээмэл байдаг. Тайландаас ирсэн нэгэн ажилчин гахайн хашаанд амьдарч байгаад хүхэрт устөрөгчийн хордлогод өртөж нас барсан тохиолдол энэ оны гуравдугаар сард гарав. Түүнчлэн Камбожийн иргэн 2021 онд хуванцар хүлэмжинд хөлдөж нас барсан тохиолдол ч гарсан. Угтаа бол энэ хэргийн дараа Өмнөд Солонгосын засгийн газраас цагаач ажилчдыг байршуулахтай холбоотой бодлого гаргасан юм. Зөвшөөрөлгүй барилга байгууламжид ажилчдыг хуваарилсан тохиолдолд ажил олгогчийн өргөдлийг хүчингүй болгоно гэж уг бодлогод заасан боловч энэ нь хэрэгжихгүй байна. Зөвшөөрөлтэй барилга байгууламж гэдэг нь орон нутгийн засаг захиргаанаас зөвшөөрсөн түр барилгууд аж.

Цагаач ажилчдын 20 орчим хувь нь нимгэн ган хавтан, сүүдэрлэх тор төдийхөнөөр бүтсэн оромжид амьдардаг. Мөн 60 гаруй хувь нь тээврийн чингэлэгт амьдарч байна.

Ажил олгогчдод цагаач ажилчдын цалингийн 20 хүртэлх хувийг суутган авахыг хуулийн дагуу зөвшөөрсөн байдаг. Зарим ажилчин сар бүр бараг 400 ам.доллар суутгуулдаг аж. Тиймээс байр саванд мөнгө зарцуулахгүй байх тусам ажил олгогчид ашигтай. Ажил олгогчид цагаач ажилчдыг ажлын байран дээр нь эсвэл ажлын байрных нь ойролцоо байрлуулахыг илүүд үздэг. Ингэснээр цагаач ажилчид эздийнхээ 24 цагийн хяналтад байх ба үүний үр дүнд хэтрүүлэн ажиллахаас өөр аргагүй болдог аж. Мөн ажил олгогчийн зүгээс янз бүрийн хүчирхийлэл үйлдэх тохиолдол ч байна.

Эмэгтэй цагаач ажилчдын дунд явуулсан судалгаагаар тэдний 12 орчим хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан болохыг тогтоожээ.

Энэ мэт нөхцөл шалтгааны улмаас цагаач ажилчдыг ажил олгогчоосоо тусдаа орон сууцанд амьдрах нь дээр гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллага зөвлөдөг. Ингэхгүй бол ажилчид гадны тусламжаас тусгаарлагдаж, ажил олгогчийнхоо хүслээр амьдрах юм.

Үүнээс гадна E-9 виз нь цагаач ажилчдыг урхинд оруулах нь ч бий гэнэ. Тодруулбал, аль нэг ажил олгогч тухайн ажилтныг ажилд авахаар шийдсэн үед л визээ авдаг. Энэхүү анхны ажлаа үргэлжлүүлэн хийх эсэхээс тэдний визний хүчинтэй хугацаа хамаардаг. Хүчирхийлэлд өртсөн ч юм уу ямар нэг шалтгаанаар ажилчин E-9 статусаа өөр ажил олгогч руу шилжүүлэх, эсвэл оршин суух хугацаагаа сунгахын тулд анхны ажил олгогчоосоо хууль ёсны зөвшөөрөл авах ёстой. Эс бөгөөс хууль ёсны оршин суух эрхээ алддаг тул ажил олгогчдынхоо өмнө саймшрахаас өөр сонголтгүй үлддэг ажээ. 

Цагаач ажилчин халдлагад өртсөн, эсвэл амьдралын нөхцөл нь тааруу байсан зэрэг нь нотлогдвол ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр өөр ажил олох боломжийг Өмнөд Солонгосын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн яам олгодог. Гэсэн хэдий ч цагаач ажилчин хөдөлмөрийн гомдол хүлээн авах төвд хандлаа гэхэд тус төв нь эргээд ажил олгогч руу холбогдож, ярилцсаны эцэст бүх зүйл сайн, ямар ч асуудалгүй байна гэсэн дүгнэлтэд хүрдэг аж. Хэлний бэрхшээлийн улмаас ихэнх ажилчин давж заалдахаас татгалздаг юм байна.

Мэдээж бичиг баримтгүй цагаач ажилчид үүнээс дор нөхцөлд байна. Тэд хүчирхийлэлд өртлөө гэхэд Хууль зүйн яаманд саатуулагдаж, улмаар нутаг буцах болдог. Заримдаа Хууль зүйн яам нь бичиг баримтгүй ажилтнуудыг баривчлахын тулд зориуд соёлын арга хэмжээ, шашны байгууламж руу дайрах тактик ашигладаг аж. Ийм тактик ашиглан энэ онд 25 мянган бичиг баримтгүй ажилтныг бариж, нутаг буцаасан байна.

Цагаач ажилчидтай хийж буй ширүүн тэмцэл нь соёл, эдийн засгаараа ялгарсан хүчирхэг гүрэн болох гэсэн амбицад нь сөргөөр нөлөөлж байна. Солонгос мөрөөдөл тээн ирэгсэдийн урам хугарах болов. НҮБ-ын зүгээс Өмнөд Солонгосыг цагаач ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалахыг уриалсан. Өмнөд Солонгосын экспортын бүтээгдэхүүний цаана цагаач ажилчид байдаг гэдгийг дэлхий нийт аажмаар ойлгодог болж байна гэж "The diplomat" хуудас дүгнэжээ.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ХарамсалтайХарамсалтай
17
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж